Эмнэлгийн ажилтнуудын ачааллыг мэргэжил бүрээр тодорхойлох судалгааны ажлыг онцлов
Эрүүл мэндийн сайд Н.Удвал, НЗД-ын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч дарга Н.Энхцэнгэл болон НЭМГ-ын дарга С.Туул нарыг хүлээн авч уулзлаа.
2013.09.18

Эмнэлгийн ажилтнуудын ачааллыг мэргэжил бүрээр тодорхойлох судалгааны ажлыг онцлов

Эрүүл мэндийн сайд Н.Удвал өнөөдөр Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч дарга Н.Энхцэнгэл болон Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга С.Туул нарыг хүлээн авч уулзаж, эрүүл мэндийн салбарын зарим асуудлын талаар санал солилцлоо.

Нийслэлийн удирдлагуудаас Нийгмийн эрүүл мэндийн төвийн стандартыг боловсруулах, эх, барих, эмэгтэйчүүд, нярайн эмч нарыг сургалт, эмнэлгийн дунд мэргэжилтнүүдийн ажлын ачааллыг багасгах, нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудын бүтэц, зохион байгуулалтыг шинэчлэх зэрэг хэд хэдэн асуудалд Эрүүл мэндийн сайдын саналыг сонсож, хамтран ажиллах талаар ярилцсан юм.

Эрүүл мэндийн сайд Н.Удвал нийслэлийн удирдлага эрүүл мэндийн салбарт анхаарал хандуулж, дэмжин ажиллаж буйд талархлаа илэрхийлээд Эрүүл мэндийн яамны зүгээс дээрх асуудлуудын хүрээнд хийж байгаа ажлын талаар товч танилцууллаа. Тодруулбал, нийслэл хотын эмнэлгүүд 600 мянган хүн амтай хотын хүчин чадал, боловсон хүч, статустайгаар өнөөг хүртэл ажиллаж ирсэн нь олон хүндрэлийг дагуулах болсон.

Тиймээс эмнэлгийн ажилтнуудын ажлын ачаалал, норм нормативыг мэргэжил бүрээр тодорхой болгох судалгааны ажил ид дундаа явагдаж байгааг Эрүүл мэндийн сайд Н.Удвал онцлов. Мөн уг судалгаатай уялдуулан улсын хэмжээнд орны хэрэгцээний нарийвчилсан судалгааг хийж, тусгай зөвшөөрөл олгох асуудлыг цэгцлэхээр болсноо ч дуулгасан.

Хотжилт эрчимтэй нэмэгдэх болсон өнөө үед эрүүл мэндийн байгууллагуудын бүтэц, зохион байгуулалтыг шинэчлэх шаардлага зүй ёсоор үүсч байгаатай Эрүүл мэндийн сайд санал нэгтэй гэдгээ илэрхийлж, эхний ээлжинд төвлөрлийг сааруулах үүднээс дүүрэг бүрт эрүүл мэндийн газар байгуулах нь зүйтэй гэж үзэж буйгаа хэлсэн юм.

Нийслэлийн эмнэлгүүд 600 мянган хүн амтай хотын хүчин чадал, боловсон хүч, статустайгаар ажиллаж ирсэн нь олон хүндрэлийг дагуулах болсон.

Үүний зэрэгцээ Хотжилтын үндэсний хөтөлбөрийг боловсруулахаар төлөвлөсөн бөгөөд салбарын яамны зүгээс Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Эрүүл мэндийн газартай нягт хамтран ажиллана гэлээ. Түүнчлэн эх барих, эмэгтэйчүүд, нярайн эмч нарын мэргэжлийг дээшлүүлэх, мэргэшүүлэх сургалтын төлөвлөгөө яамны энэ онд хийж гүйцэтгэх ажлын төлөвлөгөөнд тусгагдсан байна. 

Мөн Сайд хэлэхдээ, “Манай эмнэлгүүдийн барилгын асуудал туйлын хүнд байна. Ялангуяа нийслэлд газраасаа алдаагүй эмнэлэг байхгүй болж байна. Нийслэлийн удирдлагууд энэ асуудалд анхаарч, эмнэлгүүдийн газрыг чөлөөлж, өргөтгөл барих, түргэний машин чөлөөтэй нэвтрэх боломжоор хангаж өгөх хэрэгтэй байна.

Бас нэг анхаарах шаардлагатай асуудал нь хэдийгээр энэ оны эхний 8 сарын байдлаар төрөлт нэмэгдэж, эх, нярайн эндэгдэл өнгөрсөн оны мөн үеэс буурсан ч нийслэлд гарах эндэгдэл буураагүй байна. Эндсэн эхчүүдийн багагүй хэсэг нь захаас шаардлага хангахгүй үр зулбуулах эм авч ууснаасаа болсон байна. Тиймээс ийм эрсдэл дагуулж байгаа үйлдлүүдийг зогсоох тал дээр анхаарч ажиллах хэрэгтэй байна” хэмээв.