Сталинг ойлгохуй
Сталины харгис үзэл суртал яагаад тэгж хүчтэй хэрэгжив? Заримдаа түүх давтагдах аюул байдаг. Хүн төрөлхтний түүхэнд Сталины хийсэн гэмт хэрэг нь эдүгээ христүүд болон еврейчүүдийг хайр найргүй хядахыг уриалж байсан лалын зэвсэгт бүлэглэлийнхний гаж мэдэгдлийг ойшоохгүй өнгөрөөж болохгүй гэдгийг дахин дахин сануулаад байх шиг.
Сталин яаж Сталин болсон бэ? Өөрөөр хэлбэл Иосиф Виссарионович Джугашвили нэртэй, хамжлагын тариачны ач хүү, бичиг үсэггүй гуталчин, угаагч хоёрын хүү яаж Генералиссимус Сталин болж, хүн төрөлхтний түүхэнд ховор, харгис хомроголон устгагч болсон бэ? Гүржийн жижигхэн тосгонд төрсөн хөвгүүн хэрхэн Европын талыг нөлөөндөө оруулсан дарангуйлагч болж хувирав? Шашны сургуульд сурч асан даруухан залуу яаж бурхныг үгүйсгэж марксизмыг баримталсан удирдагч болов?
З.Фрейдийн онолын нөлөөгөөр Сталины амьдралыг судлагч олон намтарч түүний хүүхэд наснаас эдгээр асуултын хариуг олох гэж хичээсэн. Тэд Сталины амьдралыг хүмүүжил, бэлгийн амьдралын онцлогоор дамжуулан тайлбарлахыг оролддог. Өрөөсөн төмсөгтэй байсан гэж ярих нь ч бий. Түүнчлэн Сталиныг багад нь эцэг нь байнга зодож, ээж нь нутгийн санваартантай нууц амрагийн холбоотой байсан нь Сталиныг санаанд багтамгүй харгис болгосон гэж үздэг. Зарим судлаачид Сталинд золгүй явдал тохиолдож өрөөсөн гар нь хатаж эхэлсэн, хүнд өвчин тусч нүүрэнд нь эвгүй сорвинууд үлдсэн, эсвэл төрөлхийн гажгаас болж тэр үед чөтгөрийн шинж гэж үздэг байсан хоёр илүү хуруу зүүн хөлөн дээр нь ургасан гэх мэтээр бичдэг.
Улс төр ч бас Сталины намтарт нөлөөлсөн. Амьд ахуйд түүний дэмжигч нар Сталиныг агуу баатар болгон харуулсан. Өрсөлдөгчид нь хүртэл Сталины дүрийг бүтээхэд санаандгүй хувь нэмэр оруулжээ. Сталины заналт дайсан Лев Троцкий дарангуйлагчийн үзэл санааг хамгийн идэвхтэй тайлбарласан нь дараа дараагийн олон түүхчдийн үзэл бодолд нөлөөлжээ. Троцкийн хувьд Сталин нь боловсролгүй хөдөөний нэгэн бөгөөд ухааны цараа, амьдралын баяр баясгалан дутсанаас засгийн эрхийг бусдын толгойг мунхруулах, хүчирхийлэх замаар булааж авсан дарангуйлагч. Троцкийн үзсэнээр Сталин эхлээд Ленинээс, дараа нь марксизмаас урвасан хүн. Сталины ийм дүр Троцкийн талынханд ашигтай байсан. Учир нь Сталины оронд Троцкий байсан бол Зөвлөлтийн түүх өөрөөр бичигдэх байсан гэж үздэг .
Иосиф Виссарионович Джугашвили. 1902 он.
