Германд еврейг үзэн ядах үзэл дахин сэргэв
Берлин дэх Израйлийн Элчин Сайдын Яамны гадна болсон жагсаал
2014.10.16

Германд еврейг үзэн ядах үзэл дахин сэргэв

Германд үйл ажиллагаа явуулдаг Еврейн байгууллагуудын хувьд түгшүүрийн харанга дэлдэж эхэллээ. Германы нийгэмд еврейг үзэн ядах үзэл дахин сэргэв. Олон жил нацизмын хор хөнөөлийг сурталчилж, эрх баригчид Гитлерийн аймшгийг дахин гаргахгүй гэж амласан ч Германд амьдрагч еврейчүүдэд санаа түгших шалтгаан багагүй байна. Үүний нэг илрэл болж иудейн Йом-Кипур баярын үеэр Германд бүх еврейн сүмийн гадна зэвсэглэсэн харуул тавих шийдвэр гарчээ.

2012 онд найруулагч Уве Болл “Үхлийн завод” нэртэй баримтат кино хийсэн. Уг кинонд оролцсон Герман сургуулийн сурагчдын яриа насанд хүрэгчдийн хувьд гэнэтийн зүйл болов. Нэгэн охин “Еврейн устгал” гэж юу болохыг тайлбарлаж ядахдаа: “Гитлер еврейчүүдийг алдаг байсан. Нэг хэцүү газар байсан гэж дуулсан (бөөнөөр хорих лагер). Нэрийг нь мартчихаж” хэмээн ярьж байна. Өөр нэгэн герман охин “Еврейчүүдийг албадан ажиллуулсан юм шиг байна лээ. Ажилдаа туйлдаад эхлэхээр нь бөөнөөр нь хоридог байсан гэнэ лээ. Өөр зүйл мэдэхгүй” хэмээн мөрөө хавчиж байв.

Nie Wieder буюу “дахин хэзээ ч ...” хэмээх тунхагийг үндэсний үзлийн нэг хэсэг болгосон Германы залуу үе “Еврейн устгал ” (холокост) гэж чухам юу болохыг сайн мэддэг байх ёстой. Гэвч бодит амьдрал дээр байдал өөр байна.

“Еврейн шарилыг хөндсөн хэн бүхэн манай соёлыг гутааж байна. Еврейн сүм рүү дайрсан хүн болгон бидний эрх чөлөөт нийгэмд халдаж байна”. Энэ үгийг Германы Канцлер Ангель  Меркель өнгөрсөн есдүгээр сарын дундуур Бранденбургийн хаалганы дэргэд болсон цуглааны үеэр хэлсэн. Уг арга хэмжээнд Германы ерөнхийлөгч, сайдууд болон бусад улс төрийн чухал албан тушаалтнууд оролцов.

Вуппертал хотод оршдог халдлагад өртсөн Еврейн сүм.

Сүүлийн үед еврейн эсрэг хэд хэдэн таагүй үйл явдал болсон учир Германы еврейчүүдийн Төв зөвлөл уг цуглааныг зохион байгуулжээ. Вупперталд оршдог еврейн соёлын төв рүү халдаж, шатамхай бодис бүхий лонхоор барилгыг “бөмбөгдсөн нь” еврейчүүдийг түгшээсэн хамгийн дуулиантай хэрэг болов. Уг хотын еврейн сүмүүд нацистуудаас хойш анх удаа халдлагад өртсөн нь энэ. Түүнчлэн Эссен, Штутгарт болон өөр хэд хэдэн хотод еврейн сүмд халдах гэсэн оролдлого гарч цагдаа нарын хүчээр аюулаас мултарсан байна. Түүнээс гадна өнгөрсөн зун еврей рүү дайрсан олон тооны гудамжны хэрэг гарчээ.

Эдгээр явдлын дараа Америкийн еврейчүүдийн хорооны Берлиний хэсгийн дарга Дейдр Бергер Бундестагийн гишүүдэд захидал бичиж еврейг үзэн ядах уур амьсгал газар авч байгаатай холбоотой үүнтэй хатуу тэмцэхийг эрх баригчдаас шаарджээ.

