Японы хэвлэл: Монгол улс Орос, Хятадын хараанд оров
Монгол хэзээ ч Хятадын радараас гарч байгаагүй.
2014.10.20

Японы хэвлэл: Монгол улс Орос, Хятадын хараанд оров

Сүүлийн үед хоёр хөршийн маань төрийн тэргүүн нар манай улсад ээлж дараалан айлчилж нийгэм, эдийн засгийн төрөл бүрийн салбарт хамтын ажиллагаанд мэдэгдэхүйц ахиц гарсан. Энэ үйл явдлыг гуравдагч орны төлөөлөл болох Японы хэвлэлийнхэн тийм ч таатай хүлээж авсангүй. Уншигч та бүхэнд Японы JB Press сонины сэтгүүлч Юкиясу Араигийн (Yukiyasu Arai) бичсэн нийтлэлийг хүргэе.

Зах зээлийн эдийн засаг, ардчиллыг хөгжүүлж буй Монгол улс Япон, АНУ-аас дахин холдож байх шиг. Есдүгээр сарын 11-нд Душанбед болсон Шанхайн Хамтын ажиллагааны байгууллагын (ШХАБ) хурал дээр Монгол улс Орос, Хятадтай гурван талын хэлэлцээ хийв. Сүүлийн үед Монгол нь ШАХБ-ын бүрэн эрхт гишүүн болж магадгүй гэсэн цуурхал газар аваад байна.

Хятад, Оросын төрийн тэргүүнүүд Монголд айлчлав.

Халхын голын ялалтын 75 жилийн ойтой холбогдуулан Оросын ерөнхийлөгч Путин есдүгээр сарын таванд Монголд ажлын айлчлал хийв.

Үүнээс хоёр долоо хоногийн өмнө Хятадын дарга Монголд айлчилж тус улсад анагаах ухаан, боловсрол, төмөр замын салбарт туслалцаа үзүүлэхээр болсон байна. Хятадын интернет сайтууд одоо болтол уг айлчлалын үр дүнг хэлэлцсээр байна.

1990 онд ардчиллын замыг сонгож, Зөвлөлтийн хараанаас мултарсан Монгол улсын хувьд Хятадаас эдийн засаг, улс төрийн хувьд тусгаар байх нь гадаад бодлогын нэгэн чухал чиглэл юм. Тиймээс Монгол гуравдагч хөршийн харилцааг хөгжүүлсээр ирсэн.

Гэхдээ сүүлийн үеийн улс төрийн нөхцөл байдал, тэр тусмаа Монголын хоёр том хөршийн айлчлалыг аваад үзвэл Монголын эрх баригчид төрийн бодлогын чиглэлээ эрс өөрчиллөө гэсэн дүгнэлт хийж болохоор байна.

ШХАБ-ын уулзалт дээр. Душанбе хот.

Жил ирэх тутам өөрийн байр суурийг бэхжүүлсээр буй Монгол улс эн тэнцүү харьцаж чадахааргүй Хятадтай харилцаагаа өргөтгөх төлөвлөгөөтэй байна. Ингэхдээ Оросыг гурван талын хэлэлцээрт татан оруулах, эсвэл ШХАБ-т элсч дэлхийн тавцанд гарах аргыг ашиглахыг оролдож байна.

Таван жилийн өмнө бичсэн өгүүлэлдээ би Монголын ерөнхийлөгч Оростой дотно харьцах замаар Хятад, Монголын хооронд нийгэм, эдийн засгийн тэнцвэртэй байдлыг бий болгохыг хичээж байна гэж бичиж байсан. Гэвч өнгөрсөн хугацаанд Хятадаас хараат байдал нэмэгдсэнээс багасаагүй.

Гэхдээ Монголын эрх баригчид таван жилийн дотор юу ч хийгээгүй гэсэн үг биш. Тэд гадаадын улс орнуудыг уул уурхайн төсөлд хөрөнгө оруулахыг урих замаар эдийн засгийн аюулгүй байдлаа хангахыг оролдсон.

Хятадууд ховор металлын экспортоо хязгаарлаад эхлэнгүүт Монгол улс Япон болон бусад гуравдагч орнуудтай идэвхтэй харилцах болсон.