1990-иэд оноос Зөвлөлтийн олон архивууд нээлттэй болсноор улс төржсөн, сэтгэлзүйжсэн дээрх намтарууд үндэслэл муутай гэдэг нь харагдав. Хүмүүс одоо болтол Сталины дүрийг улс төрийн агуулгатай хольж ойлгодог. Сүүлийн хэдэн жилд Оросын эрх баригчид Сталины ард түмнийхээ эсрэг хийсэн гэмт хэргийг багасгаж, хоёрдугаар дайнаар Европт байгуулсан ялалтыг нь алдаршуулахыг оролдож байна. Мянга мянган нууц бичиг баримт, ялангуяа дурсамж, захидлууд Сталины талаар өөр олон сонирхолтой зүйл бичих боломжийг олгов. Саймон Себаг-Монтефиоре (Simon Sebag Montefiore) Сталины Тбилис болон Москвад амьдарч байсан ойр дотныхон, найзууддаа бичсэн захидлуудад үндэслээд “Сталины залуу нас” (Young Stalin) номондоо Троцкийн бичсэн шиг бүдүүлэг дарангуйлагч биш, харин шог зохиолч, яруу найрагч Сталиныг дүрсэлжээ. Архивын материалыг нарийвчлан судалсан Оросын эрдэмтэн Хлевнюк Зөвлөлтийн Коммунист намын эмх замбараагүй хувьсгалаас сталинизмд хүрсэн хөгжлийн гайхалтай дүр зургийг гаргажээ. Хлевнюкийн ном, Сталины дотны найзууд болох Вячеслав Молотов, Лазарь Каганович нарт бичсэн захидал, ГУЛАГ буюу бөөнөөр хорих лагерууд, хамтралжуулалт, Зөвлөлтийн төрийн аюулгүй байдлын хороо (КГБ)-ны талаархи хэвлэмэл материалууд нь Сталины дарангуйллын дэглэм тогтоосон арга зөвхөн хууран мэхлэлт биш гэдгийг баталж байна. Тэгээд тэр үүнийг ганцаараа хийгээгүйг. Сталинд түүний хамгийн үнэнч хүмүүс, түүнчлэн түүнийг шүтсэн нууц албадын олон мянган ажилтнууд тусалжээ.
Принстоны Их сургуулийн профессор Стивен Коткин Сталины талаар хамгийн өргөн хүрээтэй судалгаа явуулж “Сталин” нэртэй гурван боть ном бичжээ. Тэрээр өөрийн бүтээлдээ Сталины төрсөн 1878 оноос 1928 он хүртэлх амьдралыг хүүрнэж, Сталины талаар бичсэн бүх бүтээлийг нэгтгэхийг хүсчээ. Коткин уг номоороо Сталины талаархи үнэн худлыг нэг мөр ялгаж өгөхийг зорьжээ. Коткин номондоо Фрейдийн онолын нөлөөг үгүйсгэж, Сталин залуудаа бусдаас ялгарахаар онц зүйлгүй байсан гэж бичжээ. Сталины ойр дотны нэгэн Сергей Кировын эцэг гэр бүлээ хаяж, эх нь сүрьеэгээр нас барснаас хойш хүүхэд насаа асрамжийн газар өнгөрөөжээ. Сталины туслах Григорий Орджоникидзе 10 насандаа эцэг, эхээ алдсан байна. Харин залуу Сталинд хөдөлмөрч, эрч хүчтэй, хүүдээ туслахад хэзээд бэлэн, гэр бүлийнхээ төлөө бүхнээ зориулсан ээж нь байлаа.
Лев Троцкий
Түүгээр барахгүй Коткины бичсэнээр залуу Сталин танхай, ойворгон нэгэн байсан ч авьяаслаг оюутан гэдгээрээ 19 дүгээр зууны төгсгөлийн Тбилис хотод алдаршжээ. 16 настайдаа Тбилисийн семинарт элссэнээр цаашдаа Оросын эзэнт гүрний аль ч их сургуульд элсэж орох эрхтэй болов. Гэвч тэр сургуулиа хаяж, хэт зүүнийхний улс төрийн нөлөөнд бүрэн автав. Гэвч хувь хүний хувьд бусдыг байлдан дагуулах чадвартай байлаа. Баку хотод газрын тосны үйлдвэрийн ажилчдын дунд ухуулга хийхийн тулд бусдыг барьцаалах, дээрэмдэх, луйвардах аргыг өргөн хэрэглэдэг байв. Түүнчлэн хэд хэдэн улс төрийн аллагын хэрэгт холбогдов. Тэрээр үе үе шоронд орж, үе үе оргоно.
Коткин цааш бичихдээ Сталины дүр зургийг өөр өнцгөөс тайлбарлаж эхэлнэ. Уг ном хэтэрхий өргөн хүрээг хамарсан нь дутагдал, бас давуу тал нь юм. Коткин Сталины амьралын алхам бүрийг маш дэлгэрэнгүй бичихийн зэрэгцээ Хаант Оросын мөхөл, түүний нурман дээр бий болсон Зөвлөлтийн гүрний түүхийг тодорхой дүрслэхийг зорьжээ. Тус номонд Бисмарк, Муссолин, хаант Оросын төрийн зүтгэлтэн Сергей Витте, Петр Столыпин, Петр Дурново, Хаан болон хатан, түүнчлэн Ленин, Троцкий, Надежда Крупская, Николай Бухарин, Феликс Дзержинскийн амьдралын талаар бичжээ.
