Эх газраа эсэргүүцсэн арал
Хонконгийн Засгийн Газрын ордны гадна
2014.10.14

Эх газраа эсэргүүцсэн арал

Хонконгийн иргэд Хятадын эрх баригчдын улс төрийн бодлогод дургүй байдгийг дэлхийн улс орнууд мэднэ. Гэхдээ гал дээр тос нэмж Хонконгчуудын аазгайг хөдөлгөсөн өөр хүчин зүйлүүд ч бий. Бээжингийнхэн саяхан Хонконгод болсон эсэргүүцлийн жагсаалаас ямар сургамж аваа бол?

Колончлолын үед Англичууд Хонконгод ардчилалгүй хэрнээ эрхт зүйт нийгмийг байгуулсан. Амбан захирагчаар тойгойлуулсан дээд албан тушаалтнуудыг сонгуулиар бус, Английн Засгийн газрын шууд томилгоогоор сонгодог байв. Харин колончлолын үе дуусч Хятадад Хонконгийг хүлээлгэн өгөхийн өмнөхөн англичууд өөрөө удирдах ёсны зарим нэг элементыг нэвтрүүлжээ. Энэ алхам нь Хятад, Их Британи хоёрын тунхаг болон Суурь хуулинд заасан тус бүс нутгийн бүрэн бүтэн байдлыг хадгалах баталгаа байлаа. Дээрх бичиг баримтуудад зааснаар Бээжин Хонконгийн дотоод хэрэгт оролцохгүй, хуулийг нь өөрчлөхгүй, тусгай гаалийн орон зай, тэр байтугай олон улсын байгууллага дахь гишүүнчлэлийг нь хүртэл хадгалах үүрэгтэй.

Бээжингийн эрх баригчид овжин загнаж дээр дурьдсан нөхцлийг зөрчөөгүй ч 1997 оноос эхлээд Хятадыг шүүмжлэгч Хонконгийн төр нийгмийн зүтгэлтнүүдийг улс төрийн тавцнаас аажмаар шахаж эхлэв. Бээжингийн эрх баригчид болон тэдний холбоо сүлбээтнүүд Хонконгийн ажил олгогчдыг дарамталж, томоохон хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээс таалагдаагүй нөхдийг ажлаас нь халуулжээ. Түүнчлэн удирдах байгууллага, их сургуулиудаас хэрэггүй хүмүүсийг эвтэйхэн “цэвэрлэв”.

Хонконгийн сонгуулийн систем тун адармаатай. Хууль тогтоох зөвлөл 70 суудалтай. Гэхдээ зөвхөн 40 гишүүнийг шууд санал хураалтаар сонгож, үлдсэн нь “үүрэгт тойрог”-ийн төлөөлөгчдөд буюу янз бүрийн мэргэжилтэй хүмүүст оногддог. Хууль тогтоох зөвлөлийн өнгөрсөн удаагийн сонгуулиар сонгогчдын саналын 50 гаруй хувь ардчилалынханд оногдсон ч Бээжинг дэмжигчид “үүрэгт тойрог”-оор дамжуулаад олонхийн суудал авчээ.

Хонконгод Хятадын эрх баригчдыг шүүмжилдэг сөрөг хүчний хүрээ маш өргөн. Тэд ялангуяа эх орон гэсэн ойлголтоор далимдуулж Хятадын коммунист намыг сурталчилсан хичээлийг сургалтын хөтөлбөрт оруулсныг эрс шүүмжилдэг. 2012 онд олон мянган багш үүнийг эсэргүүцсэн учраас “эх оронч” хичээлээс татгалзахад хүрэв.

Эсэргүүцлийн жагсаалд оролцогч нулимс асгаруулагчаас өөрийгөө ингэж хамгаалжээ.

Гэхдээ өнөөдөр Хонконгод болж буй эсэргүүцэл нь өмнөхөөсөө илүү өргөн болсон. Хонконгчууд эх газраас ирэгчдэд дургүй. Яагаад гэвэл баячууд олноороо ирж үл хөдлөх хөрөнгийг бөөнөөр нь худалдаж авдгаас болж үнэ нь байнга өсдөг. Гэтэл хүн амын орлого өмнөх шигээ өсөхөө больсон. Мөн ядуу ажилчид уугуул оршин суугчдын ажлын байрыг эзэгнэдэг. Түүнээс гадна гаднаас ирэгчид гудамжинд Бээжин аялгаар (Хонконгод Гуандун аялгаар ярьдаг) орилж, хашгирч, бүдүүлэг загнадагт нь Хонконгийн иргэд тун дургүй.