Германы лалын шашинтнууд еврейг үзэн яддаг

Израйль улс Газын зурваст “Асга” нэртэй цэргийн ажиллагаа явуулсны дараа Германы лалын шашинтнууд Еврейчүүдийг зүйл бүрээр харааж, Израйлийн эрх баригчдын хийсэн үйлдлийн хор уршгийг бүх еврейчүүд амсах ёстой гэж үзэж байлаа. Улмаар тэд жагсаал зохион байгуулж “Аллах Акбар” (Аллах Аугаа) гэсэн тунхагийн зэрэгцээ “Еврейчүүд үхвэл таарна”, “Германаас зайл”, “Еврейчүүд бол хулчгар гахайнууд” хэмээн хашгирч байв.

“Герман хотын гудамжуудаар “Еврейг хорт хийгээр утаж, хоолойг нь огтолж, шатаах хэрэгтэй” гэж хашгирч байна. Ийм зүйл би хэзээ хараагүй” хэмээн Германы еврейчүүдийн Төв зөвлөлийн тэргүүн Дитера Грауманна гайхан ярьж байна. Грауманна өөр нэгэн ярилцлагадаа Газын зурваст явуулсан цэргийн ажиллагаа, эдүгээ газар аваад буй еврейн эсрэг уур амьсгалыг холбон тайлбарлахдаа: “Энэ бол зөвхөн шалтаг. Дотроо хадгалж байсан бодлоо ил гаргах шалтаг” гэжээ.

Өмнө нь еврейг үзэн ядах үзэгдэл Германд ажиглагдаж байсан ч гудамжинд жагсах хүртэл хэмжээнд хүрч байгаагүй учир Германы эрх баригчдын хувьд гэнэтийн зүйл боллоо. Одоохондоо тэд өөдтэй шийдвэр гаргаагүй. Нөгөө л хуучин аргаараа хүүхэд, залуучуудын хүмүүжлийг сайжруулах хэрэгтэй хэмээн мэдэгдэж байна. Юун түрүүнд “Еврейн устгал” гэж юу болохыг сайн ойлгуулна гэнэ. Гэхдээ өмнө нь энэ тухай өчнөөн зааж сургаж байсан хэрнээ яагаад еврейг үзэн ядах үзэл ийм хүчтэй байна вэ гэдэг асуултад хариулт алга.

Цуглаанаар асуудлыг шийдэхгүй

Ангель Меркелийн оролцсон цуглаан Герман дахь лалын шашинтнуудын еврейг үзэн ядах уур амьсгалыг өөрчилсөн эсэх нь тун эргэлзээтэй. Хэдийгээр уг цуглаанд төрийн өндөр дээд албан тушаалтнууд оролцсон ч нийт цуглагсадын тоо сэтгэгдэл төрүүлэхээргүй.

Бранденбургт болсон цуглаан

Deutsche Welle сонины ерөнхий редактор Александр Кудашефф: “Еврейг үзэх ядах үзлийг эсэргүүцэж 6000 хүн цуглав. 6000 хан мянга шүү дээ. 1992 онд Германы иргэд лаа барин арьс өнгөний үзлийг эсэргүүцэн жагсахад сая гаруй хүн цугласан. Гэвч энэ удаа дөнгөж зургаан мянга. Германы улс төрийн хүрээнийхэн, Канцлер, сайдууд, үйлдвэрчний эвлэлийн зүтгэлтнүүд, католик болон протестант сүмийн төлөөлөл. Тэгээд л болоо. Тэд бүгд Еврейн төв зөвлөлийн урилгаар ирсэн. Харин нийгэм дунд тийм санаачлага гарсангүй” гэж бичжээ.

Харин энэ бүхнээс Германы еврейчүүд нэг л дүгнэлт хийв. Тэдний тайван амьдрах боломж багасч байна. Тиймдээ ч Йом-Кипур баярын үеэр зэвсэгтэй харуул тавих шийдвэр гарчээ.