Он жилүүд урсаж, нийгэм нэг хямралаас нөгөөд шилжинэ. Гэвч Сталины дотоод ертөцнөд онцын өөрчлөлт гарсангүй. Октябрын хувьсгалын өмнөхөн Сталин гуч хол давсан байсныг тэр болгон мэддэггүй. Түүнд мөнгө, орон гэр, мэргэжлийн аль нь ч алга байв. Түүний хийж байсан ганц ажил эсэргүү сонинд нийтлэл бичих. Тэр төр удирдах талаар ямар ч боловсролгүй, ер нь ямар нэгэн хамт олон удирдах туршлагагүй нэгэн байв. 1917 онд болсон большевикийн хувьсгал Сталин болон түүний нөхдийн ертөнцөд өөрчлөлт авчрав. Лениний эхлүүлсэн энэ хувьсгал Сталины бодол санаанд өөрийн үзэл суртал төлөвших эхлэлийг тавьжээ. Хувьсгалын ачаар Сталин хувийн аюулгүй байдлаа хангаж, өмнө нь мөрөөдөж ч байгаагүй нэр хүнд, эрх мэдлийг олов.
Большевикууд өөрсдийн үзэл санааг удирдаад явчих ямар нэгэн удирдагчийг хайж байв. Хожим нь гадныхан зөвлөлтийн эрх баригчид аливаа мэдэгдлийг үнэн сэтгэлээсээ хийж чаддаг байсныг хараад гайхдаг. Коткиний үзэж буйгаар Сталин нь Троцкийн хэлсэн шиг хүйтэн хөндий биш, харин ч үзэл суртлын тусламжтай олны өмнө яриа илтгэл тавих, хувийн яриа өрнүүлэхийн аль ч тохиолдолд өөрийн шийдвэр болгоныг үндэслэж чаддаг байв. Түүний хэлсэн үгийг ойшоохгүй өнгөрөөх нь маш том алдаа болдог байлаа. Тэр үргэлж хэлснээрээ үйлддэг хүн байв.
Эдийн засгийн салбарт Сталины хэлсэн болгон хэрэгждэг байж. Большевикууд үзэл сурталдаа бат итгэж, чөлөөт зах зээлийг үнэн голоосоо үзэн ядаж, түүнчлэн хэнийг ч өршөөхгүй хувьсгалын аргадаа хөтлөгддөг байлаа. Тиймээс тэд хувьсгалын дараа хувийн өмчийг хууль бус хэмээн зарлан хурааж, аж үйлдвэрийг улсын өмч болгож, тариачдаас ургацыг нь булаан авч дахин хувиарлалт хийжээ. Мэдээж энэ бол хүчирхийлэл. Ленин өөрөө ч гэсэн ургацаа өгөхөөс татгалзсан тариачдыг газар дээр нь буудан хороох хэрэгтэй гэдэг байв.
Хэдийгээр ургац хүчээр хураах ажлыг түр зуур хориглосон ч Сталин 1920-иод онд уг практикийг дахин ашиглаж эхлэв. Түүний энэ үйлдэл түүний уншсан бүх ном, түүний оролцсон улс төрийн маргааны үр дүн байв. Коткины үзэж буйгаар Сталин энгийн нэгэн луйварчин, гэмт хэрэгтэн байсангүй, харин пуританы номлолын нөлөөн дор үзэл бодол нь төлөвшсөн хүн байв. Түүний харгислал далд ухамсарынх үр нөлөө бус, марксизм, ленинизмийн үзэл суртлын үр дүн байжээ.
Улаантан, Цагаантны тэмцэл өрнөсөн, оргоо бусгаа 1918-1920-иод онд Сталин нь хүчирхийлэл бол амжилтанд хүрэх хамгийн дөт зам гэдэгт хатуу итгэжээ. Коткины бичсэнээр иргэний дайн большевикуудын өөртөө итгэх итгэлийг улам бэхжүүлж, “дарлагч ангийн” эсрэг тэмцэл явуулахад хүргэжээ. Тэд өөрсдийн харгис үйлдлийг олны өмнө зөвтгөж чаддаг байв.