Харин эх газрын хятадууд Хонконгчуудыг эх орноо мартсан, цамаан, Их Британид долигоногчид гэж үздэг. Үл ойлголцол жил ирэх тутам хурцдаж Бээжингийн нэгэн их сургуулийн доцент Хонконгчуудыг “нохой” гэж хэлсэн нь жинхэнэ хэрүүлийн алим тарив.

Тиймээс наймдугаар сарын сүүлээр Бүх хятадын ардын төлөөлөгчдийн хурлын байнгын хорооноос 2017 онд Хонконгийн захиргааны удирдлагыг сонгох шинэ хууль баталжээ. Уг хуулийн дагуу нэр дэвшигчид Бээжингээс томилсон тусгай комиссын шүүлтүүрээр орох ёстой аж. Энэ нь Хонконгийн залуучуудын загатнасан газар нь маажиж, тэд гудамжинд гарав. Ихэнх нь оюутнууд. Тэднийг дагаж сөрөг хүчний улс төрчид нэгджээ.

Гэхдээ Бээжингийн эрх баригчид Суурь хуулинд заасан амлалтаа зөрчсөн гэж хэлж болохгүй. Тус хуулинд: “Хятадын онцгой бүс нутаг болох Хонконгийн захиргааны удирдлагыг сонгуулиар, эсвэл Ардын засгийн газрын томилгоогоор сонгоно... Ардчилсан процедурын дагуу хүн амын өргөн хүрээг төлөөлсөн нэр дэвшигчдийг хариуцсан тусгай комисс нь тухайн этгээд нэр дэвшсэний дараа бүх нийтийн санал хураалтын зарчмаар захиргааны удирдлагыг сонгоно” гэж заажээ. Хэдийгээр Бээжин уг процедурыг зөрчөөгүй ч Хонконг залуусын хувьд энэ нь хангалтгүй.

Эсэргүүцлийн жагсаалын оргил үед жагсагчдын тоо 80-100 мянгад хүрч байв. Долоон сая хүн амтай хотын хувьд багагүй тоо. Хонконгийн хүн амын дийлэнхийг жижиг, дунд үйлдвэрлэгчид, банкны ажилтнууд болон бусад цагаан захтнууд бүрдүүлдэг. Тэд улс төрийн асуудлыг тэр бүр сонирхдоггүй бөгөөд өөрсдийнх нь бизнест харшлахгүй л бол ардчиллыг үгүйсгэдэггүй.

Уур амьсгал хурцдаж, жагсагчид цагдаа нартай тулж, цэргийнхнийг оруулах шинжтэй болонгуут босогч оюутнуудын эцэг, эх нь хүүхдүүдээ тайвшруулснаар жагсагчдын тоо буурсан байх магадлалтай.

1898 онд Англичууд Хонконгийг 99 жил түрээслэхээр авсан байна.

Үндсэндээ “шүхрийн хувьсгал” гэж нэрлээд буй Хонконгийн эсэргүүцлийн жагсаал Хятадын эрх баригчдын өмнө хэд хэдэн асуултыг тавилаа. Бээжингийн эрх баригчид Хонконгийн эсэргүүцэлд гадны улсууд ямар ч холбоогүй бөгөөд арлыг тусгаар улс болгох санааг хэн ч өвөрлөөгүй гэдгийг сайн ойлгож байгаа. Гэсэн хэдий ч коммунист улс төрийн хүч ноёрхсон Хятад улсад шүүгчид нь орон нутгийн захиргаандаа захирагддаг, тэгсэн атлаа шууд сонгууль явагддаггүй арлын бүс нутаг байгаа нь зарим нэг түгшүүрийг төрүүлж байна. Хонконгийн сөрөг хүчин, эх газартай адил төрийн хяналтад байдаггүй харьцангуй чөлөөт хэвлэл мэдээллийн хэрэгслүүд нь Бээжингийнхний дургүйг хамгийн их хүргэдэг.

Хэрэв Хонконгийн захиргааны даргын суудалд сөрөг хүчний лидер оччихвол аюулын харанга дэлдэх болно. Тэгэхээр Бээжин Хонконгод буулт хийнэ гэдэг юу л бол.

Нөгөө талаас Бээжингийн хувьд цэргийн хүч хэрэглэх зэргээр Суурь хуулийг зөрчиж хатуу хандах нь эрсдэлтэй. Хэрэв ийм үйлдэл гаргавал төв Хятадын нэр хүнд унана. Одоохондоо эсэргүүцэл намжсан нь яамай. Гэхдээ эрт, орой хэзээ нэгэн цагт Хонконгийн ардчиллыг дэмжих (ингэвэл улс төрийн тогтворгүй байдал үүсэх боломжтой), эсвэл Хонконгийг эх газрын удирдлагын хэв маягт ойртуулах (эсэргүүцэл хурцдана) хоёрын аль нэгийг сонгох хэрэгтэй болно.