Хүний газрын бурхнаас өөрийн нутгийн чөтгөр дээр
Ливийн удирдагч агсан, дарангуйлагч Муаммар Каддафи
2014.10.13

Хүний газрын бурхнаас өөрийн нутгийн чөтгөр дээр

Сүүлийн гурван жилийн турш Ливи улс дэлхийн хамгийн халуун цэгүүдийн нэг байсаар ирлээ. Бүх эрх мэдэл нэг хүний гарт төвлөрсөн ч тогтвортой байсан энэ орон эдүгээ хэдэн хэсэгт хуваагдахын босгон дээр байна. Зургаан Засгийн газар солигдсон ч өдий болтол Үндсэн хуульгүй. Олон мянган Ливичүүд эх орноосоо дүрвэн гарахад хүрэв. Газрын тосны ордуудыг булаацалдсан овгууд, шашны бүлэглэлүүд, Муаммар Каддафын хүрээлэлд байсан хуучин түшмэдүүдийн тэмцэл үргэлжилсээр.

Үхсэнийх нь дараа Ливи улс “Газрын дундад тэнгисийн Сомали” болж хувирна гэсэн хурандаа Каддафын зөгнөл биеллээ олж байна. 2011 онд эхэлсэн иргэний дайн дуусах шинжгүй. Газрын тосны тэмцлээс гадна хар тамхины наймааг хяналтандаа авах гэсэн янз бүрийн бүлгийн мөргөлдөөн байдлыг улам дортгож байна.

Ливи улсад эмх замбараагүй байдал (хаос) газар авсаар. Каддафын 42 жил төрийн эрхэнд байхдаа байгуулсан тэр системээс юу ч үлдсэнгүй. Барууны сэтгүүлчид “Каддафи хувь хүний хувьд адармаатай байсан бөгөөд 40 гаруй жилийн турш Ливийг толгойлохдоо үндэсний ашиг сонирхлыг өөрийн улс төрийн бодлоготой чадварлаг уялдуулж чадсан” гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Эдүгээ олон хүн Каддафын засаглалыг хэтэрхий эрт унагачихав уу, Ливийг “чөлөөлсөн” нь ямар нэг ашиг тус авчирав уу гэж өөрөөсөө асууж байна.

“Ногоон ном”- оор амьдрахуй

Берберийн нүүдэлчдийн ядуу гэр бүлээс гаралтай Муаммар Каддафи нь Гамел Абдель Насерыг шүтэж, улс орноо колонийн дарангуйллаас чөлөөлөхийг мөрөөддөг байлаа. Нэгдүгээр Идрисийг хаан ширээнээс түлхэн унагаж 1969 онд засгийн эрхэнд гарахдаа тэр тархай бутархай овог, угсаатнуудыг нэгтгэх зорилго тавьжээ. Энэ тухайгаа өөрийн бичсэн “Ногоон ном”-доо өгүүлсэн байдаг. Каддафи нь Ардын хороонд үндэслээд ардчиллыг парламент, намгүйгээр байгуулах боломжтой гэж үзэж байв. Тэрээр хувийн өмчийг үгүйсгэж, социалист маягийн үзлийг лалын уламжлалтай хослуулж дөнгөжээ.

Залуу дарангуйлагч Каддафи

Гэвч удалгүй Ливи улсад дарангуйллын систем бүрэлдэв. Каддафи тогтолцоог эсэргүүцсэн олон мянган хүнийг баривчилж, бизнесийн хүрээг боомилж, эдийн засагт газрын тосны олборлолтоос хараат болов. Барууныхан энэ бүгдийг болгоомжтой ажиглаж байлаа. Энэ хооронд Каддафи Африкийн дарангуйлагчидтай холбоо тогтоож, Европ, АНУ, Израйльтай дайсагнадаг алан хядагчдын бүлгийг санхүүжүүлж эхлэв. Түүнчлэн гадны дэглэмийг “арабжуулах” зорилготой “Арабын легион” нэртэй цэргийн бүлэглэлийг байгуулжээ.

1986 онд барууны орнууд болон Ливийн харилцаа бүр муудав. Дөрөвдүгээр сарын таванд Баруун Берлинд байсан Америкийн цэргүүдийн цэнгээний газар дэлбэрэлт болов. АНУ-ын ерөнхийлөгч Рональд Рейган дэлбэрэлтэд Ливийн тусгай албаныхан холбоотойг олж мэдээд Ливийг бөмбөгдөхийг тушаав. Триполи болон Бенгазыг нөмөрсөн бөмбөгдөлтийн үеэр Каддафын дөрвөн настай охин амь үрэгдэв. Хариу болгож 1988 онд Ливийн тусгай албаныхан Нью-Йоркоос Лондон руу нисч явсан онгоцонд бөмбөг тавьжээ. Онгоц Шотландын Локерби хотын дээр дэлбэрч 243 зорчигч, экипажийн 16 гишүүн амь үрэгдэв. 1992, 1993 онуудад НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл Ливийн газрын тосны үйлдвэрлэлд чиглэсэн хоёр ч удаагийн эдийн засгийн хориг тавилаа.