Ялангуяа иргэний дайн Сталины үзэл бодолд хүчтэй нөлөөлж, тэр гүйцэтгэх засаглалын талаар анхны туршлагатай болжээ. 1918 онд түүнийг Ижил мөрний эрэгт орших, төмөр замын чухал зангилаа байрласан Царицын хот руу томилжээ. Тэрээр Москва болон Петроград хотын өлсгөлөнд автсан хүмүүсийг хүнсээр хангах даалгавартай байлаа. Өөрөөр хэлбэл тариачдын ургацыг хураах ажилтай явсан гэсэн үг. Энэ мэт ажил нь түүнийг “большевикуудын хамгийн гол дээрэмчин” болгожээ.
Даалгаврыг биелүүлэхийн тулд Сталин өөрөө өөртөө цэргийн эрх мэдэл өгч орон нутгийн цагдаагийн хэлтсийг эзэлж, үзэл суртал нэгт нөхдөөсөө 10 сая рубль хулгайлав. Төмөр замын шугамууд түүний хүссэнээр ажиллахаа болиод ирэнгүүт тэр орон нутгийн техникийн мэргэжилтнүүдийг “ангийн дайсан” хэмээн цаазалжээ. Коткины бичсэнээр Сталин өөрийн дайснуудыг зүгээр нэг садист дон шүглэснээс бус, улс төрийн стратегийн үүднээс хороодог байв. Сталин өөрийн талынхандаа: “дотоодын дайснууд бослого гаргаж, хотыг эзлэн цагааныханд өгөх гэж байна” гэж хоосон сэрэмжлүүлдэг байлаа. Чухам ийм аргаар тэр 1920-1930 оны улс төрийн зохиомол хэргүүдийг бий болгожээ.
Сталины ийм арга золтой л Ленины босгосон бүхнийг унагаачих дөхөв. Эцэст нь Сталиныг Москвад эргүүлэн татахаас өөр аргагүй болов. Иргэний дайны дараагаас Сталины булхай аажмаар мартагдав. Царицын хотын нэрийг Сталинград болгож өөрчлөв. Царицынд хэрэгжүүлсэн схемаа амьдралын туршид ашигласан байдаг. Ямарваа хямралтай тулгарах болгондоо хуулиас гадуур “хувьсгалын аргыг” хэрэглэдэг байв. Заримдаа энэ нь хямралыг улам гүнзгийрүүлнэ. Өрсөлдөгчөө буулган авахын тулд хэр хэмжээний харгислал үзүүлэх ёстойгоо мэддэг байв.
Коткины эхний боть Сталин хөдөө аж ахуйг хамтралжуулах болсноо зарласнаар төгсдөг. Хамтралжуулалт нь хүн амын шилжилт хөдөлгөөн, сая сая хүний баривчилгаа, түүнчлэн зохиомлоор бий болгосон өлсгөлөнг араасаа дагуулж, Сталины улс төрийн ялалтаар төгссөн билээ.
Эдүгээ барууны орнууд олон сая хүний аминд хүрсэн Сталинг галзуу, солиотой байсан гэж боддог. Гэвч Коткины хувьд Сталин нь галзуу ч биш, солиотой ч биш. Хэрэв Сталин сая сая хүний амьдралыг харлуулсан үйлдлээ зөвтгөх хэмжээний ур ухаан гаргаж үзэл суртлаа хамгаалж байсан гэсэн дүгнэлт гарвал энэ нь орчин үеийн хүмүүсийг улам ч их айлгахаар харагдаж байна. Өөрөөр хэлбэл Сталины харгис үзэл суртлын биелэл яагаад тийм хүчтэй байв гэдэг асуулт гарч байна. Орчин үед ч гэсэн бусдыг хомроголон устгахыг уриалсан үзэл суртал бий. Тодруулбал христүүд болон еврейчүүдийг устгахыг уриалдаг Исламын зэвсэгт бүлэглэлхийнхний мэдэгдэлд бодолтой хандахыг сануулж байна. Тэдний этгээд гаж үгс тэр дороо унтарч, тойрон хүрээлэгчид нь удахгүй зорилгоосоо ухарна гэж гэнэхнээр хүлээж авах хэрэггүй.