Гэрчгүй дайн
Лалын бүлэглэлийнхний сэтгүүлчдийг цаазалсан аймшигт хэргүүдээс болж дэлхийн халуун цэгүүдэд ажиллаж, “хал үзэж халуун чулуу долоосон” туршлагатай сэтгүүлчид хүртэл Исламын бүлэглэлийн эзэлсэн газар нутагт болж буй дайны үйл ажиллагааг сурвалжлахаас жийрхэх боллоо. Дайны сэтгүүлчид өөрсдийнх нь амь насанд аюултай хэмээн үзэж сурвалжлага хийхээс татгалзаж буй тухайгаа жил бүр дайны сэтгүүлчдэд олгодог шагнал олгох үеэр ярьжээ.
Тиймээс Исламын улсын бүлэглэлийн хяналтад буй районуудад “мэдээллийн хар нүх” бий болж байна.
Libertation Daily сонины сурвалжлагч Жан-Пьер Перрен: “Бид Фаллудж, Рамада, Мосул хотуудад юу болж буйг үнэхээр мэдэхгүй байна. Энэ бол том хотууд. Энэ бол гэрчгүй дайн” гэж хэлжээ.
Сирийн иргэний дайныг сурвалжилсан материалуудаараа хэд хэдэн шагнал авсан гэрэл зурагчин Лоран ван дер Стокт Исламын улсын бүлэглэлийн газарт очиж амиа золиослохгүй гэдгээ мэдэгдэв.
“Хил хязгааргүй сурвалжлагч” нэртэй олон улсын байгууллагын тэргүүн Кристоф Делуара: “Исламын улс бүлэглэл ганц хоёр удаагийн харгис үйлдлээр олон нийтийг нэг мөсөн айлган сүрдүүлэхийг чармайж байна. Үнэндээ тэдний тухай ярианы олонхи нь ор үндэсгүй” гэж ярьжээ.
Сэтгүүлчид тийшээ явахгүй учраас дайны үйл ажиллагааны тухай зөвхөн дам эх сурвалжаар дамжуулан мэдээлэхээс өөр аргагүй болж буйг Делуар онцлов.
Washington Post сонины сэтгүүлч Джон Рэндал: “Нэгдүгээрт бид өөрсдөө тийшээ явж чадахгүй боллоо. Хоёрдугаарт алан хядагчид орчин үеийн мэдээллийн технологийг сайн эзэмшсэн, олон нийтийн сүлжээг ч ашигладаг” гэж хэлжээ.
Афганистан, Пакистанд болж байсан дайны үеэр сэтгүүлчид амиа алдах магадлал байсан. Гэхдээ Исламын бүлэглэлийн эсрэг хийж буй тэмцэлтэй харьцуулахад сэтгүүлчдийг хулгайлах, тамлах, цаазлах явдал байгаагүй. Бусад оронд ямар ч мөргөлдөөнтэй байсан сэтгүүлчдийг дайсан болгодоггүй.
Исламын бүлэглэлийн сэтгүүлчдэд зориулсан санамж
Сирийн Дир аз-Зур хотоос сэтгүүлчдийн олсон ер бусын баримт бичгийг удахгүй дэлхийн их сургуулиудын сэтгүүл зүйн факультетад судалдаг болж магадгүй.
Исламын бүлэглэлийн “сэтгүүлчдэд зориулсан гарын авлага”-д бичсэнээр сэтгүүлчид тэдний байгуулсан Халифатын улсад үнэнч байх тангараг өргөж, “Исламын улсын” хэвлэлийн газраас тусгай зөвшөөрөл авах хэрэгтэй аж. Түүнчлэн олон нийтийн сүлжээнд бүртгэлтэй сэтгүүлчдийн аккуантыг тусгай хүн хянаж, шалгаж байх гэнэ. Сэтгүүлчид материалаа заавал өөрийн нэрээр байршуулах ёстой бөгөөд нууц нэр ашиглах хориотой.
Зарим телевизийн сувгууд “хар жагсаалт”-д оржээ. Тухайлбал “Аль-Джазира”, “Аль-Арабия” телевизэд ажилласан сэтгүүлч гэмт хэрэгтэн. Түүнчлэн томоохон мэдээллийн агентлагад ажилласан сэтгүүлчийг хатуу цээрлүүлнэ.
Нөгөө талаас Исламын улсын бүлэглэл хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь агуу хүчтэй гэдгийг ойлгож байгаа бөгөөд өөрсдийн зорилгод ашиглахыг оролдож байна. Тиймээс бүлэглэлийн лидерүүд дарангуйлагчдын нэгэн адил өөрсдийнхөө талаархи сайн мэдээ гарахыг хүсдэг. Өөрөөр хэлбэл тэдний үйлдлийг зөвтгөх пиар ажиллагаа хэрэгтэй. Бүлэглэлийн нэгэн фанат өөрийн твиттер хуудсандаа барууны хэвлэлүүд “халифат”-ын нутаг дэвсгэр дээр болж буй нийгмийн сайн сайхны талаар бичихгүй байна хэмээн гомдолложээ.
Исламын бүлэглэл нь дээр бичсэн санамжтай санал нэгдэхгүй байгаа сэтгүүлчдэд тэдний нутаг дэвсгэрээс түргэн гарч явахыг зөвлөж, эс бөгөөс Джеймс Фоул, Стивен Сотлофф нарын адил цаазлах болно хэмээн заналхийлж байна.