Ядуусаар баян Хятад
Хятадад ядуурлын босгыг 6,1 юаниар (1 доллар) тогтоосон. Хэрэв тухайн хүний орлого нэг доллараас бага бол түүнийг ядуучуудын эгнээнд оруулдаг. Хэдийгээр дэлхий даяар ядуусын тоо буурч байгаа ч Өмнөд хөршийн ядуусын тоо олон хэвээр байна. Хөдөөгийн олонхи тосгонд 82,5 сая хүн ядуу амьдардаг бөгөөд энэ нь 1,37 тэрбум орчим хүнтэй Хятадын хувьд их тоо.
Хятадын Төрийн зөвлөлийн дэргэдэх Ядуу районуудад тусламж үзүүлэх газрын орлогч Чжэн Вэнькай: “Ядуурал Хятадын нийгэм дэх хамгийн хүнд асуудал болоод байна” гэж Бээжинд болсон хурлын үеэр мэдэгджээ.
Тэрээр хэрэв олон улсын стандартаар тогтоосон ядуурлын босгоор авч үзвэл Хятадын ядуусын тоо тэдний тооцсоноос хавьгүй их гэдгийг ч нуусангүй. Дэлхийн банкны гаргаснаар, өөрөөр хэлбэл дэлхий нийтээр мөрддөг стандартын дагуу 1,25 доллараар ядуурлын босгыг тогтоовол Хятадын ядуусын арми 200 саяд хүрнэ. 200 сая гэдэг Хятадын 14,6 хувь бөгөөд долоон Хятад хүн тутмын нэг нь ядуу амьдарч байна гэсэн үг.
Хятадад 200 орчим сая хүн өдөрт 1,25 доллараас бага орлогоор амь зуудаг.
Чжэн Вэнькай Хятадад болдог “Ядууст туслах өдөр” хэмээх баяр болохоос хэдхэн хоногийн өмнө сэтгүүлчдийн асуултад хариулсан юм. Тэр энэ онд ядууст зориулж юу хийх талаараа ярив. Ядууст туслах газрын энэ оны төлөвлөгөө өмнөхөөсөө даруухан. 10 орчим сая ядуусын амжиргааны түвшинг бага болов ч дээшлүүлнэ. Өнгөрсөн онд 40 сая гэсэн зорилготой ажилласан. Түүнээс гадна боохой борооноор гэгчээр ядууст зориулсан мөнгийг замаас нь ичгүүргүй хулгайлдаг нөхдүүд Ядууст туслах газарт цөөнгүй.
Гэсэн ч Хятадад ядуусын тоо жил ирэх тутам цөөрч байгаа. 2010 онд Хятадын ядуус дэлхийн ядуусын 13 хувийг бүрдүүлж байсан бол дараа жил нь 8 хувь болж буурчээ.
Хятад ядуусын үзүүлэлтээр дэлхийд гуравт ордог. Энэтхэг улс ядуусаараа дэлхийд тэргүүлдэг бөгөөд дэлхийн ядуусын 30 хувийг эзэлдэг. Өөрөөр хэлбэл гурван хүн тутмын нэг нь ядуу. Харин аман хүзүүнд Нигер улс орно. Африк тивийн энэ оронд дэлхийн ядуусын 10 хувь амьдардаг.
Эдүгээ дэлхий дээр нэг тэрбум орчим хүн үгээгүй ядуу амьдарч байна. Нийт хүн төрөлхтний 14,5 хувь гэсэн үг. Гэхдээ уг үзүүлэлт 2011 онд 1,25 тэрбум байв.
Дэлхийн ядуусын 40 орчим хувь нь Хятад, Энэтхэгчүүд. Дэлхийн банк уг тоог тийм ч тааруу үзүүлэлт гэж үзэхгүй байна. Учир нь 2008-2011 онд дээрх хоёр оронд 232 сая хүн туйлын ядуу амьдарч байв. Тэр дотроос Хятадуудын тоо 90 сая.
Хятадын хувьд ядууралтай тэмцэх гол арга нь бусад олон оронтой адил ард иргэдийг тосгодоос хот руу шилжүүлэх. Хятадын Статистикийн хорооны мэдээлснээр өнгөрсөн оны сүүлээр хүн амын бараг 53,7 хувь хотод амьдардаг болжээ. 10 хан жилийн өмнө хотын хүн ам чүү ай 40,5 хувь байсан юм. Засгийн газар 2020 он гэхэд хүн амын 60 хувийг хотод амьдардаг болгох төлөвлөгөөтэй. Хөгжингүй орнуудад уг үзүүлэлт дунджаар 80 хувь байдаг.