Өөрөө унасан хүүхэд уйлдаггүй
Михаил Саакашвилли
2014.10.09

Өөрөө унасан хүүхэд уйлдаггүй

Саяхан Гүржийн “Алиа” сонин “Үндэсний нэгдсэн хөдөлгөөн” намын толгойлогч, Гүржийн ерөнхийлөгч асан Саакашвиллид АНУ-ын эрх баригчид ажлын виз олгохоос татгалзсан тухай мэдээлсэн билээ. Хэвлэлийнхний ярьж буйгаар Саакашвилли АНУ-аас улс төрийн орогнол хүссэн ч цаадуул нь татгалзсан бололтой. Цаг сайхан байхад, Саакашвилли төрийн эрхэнд байхад түүнийг АНУ-ын Сенатын танхимд алга ташин угтаж байсан удаа бий. Хэрэв дээрх яриа үнэн бол Гүржийн “Өнгөт хувьсгал”-ын толгойлогчийн хүндхэн цаг иржээ.

Саакашвилли АНУ-д ажиллах виз авах санаатайгаа New York Times сонинд өгсөн ярилцлагадаа дурьдсан. Визний бичиг баримтыг есдүгээр сарын 20 нд өгсөн. Одоохондоо Саакашвилли дурсамж номоо бичиж, сенатор Джон Маккейн, Холбооны мөрдөх товчооны хуучин дарга Дэвид Петрэус, Францын ерөнхийлөгч асан Николя Саркози зэрэг барууны найзуудтайгаа харилцаад завгүй байгаа. Хэрэв виз гарвал тэрээр Манхэттен дахь Вильямсбургт суурьших бодолтой байгаа аж. Өнгөрсөн онд Саакашвилли нэлээд нэр хүндтэй их сургууль болох Тафтсат багшаар орж, түүнд тусгайлан “өндөр зэрэглэлийн төрийн албан хаагч” гэсэн албан тушаалыг бий болгосон байна. Хэдийгээр тэр цаашдаа оюутнуудтай ажиллахыг хүсч байгаа ч New York Times сонины мэдээлснээр тус сургууль Саакашвиллитай хамтарч ажиллахаас татгалзсан байна.

Америкчууд виз олгохоос татгалзсан нь Саакашвилли болон түүний нөхөд олон тооны гэмт хэрэгт татагдсантай холбоотой гэж үзэж байна. Гүржийн ерөнхий прокурор Саакашвиллиг улсын тусгай хамгаалалтын албаны төсвөөс 8,8 сая лари (таван сая гаруй доллар) завшсан хэрэгт буруутгаж байгаа. Энэ хэргийнхээ төлөө Саакашвилли 11 жил шоронд суух магадлалтай. Түүнээс гадна улс төрийн өрсөлдөгчиддөө халдсан хэрэг ч бий. Эх орондоо эрэн сурвалжлагдаад буй экс-ерөнхийлөгч ямар ч буруугүй хэмээн мэдэгдэж байгаа. Түүнчлэн Гүржийн Прокурорын газар Саакашвилли болон түүний хамаатнуудын банкан дахь данс, эд хөрөнгийг хураах шийдвэр гаргасан.

Саакашвилли Украйны нийслэл Киевт. 2013.12.07

Гэвч Саакашвиллийн өмгөөлөгч Отара Кахидз мань хүнд банкны данс байхгүй гэж мэдэгдэв. Хэрэг мөрдөж эхлэх үед Саакашвиллийн ойр дотныхны залилсан мөнгө найман тэрбум доллар буюу Гүржийн хоёр жилийн төсөвтэй тэнцэнэ гэсэн тооцоо гарсан. Саакашвиллийн хуучны анд, батлах хамгаалахын сайд байсан Ираклий Окруашвили булхай нь илрээд ирэнгүүт Франц руу зугтан гарч Саакашвилли хоёр тэрбум орчим долларыг улсаас хулгайлсан хэмээн нөгөөдөх рүү хэргийг “чихэв”.

Түүгээр зогсохгүй өнгөрсөн есдүгээр сард дээр дурьдсан “Алиа” сонинд Саакашвилли төрийн эргэлт хийхээр зэхэж буй талаар мэдээлэл гарсан. Тус сонинд Гүржийн дотоод хэргийн яамны сайд Александр Чикаидзе ярилцлага өгсөн бөгөөд тэрээр Саакашвилли “Үндэсний нэгдсэн хөдөлгөөн”-ий гишүүдийг хуралдуулсан гэж ярьжээ. Сайдын хэлснээр уг хурал дээр экс ерөнхийлөгч 500 хүнээс бүрдсэн шуурхай групп байгуулж, түүгээрээ улс орон дахь аливаа жагсаал цуглаан, эсэргүүцлийн хөдөлгөөнийг дарж, цагдаа нарыг өдөөн хатгах санаатай байсан ажээ. Ам нээвэв уушиг нээ гэдэг зарчмаар Чикаидзе нь Саакашвилли түргэн тусламжийн ажилтнуудын эсрэг хуйвалдаан зохиож, түүгээрээ дамжуулан Засгийн газрын эрүүл мэндийн салбарт хийж буй ажлыг санаатай унагаахыг завдсан гэж мэдэгдэв.

Харин Үндэсний хөдөлгөөний гишүүд өнөөгийн эрх баригчдыг Саакашвилли болон түүний ойр дотныхныг мөрдөж мөшгөж байна хэмээн буруутгадаг. Тэдний үзэж буйгаар засгийн эрхэнд гэмт хэрэгтнүүд гарч ерөнхийлөгчийг унагасан аж. Гэхдээ Саакашвиллиг бяц гишгэх зорилгодоо улайрсан одоогийн эрх баригчид ажилгүйдэл, эдийн засгийн зогсонги байдал, үнэ болон гэмт хэргийн өсөлт гэсэн бодит асуудлыг шийдэхгүй байсаар байгаа нь үнэний хувьтай.