2013.06.03

Баянгол дүүрэг Хүүхдийн нэгдсэн эмнэлэгтэй боллоо

Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн босгон дээр Баянгол дүүрэг хэвтэн эмчлүүлэх 35 ор бүхий Хүүхдийн нэгдсэн эмнэлэгтэй болж, багачуулдаа баярын бэлэг барилаа. Нээлтийн ёслолын ажиллагаанд Хуульзүйн сайд С.Тэмүүжин, Эрүүл мэндийн дэд сайд С.Амарсанаа, УИХ-ын гишүүн С.Одонтуяа, Баянгол дүүргийн ИТХ-ын дарга Д.Дэлгэрбат, Засаг дарга Д.Оросоо, Эрүүл мэндийн нэгдлийн дарга Б.Батжаргал нар хүрэлцэн ирж тууз хайчлав. Мөн энэ үеэр хүрэлцэн ирсэн хүүхэд, багачуудад Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн баяр хүргэж, гарын бэлэг гардуулсан юм.

Монгол Улсын Их Хурлын Гишүүн С.Одонтуяа эмнэлгийн нээлтэд оролцлоо.

Тус дүүрэг нь 0-15 насны 55099 хүүхэдтэй. 2012 оны байдлаар амбулиториор халдварт бус өвчлөл 7525, амьсгалын замын өвчлөл 5259, гэдэс ходоод өвчлөл 2791 бүртгэгджээ. Баянгол дүүргийн Засаг даргын 2013 оны нийгэм, эдийн засгийн .зорилтын хүрээнд цаашид эх, хүүхдэд үзүүлэх эмнэлгийн тусламж үйлчилгээний хүртээмжийг дээшлүүлэх зорилгоор байгуулагдсан энэхүү эмнэлэгт 7, 8, 13, 19 дүгээр хорооны хүүхдүүдийг хүлээн авч хэвтэн эмчлүүлэх ажээ. Үүнээс гадна анагаах ухааны салбар дахь хамгийн орчин үеийн техник, төхөөрөмжөөр тоноглогдсон юм байна.

Сүүлийн 20 гаруй жил хотод хүүхдийн эмнэлэг шинээр нээгдээгүй бөгөөд Баянгол дүүргийн хүүхдүүд Сонгинохайрханы Хүүхдийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлдэг байлаа. Хуульзүйн сайд С.Тэмүүжиний санаачилгаар, ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ, Засаг дарга Д.Оросоо нарын дэмжлэгээр энэхүү эмнэлэг Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн босгон дээр үүд хаалгаа нээлээ.