Үхэл тээсэн нисгэгчгүй бөмбөгдөгчид
Нисгэгчгүй бөмбөгдөгч онгоц
2014.10.24

Үхэл тээсэн нисгэгчгүй бөмбөгдөгчид

Америкийн нисгэгчгүй онгоцнууд Пакистаны нутагт байх алан хядагчдыг бараг 400 удаа бөмбөгджээ. Гэвч Сэтгүүлчдийн мөрдөх товчооны судалгаагаар бөмбөгдөлтөд өртсөн хүмүүсийн дөнгөж дөрвөн хувь “Аль-Кайда”-гйин гишүүн байжээ. Үүнээс харахад АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Джон Керригийн хэлсэн “нисгэгчгүй онгоцнууд зөвхөн онилсон байгаа онож байгаа” гэж хэлсэн үгэнд эргэлзэхэд хүрч байна.

“Амь үрэгдэгсдийг нэрлэхүй” нэртэй төслийн хүрээнд дээрх товчооны сэтгүүлчид бүтэн жилийн турш Пакистан болон ойр орчмын газарт нисгэгчгүй онгоцны бөмбөгдөлтөд өртөж амиа алдсан хүмүүсийн нэрийг цуглуулжээ. Уг судалгааг явуулахдаа Пакистаны Засгийн газрын албан ёсны бичиг баримтууд, нууцлалын зэрэглэлд ороогүй  англи, пушту, урду хэлээр бичсэн олон зуун тайланг ашиглажээ. Түүнчлэн товчооны ажилтнууд өөрсдөө хэрэг болсон газруудаар явж, Amnesty International, Reprieve, Centre for Civilians in Conflict зэрэг олон улсын байгууллагын материалыг ашигласан байна.

"Сэтгүүлчдийн мөрдөх товчоо нь 2010 онд Лондонд байгуулагдсан хараат бус арилжааны бус байгууллага юм. Товчоог үндэслэсэн гэр бүлийн хоёр болох Дэвид, Элейн Поттер нарын хэлснээр байгууллагын зорилго нь "сонин, сэтгүүл болон телевизийн сэтгүүлчдийн захиалгаар сэтгүүлчийн мөрдлөг явуулах" аж. Гишүүдийнхээ хандиваар үйл ажиллагаа явуулдаг сэтгүүлчдийн ийм байгууллага маш ховор".

Цуглуулсан бүх материалд дүн шинжилгээ хийснээр 2004 оноос хойш нийт 2379 хүн амь үрэгдсэнээс дөнгөж 704-ийнх нь нэрийг тогтоож, тэднээс 295 нь ямар нэгэн алан хядах бүлэгт харъяалагддаг болох нь илэрчээ. Харин “Аль-Кайда”-гийн гишүүн 84 байлаа.

Үүнийг тайлбарлана уу гэсэн сэтгүүлчдийн асуултад АНУ-ын Үндэсний аюулгүйн зөвлөлийн албан ёсны төлөөлөгч Кейтлин Хейден: “бөмбөгдөлтийг бид энгийн ард иргэд өртөхгүй гэдэг нь баталгаатай болсон үед л хийдэг” гэж хариулжээ. 

Тэрээр: “Америкийн засгийн газар энгийн оршин суугчид цохилтод өртөх вий гэдгээс хамгийн их болгоомжилдог. Энгийн хүн амь үрэгдсэн, шархадсан цөөн тохиолдолд бид мөрдөн байцаалт явуулж, яагаад ийм юм болов гэдгийг нарийн шалгадаг” гэж хэлжээ.

Нисгэгчгүй онгоцны бөмбөгдөлтөд энгийн иргэд амь үрэгдэж Палестинчууд нэг бус удаа эсэргүүцлийн жагсаал хийж байв. Фото: Arif Ali / AFP

Обамагийн тамгын газраас “илэрхий аюулаас үндэстнээ хамгаалах үүднээс бөмбөгдөх шаардлага гардаг бөгөөд энэ нь хуулийн үндэслэлтэй” гэсэн тайлбарыг өгдөг. Уг тайлбар нэг л үнэмшилгүй сонсогдоно. Учир нь зарим нэг нууц мэдээлэл задарч Америкийн эрх баригчдын хувьд тухайн алан хядагч АНУ-д аюултай гэдгийг батлахын тулд ирээдүйд бөмбөгдөлтийн хариу Америк болоод Америкийн иргэдийн эсрэг чиглэх эсэхийг мэдэх шаардлагагүй гэж үздэг нь илэрчээ.