2003 онд Триполийн эрх баригчид онгоц дэлбэлсэн хэргээ хүлээж, түүнчлэн хомроголон устгах зэвсэгээс татгалзсаны дараа НҮБ-ын хориг цуцлагдаж Америк, Ливийн харилцаа зөөлрөв. Ливид гадны компаниуд хөрөнгө оруулж, эрх баригчид Ромтой Итали руу байгалийн хийн хоолой барих гэрээ байгуулав. Каддафи Европын олон оронд хүндтэй зочин болов. Каддафи Италийн ерөнхий сайд асан Сильво Берлусконитай дотно харилцаатай болсон нь Италийн холбоотнуудад таалагдсангүй. Барууны хэвлэл мэдээллийн хэрэгслээр Берлусконий Каддафын гарыг үнсэж буй дүрс бичлэг цацагдаж сенсаци дэгдэв.

Каддафын үхлийн дараа 2012 онд тэр Францын ерөнхийлөгч асан Николя Саркозын сонгуулийн ажлыг ивээн тэтгэдэг байсан мэдээлэл олонд дэлгэгдэв.

Барууны тусламж

2011 оны гуравдугаар сард, Ливид иргэний дайн эхэлснээс жилийн дараа Франц, Их Британи хоёр Каддафи болон босогчид хоорондын мөргөлдөөнд хутгалдав. Дээрх хоёр улсын санаачлагаар НАТО босогчдыг дэмжиж байлаа. Өнөөдөр Ливийн хэвлэлийнхний бичиж буйгаар хэрвээ барууныхан босогчдод туслаагүй бол Каддафи бослогыг дарах байсан аж. Гэвч дарангуйлагч төрийн эргэлтээр эрх мэдлээ алдаад зогсоогүй харгисаар алуулсан билээ.

Ингэснээр барууныхны дотор онгойж НАТО даалгавраа гүйцэтгэсэн хэмээн үзэж Ливийг орхин гарсан. Өнөөдөр судлаачид барууныхан Ливийн хэрэгт хөндлөнгөөс оролцсон нь маш том алдаа болж, Европчууд болон америкчууд Каддафыг оролдолгүй орхисон нь дээр байсан гэдгийг ойлгосон хэмээн үзэж байна. Эмх замбараагүй болсон Ливи улсад газрын тосны олборлолт эрс буурав. Барууны орнууд ч Ливээс нүүр бууруулав. Тэгээд ч ямар дэглэмтэй байхаас үл хамаараад Ливи улс тэдний хувьд онцын ач холбогдолгүй. Геополитикийн хувьд Ливи нь Сири, Палестин, Израйльд болж буй үйл явдалд нөлөөлөхгүй учраас энэ орныг зүгээр л мартаж орхисон.

Муаммар Каддафын засгийн газрын гишүүд

Эдүгээ Барууныхан өрсөлдөгч талуудыг эвлэрүүлэхэд санаа тавихгүй байгаа. The Independent сонины сэтгүүлч Патрик Кокберны: “2011 онд хамгийн их идэвх гаргаж дайн эхлүүлж байсан тэр улсууд өнөөдөр Ливид ямар ч анхаарал хандуулахгүй байна” гэж бичжээ.

Өнгөрсөн зургадугаар сард Ливийн ерөнхий сайд Абдалла Абдуррахман аль-Тани дэлхийн хамтын нийгэмлэг, НАТО-гоос тусламж хүсч босогчдын лагерыг бөмбөгдөхийг хүсчээ. Гэтэл үүний оронд барууны орнууд Ливи дэх өөрийн дипломатууддаа тус орныг түргэн орхиж гарахыг тушаажээ. Германий дотоод хэргийн сайд Ливид болж буй үйл явдлыг “маш адармаатай, тодорхойгүй хэрэг” гэж тодорхойлов. Харин Францын эрх баригчид тэнд байгаа иргэддээ түргэн эх орондоо ирэхийг захив. АНУ, Франц, Испани, Канад, ОХУ, Хятад улсууд Триполи дахь Элчин сайдын яамдаа хаав. Олон мянган гадаадын ажилчин, мэргэжилтэн нутаг буцлаа.

Дарангуйлагчгүйгээр ...

Дарангуйллаас ардчилалд шилжих оролдлого бүтэлгүйтэв. Каддафитай тэмцэлдэж байсан хүчнүүд эдүгээ хоорондоо таарахгүй байна. Бүх Ард түмний Конгресст Лалын ахан дүүс болон Үндэсний Хүчний Альянс хоёрын дунд тэмцэл өрнөв. Аажмаар лалын ахан дүүс ялалт байгуулж төрийн бүх шатны ажлыг дангаараа эрхлэв болов. Засгийн эрхэнд гарсан тэд 2013 оны төгсгөл гэхэд ард олны дунд нэр хүндээ алдаж 2014 оны зургадугаар сард болсон сонгуулиар Альянсыг дэмжигчид парламентад олонхийн суудал авлаа. Үр дүнд нь лалын бүлэглэл хүчирхийллийн аргаар засгийн эрхийг авахаар шийдэв.

Лалын бүлэглэлүүдийн бөмбөгдөлтийн улмаас нефтэн бүтээгдэхүүний том агуулах шатаж Ливийн нийслэл экологийн болоод хүмүүнлэгийн сүйрлийн ирмэгт ирэв. Триполи хотод ус, цахилгаан, шатахуун, интернет байнга тасрах нь энүүхэнд.

Эдүгээ Ливи улс нөлөөллийн бүсүүдэд хуваагдсан. Хүнд нөхцлөөс гарах гарц олоход хэцүү. Төвлөрсөн ардчилсан төр байгуулах нь юу л бол. Дарангуйлаллын тогтолцоо ч бас боломжгүй. Учир нь хүчирхэг лидер гарч ирээгүй. Харин 60 жил оршин тогтносон энэ улс газрын зурагнаас алга болох магадлал өндөр байна.