НҮБ-д ардчилал алга
НҮБ-ын далбаа
2014.10.03

НҮБ-д ардчилал алга

Дэлхийн хоёрдугаар дайнаар хүн төрөлхтөн 45 сая хүнээ шороонд булж, хот тосгодоо үнсэн товрог болгосон. Гэхдээ хотууд хэдхэн жилийн дотор сэргэсэн. Шарх эдгэж, шаналал мартагдав. Европт эрх чөлөө, ардчиллын суурь тогтож, Гитлер, Муссолин шиг дарангуйлагчид гарч ирэх боломжгүй болсон. Фашизм мөхөв. Дэлхий ертөнцөд ардчилал, эрх чөлөөг тунхаглав. Итали улс Европын ардчиллын билэг тэмдэг болж чадаагүй ч хуучин тивийн найрсаг ард түмэн хэвээр үлдсэн. Тэр байтугай дайнд ичгүүртэйгээр ялагдсан Япон хүртэл атомын бөмбөгний гашуун түүхийг зөвхөн ойн өдрүүдээр дурсан санах төдий.

Дэлхийн хоёрдугаар дайн зөвхөн музей, уран зохиол, кинонд амилдаг. Эцэст нь дэлхийн хоёрдугаар дайны үр дүн болсон НҮБ-ын танхимд. НҮБ-ыг дэлхийн дайныг ахиж гаргахгүй байхын тулд байгуулсан. Гэвч уг байгууллага дайны ялагчдаас бүрдсэн бүтцийнхээ хүрээнээс хальж чадсангүй. НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын гишүүн болсон таван орон тус байгууллагын аливаа шийдвэрт хориг тавих эрх эдэлдэг.

1940-өөд онд фашизм цэцэглэж байсан улс орнуудад эдүгээ ардчилал хөгжиж байна. Төмөр хөшиг нээгдсэн. Берлины хана нурсан. Арабын хавар эхэлж олон жил ноёрхсон дарангуйлагчид алга болов. Гэвч ганцхан зүйл хэвээр үлдэв. Энэ бол НҮБ-ын бүтэц. Хүн төрөлхтөн ардчиллыг хөгжүүлсэн ч дэлхийн хамгийн том байгууллага болох НҮБ-д ардчиллын салхи орсонгүй.

НҮБ байгуулагдсанаас хойш байнгын таван гишүүн орон хориг тавих эрхээ нийт 269 удаа ашиглажээ. Бүх хориг бусад ард түмний хувь заяанд нөлөөлсөн. Аливаа асуудлыг дэлхийн бараг бүх орон нэгэн санаагаар шийдэх нөхцөл бүрдсэн ч Аюулгүйн Зөвлөлийн байнгын ганцхан гишүүн хориг тавибал юуг ч шийдэж чадахгүйд хүрнэ. Ганцхан орны шийдвэр бусад 200 гаруй улсын саналаас хүчтэй гээд бод доо. Үүнийг ямар ардчилал гэх юм бэ? Үнэндээ эдгээр таван орон анх сонгогдохдоо маргаан дагуулж байсан. Нөлөөлсөн ганц зүйл нь дайнд ялсан явдал. Байнгын гишүүдийн хориг тавих эрх улс орнуудын хооронд тэгш бус байдал, ардчилсан бус бүтцийг бий болгож байгаа тухай олон улсын хамтын нийгэмлэгээр зогсохгүй НҮБ-ын хүрээнд ч яригддаг. Гэвч хэрэв хэн нэгэн энэ тухай албан ёсоор яриад эхлэвэл дүлий дүмбэ царайлж ярианы сэдэв өөрчлөгддөг. Эдүгээ НҮБ-ын бүтцийг дэмждэг хүн байхгүй. Гэхдээ байнгын гишүүдийн аль нь ч сайн дураараа эрхээсээ татгалзах, эсвэл бусадтай хуваалцах дургүй. Олон улсын харилцаа гэдэг ийм л энгийн, болхидуу байдаг аж.

Дэлхий гэдэг бол НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын гишүүн таван орон биш.

Хүмүүс олноороо алуулж, нэг ард түмэн нөгөөгөө хомроглон устгах болгонд “ахиж хэзээ ч ...” гэж байнга тунхагладаг. Руанда, Босни, Шри-Ланк, Сири, Газын зурваст болсон үйл явдлын дараа ч ингэж л ярьж байсан. Гэсэн ч энэхүү “дахиж хэзээ ч ...”-ийг хэрэгжүүлэх амьдралд нийцэх бодитой саналыг хэн ч гаргаж тавьдаггүй. Харин дэлхийд хамгийн ихээр зэвсэг үйлдвэрлэдэг дээрх таван орны зөвхөн нэгнийх нь санал бүхнийг шийднэ гэдэгт хэн ч эргэлздэггүй.

Нөгөө талаас хүйтэн дайн дууссаны дараа НҮБ-ын үүрэг улам нэмэгдсэн. Олон улсын цөөнгүй асуудалд НҮБ зуучлагчийн чухал үүрэг гүйцэтгэсэн. Үүнийг үгүйсгэж болохгүй.

Хэдийгээр шүүмжлүүлдэг ч НҮБ-д бусдын төлөө чин сэтгэлээсээ ажилладаг эрэлхэг хүмүүс бий. Ялангуяа дэлхийн өнцөг булан бүрт амьдралынхаа олон арван жилийн туршид тусгай даалгавар биелүүлж дүрвэгсэдийн лагер, хямралтай бүс нутгуудад, амьдралын ямар ч тав тухгүй газарт ажилладаг хүмүүсийг онцлох хэрэгтэй. Харамсалтай нь НҮБ-ын бүтэц ажилтнуудынхаа байгуулсан гавьяаны эсрэг байдаг.