Бөмбөгдөх өөр нэгэн хуулийн үндэслэл бол 2001 оны 11 дүгээр сарын алан хядлагаас хойш гурав хоногийн дараа Конгрессоор хэлэлцэж баталсан “Цэргийн хүч ашиглах зөвшөөрөл” (AUMF — Authorization for Use of Military Force) юм. Уг хуулийн дагуу Ерөнхийлөгч Америкт халдсан хэнийг ч, дэлхийн хаана ч байсан бүх боломжоо ашиглан устгах эрхтэй. 2013 онд Обама хуулийн тайлбар хийж зөвхөн “Аль-Кайда” болон “Талибан” хөдөлгөөн, тэдэнтэй холбоо сүлбээтэй бүлэглэлүүдийг устгах зорилготой гэжээ.

Энэ Пакистан охин эмээгийнх нь амийг авч одсон бөмбөгдөлтийг дүрсэлжээ. Фото: Jason Reed / Reuters

Гэхдээ чухам ямар бүлэглэлүүд Талибанчуудтай холбоотой байж болохыг хэлсэнгүй. Харин Хейденгийн хувьд “холбоо, сүлбээтэй бүлэглэлүүд” гэдэг бол “Аль-Кайда”-гийн хамт АНУ, түүний холбоотнуудын эсрэг үйл ажиллагаа явуулдаг зохион байгуулалттай цэрэгжсэн бүлэглэлүүд гэж тайлбарлав.

Гэхдээ Холбооны мөрдөх товчооныхон бөмбөгдөлтөд өртсөн хүн болгон чухам ямар бүлэглэлд хамаардаг байсныг мэддэггүй бололтой.  Өнгөрсөн оны дөрөвдүгээр сард McClatchy мэдээллийн агентлагийнхан 2006-2008, 2010-2011 онд нисгэгчгүй онгоцнуудын бөмбөгдөлтөд өртсөн хүмүүсийн биеийн байцаалт, зэрэг дэв, холбоо сүлбээг бичсэн нууц бичиг баримт олжээ. Энэ бичиг баримтад нас барсан олон зуун хүнийг зүгээр л Афган, Пакистаны, эсвэл “нэр нь үл мэдэгдэх” алан хядагч гэж тодорхойлжээ.

Хэвлэлийнхний олсон баримтаар нисгэгчгүй бөмбөгдөгч онгоцны цохилт болгон Америкийн ашиг сонирхлыг хамгаалж байсангүй. McClatchy агентлагийнхны олсон баримтаар Америкчууд Пакистаны эрх баригчдаас “Аль-Кайда”-гийн гишүүдийн байрлалыг мэдэж авсныхаа хариу болгож Пакистаны засгийн эсрэг босогчдыг бөмбөгдөж өгдөг байжээ.

Хойд Вазиристаны нийслэл Мираншахийн умард хэсэгт болсон бөмбөгдөлт. 2008 оны аравдугаар. Фото: Reuters

Пакистаны нутаг дэвсгэр дээр Америкийн нисгэгчгүй онгоцнууд 10 жилийн дотор олон арван цэргийн командлагчийг устгасан. Гэхдээ амь үрэгдэгсдийн олонхи нь цэргийн командлагч байсан нь эргэлзээтэй. Amnesty International байгууллагын төлөөлөгч Мустафа Кадри: “хэрэв бөмбөгдөлтийн цар хүрээ, амь үрэгдэгсдийн тоог авч үзвэл тэдний ихэнх нь цэргийн өндөр албан тушаалтай байсан гэдэг тун эргэлзээтэй” гэж ярьжээ.

Сэтгүүлчдийн мөрдөх товчооны ажилтнууд 2004 оноос хойш бөмбөгдөлтөд өртсөн бүх хүнээс зөвхөн 111 нь (таван хувь нь) аль нэгэн зэвсэгт бүлэглэлийн удирдагчид байсныг тогтоожээ.

Бөмбөгдөлтөөр устсан алан хядагчдын дотор 2008, 2009 онд Сватын хөндийн оршин суугчдыг алан хядаж “Махчин” нэр авсан Ибн Амин, “Аль-Кайда”-гийн химийн зэвсгийн мэргэжилтэн Абу Хабаб аль Масри зэрэг хүмүүс байлаа. Мөн 73 хүн зэвсэгт бүлэглэлийн дунд цолны командлагчид байжээ.

Түүнчлэн 2008 онд Пакистанд бөмбөгдөлтийн үеэр алагдсан Их Британий иргэн Рашид Рауф нь “Аль-Кайда”-гийн нөлөө бүхий гишүүн байсан ч удирдагчдын тоонд орж байсангүй. Тэр 2005 оны зургадугаар сард Лондонгийн метронд болсон дэлбэрэлтийг зохион байгуулахад оролцжээ.