"Би утсан хүүхэлдэй биш"
Малала Юсуфзай Европын парламентад үг хэлэх үеэрээ
2014.10.23

"Би утсан хүүхэлдэй биш"

Нобелийн шагналын хороо энэ жил Гандийн үйл хэргийг үргэлжлүүлэгч гэгддэг Энэтхэгийн Кайлаш Сатярти, Пакистаны хүүхдийн эрхийн төлөө тэмцэгч Малала Юсуфзай нарыг хүүхдийн хөдөлмөрийн мөлжлөгийг зогсоож, тэдний эрхийг хамгаалах, сурч боловсрол эрхийн төлөө тэмцэлд оруулсан хувь нэмрийнх нь төлөө Нобелийн энхтайвны шагнал олгосон билээ.

Харамсалтай нь энэ мэдээ 2009 онд АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама “Олон улсын дипломат харилцаа, ард түмний хоорондох харилцааг бэхжүүлэхэд үнэлж баршгүй хувь нэмэр”  оруулсаныхаа төлөө, 2012 онд Европын холбоо “Өнгөрсөн жарны хугацаанд Европт энхтайван, эв нэгдэл, ардчилал, хүний эрхийг бэхжүүлэхэд оруулсан гавьяа” –аар Нобелийн энхтайвны шагнал авсан шиг үнэмшилгүй сонсогдсон юм.

Учир нь Пакистаны Малала хэмээх жирийн охин Талибануудын гарт амиа алдсан бол барууны хэвлэлүүд энэ талаар бичихгүй, ийм түүх ч “бий болохгүй” байх байжээ.

Толгойдоо буудуулж хүнд шархадсан ч амьд гарсан 16 настай Пакистан охин Малала АНУ болон барууны найруулсан драмын ачаар хүүхдийн эрх, эмэгтэйчүүдийн боловсролын төлөө тэмцэгч болж олон улсад алдаршсан билээ.

Малала эмнэлэгт

Малалаг өнгөрсөн жил Их Британид аваачин, түүний нүүр, хүзүүнд нөхөн сэргээх мэс заслыг үнэ төлбөргүй хийж өгсөн төдийгүй, аавд нь Пакистаны Засгийн газраас консулын ажилд оруулсан нь түүн шиг олон мянган пакистан охидод олдоогүй үлгэрийн шидэт үйл явдлуудын зөвхөн эхлэл байв. Удалгүй Малала охин “Би Малала” нэртэй ном бичиж, хэвлэлийн компанитай сая сая ам.долларын гэрээ байгуулсан юм. Малала охин номынхоо хажуугаар телевизийн олон нэвтрүүлэгт уригдаж, Нью Йорк дахь НҮБ-ын Ерөнхий Ассемблейн чуулган болон Дэлхийн банкны уулзалтад үг хэлж, Лондон дахь Букингемийн ордонд уригдсан билээ.

Түүнийг АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама гэр бүлийн хамт тусгайлан  хүлээн авч уулзаж, Пакистаны охид эмэгтэйчүүдийн боловсрол олж авах эрхийн төлөөх урам зоригтой, бахдам тэмцлийг магтаж, баяр хүргэсэн юм.

АНУ болон барууны орнуудад Малала охин хэмээх сүрхий тэмцэгчийн profile хэдийнэ бий болсон бол Пакистан, Сири, Ирак, Палестин болон Йеменд түүнийг АНУ-ын утсан хүүхэлдэй гэх үзэл улам хүчтэй болж байна. Учир нь тэнд олон мянган Малала бий. Бас өдөр бүр олон арван Малала амиа алдаж байгаа ч олон улсын хэвлэлүүд энэ талаар бараг мэдээлдэггүй. Пакистаны эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тэмцэгч АНУ болон Их Британи Талибанчуудын халдлагаас амьд гарсан Малала охины түүхийг ашиглан, бүх дэлхийг лалын шашинт ертөнцийн эсрэг чиглүүлж буйг шүүмжилсэн юм. Харамсалтай нь Малала охины амьд үлдсэн түүх барууныханд лалын шашинтнуудыг шүүмжлэх, чичлэх шалтгаан болж буйгаас охиныг Барууны “Утсан хүүхэлдэй” хэмээн үзэн ядах хүмүүс Пакистанд олширчээ.

"Би утсан хүүхэлдэй биш, би бол Пакистаны иргэн, үүгээрээ ч бахархдаг"

Өөрийг нь “Утсан хүүхэлдэй” гэх шүүмжлэлийг эсрэг Малала “Би “Барууны утсан хүүхэлдэй” биш, бас пакистан охин гэдгээсээ ичихгүй. Тэд намайг “барууны” хүн гэж бодож болох ч би пакистан хүний охин. Бас би үүгээрээ бахархдаг ” гэсэн юм. 

Пакистанд түүнийг үзэн ядах хүн олон байгаа ч АНУ болон баруунд Малала кампанит ажил улам хүрээгээ тэлж байгаа бөгөөд дэлхийн нөлөө бүхий “Эделман” PR фирм “Малала брэнд”-ийг бий болгохоор ажиллаж байна. Дэлхийд алдартай тус фирмийн томоохон үйлчлүүлэгчид нь “Starbucks”, “Microsoft” билээ.

“Эделман” фирмийн мэдээлснээр Малала охинтой уулзаж, ярилцахыг хүссэн хүмүүсийн урт жагсаалт гарчээ. Тэдгээр хүмүүс Малалатай уулзахын тулд хоёр сар хүлээхэд ч бэлэн байгаа гэнэ.