Гэтэл явж явж байгалийн баялгаа харамласан үндэсний хөдөлгөөн өрнөж төслийн ажлууд зогссон. Түүнчлэн эрх баригчид Хятадаас болгоомжлохдоо гадаадын хөрөнгө оруулалтыг хязгаарласан хэд хэдэн алдаатай алхам хийснээр дэлхийн хамтын нийгэмлэг Монголд итгэл алдарсан (эдүгээ Хөрөнгө оруулалтын тухай хуулийг засч байгаа).

Монгол орон Япон болон барууны орнуудаас холдож байна

Өнөөгийн улс төрийн нөхцөл байдалд Монгол улс Орос, Хятадтай ойртож буй нь Монгол Япон, Америк, Европтай харилцаагаа муутгана гэсэн үг. Гэхдээ энэ бол аргагүйн эрхэнд хийж буй алхам юм. Үүний зэрэгцээ Монгол бусад орнуудтай тэгш харилцахыг хичээж байна.

Японтой ч мөн адил харилцаагаа хадгалахыг эрмэлзэж Японы хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх бодолтой байгаа. Гэсэн ч Монголын эдийн засгийн аюулгүй байдлыг хангах уг асуудлаар хоёр тал ойлголцоогүй. Өнгөрсөн зургаан сард Ерөнхийлөгч Элбэгдорж Японд ирэхдээ төрөл бүрээр өөрийгөө илэрхийлэхийг оролдож Монгол, Японы хамтарсан эдийн засгийн формуудад оролцов. Түүний эдийн засгийн хамтын ажиллагааны чиглэлээр ямар алхам хийх гэж буй нь сонирхолтой.

Элбэгдорж Хятадуудын хулгайлсан япон иргэдтэй холбоотой асуудлыг шийдсэн нь түүний сүүлийн үед гаргасан амжилтуудын нэг байлаа. Өнгөрсөн гуравдугаар сард Мэгуми Ёкота Монголд өөрийн ач хүүтэй уулзав. Гадаад яам албан ёсоор мэдэгдэл хийхээс өмнө энэ тухай хэн ч мэдээгүй байсан юм.

Монголчуудын хувьд өөрийн газар нутгийг мөнхөд чамладаг Хятадуудад Монгол нь хэзээ ч Хятадын харъяанд байгаагүй, харин Манжуурын эрхшээлд байсан гэдгийг байнга сануулж байх хэрэгтэй.

Уг үйл хэрэгт Монголын эрх баригчдын гүйцэтгэсэн үүрэг багагүй. Учир нь Япон дахь Монголын элчин сайд өмнө нь Хойд Солонгост Элчин Сайдаар ажиллаж байсан юм. Тэр 2012 оны зургадугаар сард болсон Япон, Монголын форум дээр үг хэлэхдээ Япончуудын Хятадтай холбоотой асуудлыг шийдэхэд тусална гэдгээ онцолсон. Монголчууд амласандаа хүрсэн.

Түүний өмнөх элчин сайд ч бас тодорхой даалгавар биелүүлэх зорилготой Японд ирсэн. Япон хэл төгс мэддэг тэрээр 2006 оноос Элчин сайдаар ажиллаж хоёр орны харилцаанд том хувь нэмэр оруулж, 2011 оны газар хөдлөлтийн үед сэтгэл харамгүй тусласан.

Монголын Элчин Сайдуудын онцлог

2001 оноос Японд элчин сайдаар ажилласан Батжаргал Японд ирэхээсээ өмнө Байгаль орчны сайдаар ажиллаж байсан. Тэр хүрээлэн буй орчныг хамгаалах салбарт хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилготой Японд элчин сайдаар томилогдсон. Иймэрхүү байдлаар Монголын элчин сайдууд ямар нэгэн даалгавартай ирдэг.

Японы хэвлэлийнхэн Си Цзиньпин Монголд айлчилсан нь Японд дарамт үзүүлэх гэсэн зорилготой хэмээн үзэж байна. Хятад дахь япон хэлээр гардаг сонингуудын материалаас харахад ч энэ нь үнэн бололтой. Яагаад гэвэл тэр Хятад, Оросын хооронд хашигдсан Монголд АНУ, Японы нөлөө орохыг хүсэхгүй байгаа. Мөн Монгол улс Хятадын хувьд геополитикийн чухал ач холбогдолтой гэдгээ ойлгоосой гэж хүсэхгүй нь мэдээж.

Монгол хэзээ ч Хятадын радараас гарч байгаагүй. Энэ нь Хятадын цэрэг дайны агуулгатай хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд үе үе гардаг “Монгол бол Хятадын харъяа” гэсэн үгнээс харахад илэрхий.