669 хүүхдийн аав буюу "Британи Шиндлер"
Энэ сарын 28 нд Чехийн ерөнхийлөгч Милош Земан дэлхийд “Британий Шиндлер” хэмээн алдаршсан, эдүгээ 105 настай Николас Уинтонд төрийн дээд шагнал Цагаан Арслангийн одонг гардуулна. 1939 онд Лондонгийн залуу брокер тэр үед нацист Германы хяналтанд байсан Чехословакаас 669 хүүхдийг авч гарснаар амийг нь аварчээ. Уинтон АНУ, Их Британи, Чехид хамгийн хүндтэй хүмүүсийн нэг бөгөөд түүний тухай хэд хэдэн кино бий.
1938 оны 12 дугаар сард 29 настай Уинтон Вестминстерскийн дунд сургуулийн багш дотны нөхөр Мартин Блейктэй Швейцар луу амрахаар явжээ. Гэнэт Блейк Праг руу явахыг санал болгов. Уинтон зөвшөөрч нацистууд Чехословакт чухам юу хийж буйг үзэхээр иржээ.
Прагт дүрвэгсэд олон байлаа. Прагт хамаатан садангүй хүмүүсийг дүрвэгсэдийн лагерт байрлуулсан байв. Тэдний ямар хэцүү нөхцөлд амьдарч буйг харсан хоёр залуу туслахаар шийджээ. Тэгэхэд Чехословакад Австри, Германтай адил еврейчүүдийг олноор нь хөөн гаргаж байсангүй.
Их Британи ч еврейчүүдийг хүлээж авахад бэлэн байв. Гэхдээ нэг асуудалтай. Томчуудын визний төлбөр хүүхдүүдийнхээс дөрөв дахин их байжээ. Тиймээс юун түрүүнд хүүхдүүдээ англи гэр бүлд өгөх найдлага тавьж байлаа.
Уинтоны байрласан зочид буудал руу өглөөнөөс орой болтол хүүхдүүдийнхээ зураг, бичиг баримтыг барьсан эцэг, эхчүүд цуврав. Англи хэл мэдэхгүй нэг хэсэг нь Уинтоныг германаар ярьдаг гэж айцгааж байв. Тэднийг тайвшруулахын тулд Уинтон “Би бол Их Британы иргэн. Би германаар ярьдаггүй” гэсэн үгийг цээжлэв.
Николас Уинтон Ливерпуль-стритийн галт тэрэгний буудал дээр "Уинтон" галт тэрэгний дэргэд
Хоёр долоо хоногийн дараа Уинтон Лондонд ирж хүүхдүүдийг авчрах ажлаа эхлүүлэв. Хүүхдүүдийн бичиг баримтыг өгөлгүй удаад эхлэхээр нь хуурамчаар хийв. Тэр сайн дурын байгууллагуудаас санхүүжилт авахыг хичээж байлаа. Түүний хичээл зүтгэлийн үр дүнд хүүхэд болгон 50 фунт стерлинг (өнөөдөр 2500 фунт) авав.
Өргөж авах эцэг, эхчүүдийг хурдан олохын тулд хүүхдүүдийн зургийг The Picture Post сэтгүүлд хэвлүүлэв. Хожим Уинтоны охин Барбара Уинтоны ярьснаар ажил тун удаан урагшилж байв. Хүмүүс еврей хүүхэд үрчилж авахаас дургүйцэж байлаа. Хариуд нь Уинтон “Та нарт амьд биш, үхсэн еврей хүүхэд таалагдаж байна уу” гэсэн хорон үг хэлдэг байлаа.
Еврей хүүхдүүдийг суулгасан анхны галт тэрэг гуравдугаар сарын 14 нд Прагаас хөдлөв. 1939 оны наймдугаар сарын эцэс гэхэд найман галт тэрэг нийт 669 хүүхэд авч гарсан байлаа.
Тэдний нэг Сьюзанн Медас 10 настай байв. Тэрээр “Бид долдугаар сард Лондоны Ливерпуль-стритэд ирсэн. Бидний мөрөн дээр номер, очих газрын хаяг хадсан байсан юм. Яг л илгээмж шиг. Миний мөрөн дээр “Кембридж” гэсэн бичиг байв. Учир нь намайг өргөж авах хүмүүс тэнд амьдарч байсан юм. Хоёр сарын дараа дайн эхэлсэн. Эхэндээ Прагаас ээж, аав маань захидал бичдэг байсан ч дайн эхлэнгүүт захиа ирэхээ больчихсон” гэж хожим дурсжээ.
Еврей хүүхдүүд
Харин тэр үед зургаан настай байсан Альфред Дабс “Одоо болтол миний нүдэнд тэр үеийн Прагийн төмөр замын буудал харагддаг. Хүүхдүүд, эцэг, эхчүүд, хас тэмдэг зүүсэн герман цэргүүд. Дараа өдөр нь бид Голландад ирэхэд юмны зах зухаас ойлгох болсон зарим нэг хүүхэд “Германчуудаас холдож амарлаа” хэмээн ярьж байв. Харин би тэдний ярианаас юу ч ойлгоогүй. Олон жилийн дараа би учрыг нь олж юу болсон, Уинтон ямар том гавьяа байгуулсныг ойлгосон юм. Би түүнд амьдралаараа өртэй. Миний эцэг, эх дайнаар амьд үлдсэн ч олон хүүхэд ээж, ааваа дахиж хараагүй” гэж ярьжээ.
Хамгийн сүүлчийн ес дэх галт тэрэг есдүгээр сарын нэгэнд хөдлөх ёстой байлаа. Гэвч уг өдөр нацист Герман Польш, Чехословакад халдсан учир хил хаагджээ. Сүүлчийн галт тэргэнд суух байсан, ах, эгч нь Лондонд түрүүлж очсон 250 хүүхдийн хувь заяа тодорхойгүй. Тэднийг бөөнөөр хорих лагерт амь үрэгдсэн гэж үздэг.
Олон нийт Уинтоны байгуулсан гавьяаг дайн дууссанаас хойш хэдэн арван жилийн мэдсэн юм. Түүний нэгэн найз гэр бүлийн архивт байсан аврагдсан хүүхдүүдийн нэрсийн жагсаалтыг “Би-Би-Си” телевизэд өгсөн байна. 1988 оны хоёрдугаар сарын 27 нд Уинтон “That's Life!” нэвтрүүлэгт оролцов. Нэвтрүүлэгт түүний 1939 онд аварсан хүмүүс иржээ.
Эдүгээ дэлхий даяар Уинтоны аварсан хүүхдүүдийн үр удам зургаан мянгад хүрчээ. Охин Барбара Уинтоны ярьснаар Уинтон олон хүний хувьд хоёрдугаар дайны үед үрэгдсэн тэрхүү “аав” нь болж үлджээ.
105 настай Николас Уинтон Беркширт амьдардаг бөгөөд ямар нэгэн өвчин хуучгүй.
2008 оноос эхлээд Чехүүд түүнийг Нобелийн энх тайвны шагналд нэр дэвшүүлээд байгаа.