2013.02.01

Э.Бат-Үүл:"Сентерра гоулд" тэргүүний чанараа хадгалдгийн жишээ нь Нэгдүгээр амаржих газар

Клиникийн Нэгдүгээр амаржих газрын өргөтгөлийн нээж өчигдөр боллоо. Шинэ өргөтгөл барих төслийг "Сентерра гоулд" корпорациас санхүүжүүлсэн билээ. Тэд эмнэлгийн дан ганц барилгыг бус, доторх тоног төхөөрөмжийг ч шинээр байрлуулсан байна.

Нээлтийн ажиллагааг "Сентеррагоулд" корпорацийн захирал Гордон Рейд эхлүүлж, Эрүүлийн мэндийн сайд Н.Удвалд шинэ эмнэлгийн түлхүүрийг гардуулсан юм.

"Сентерра Гоулд" компанийн захирал Гордон Рейд:

-Бид нийгмийн хариуцлагаараа ямагт тэргүүлэгч компани байхыг зорьдог. Улаанбаатар хотын Клиникийн нэгдүгээр амаржих газрын өргөтгөлийг санхүүжүүлж, нийслэлийн хөгжилд томоохон хувь нэмэр оруулж байгаадаа баяртай байна. Ирээдүйд мэндлэх бяцхан үрс эрүүл, таатай нөхцөлд мэндлэх орчин бүрдэж байна. Мөн Монголын анагаахын салбарт ч олон ажлын байрыг шинээр бий болгож буйгаараа онцлогтой.

Эрүүл мэндийн сайд Н.Удвал:

-Өнөөдөр бид эрүүл мэндийн салбарын түүхэн үйл явдалд оролцож байна. Монгол Улсын ууган төрөх эмнэлэг, Клиникийн нэг-дүгээр амаржих газрын өргөтгөлийг би "Эх үрсийн өргөө" гэж нэрлэмээр байна.  Нийгмийн  өндөр хариуцлагатай байгууллага "Сентерра гоулд", "Бороо гоулд" компанийнхан мөн Канад улсаас манай улсад суугаа Элчин сайд Грегори Голдхаук нарт Монголынхоо нийт иргэний өмнөөс баярлаж буйгаа илэрхийлье.

Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл:

-Н.Удвал сайдын "Түүхэн үйл явдал" хэмээсэн нь санаандгүй унагасан үг биш байх. Миний мэдэхээр, намайг төрснөөс хойш төрөх эмнэлгүүд

Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл

огт шинэчлэгдээгүй. Би өөрөө Клиникийн хоёрдугаар амаржих газарт төрсөн. Хажуугаар нь явж өнгөрөх бүртээ, "Яагаад засварладаггүй юм бол" гэж боддог байлаа. Харин "Сентеррагоулд" корпорацийнхан энэ өргөтгөлийг барих болсныг сонсоод ёстой л түүхэнд үлдэх юм хийж байна даа гэж бодсон. Өнөөдөр "Сентерра гоулд" компанийн тухай онцолж ярих нь зүйтэй гэж бодож байна. Би энэ корпорацийн үйл ажиллагааг эртнээс мэднэ.

Тиймээс ч хийсэн бүтээсэн бүхэн нь нүдэнд үргэлж ил байдаг. 10 жилийн турших хөдөлмөрлөсөн, амаргүй хугацааг туулсан. Манайд ажилласан түүхээр нь "Сентерра гоулд зовлон туулсан нь" гэдэг нэртэй ном бичмээр санагддаг юм шүү. Мөн Монголын алт олборлох салбарт шинэ техник технологи нэвтрүүлж, уул уурхайн салбарын боловсон хүчний чадавхийг дээшлүүлэх тал дээр ч хувь нэмрээ оруулсныг нь онцлох хэрэгтэй.

Энэ олон жилд тэд манай хуулийг ягштал дагаж ажилласан. Хуулийн буруу зүйл заалт, олон өөрчлөлтөөс болсон хэргийг "Сентерра гоулд", "Бороо гоулд" компанийн алдаа мэтээр гаргаж нэлээд шүүмжлэлд өртөж байсан ч тэсвэр заан чимээгүй байдгийг нь бид мэднэ. Энэ мэт тэргүүний чанараа үргэлж хадгалж байдгийн нэг жишээ бол өнөөдрийн Клиникийн нэгдүгээр амаржих газар. Хэдийгээр зовлон туулсан ч бид шилдэг нь байж чаддаг шүү гэдгээ дахин харуулсан та бүхэндээ баярлалаа.

"Бороо гоулд" компанийн захирал Жон Казаков:

-Төрөх газрын барилгыг сонгосон маань учиртай. Шинэ хүн мэндэлнэ гэдэг улс орны хамгийн үнэт зүйл байдаг. Тиймээс Монгол Улсын ирээдүйд хөрөнгө оруулалт хийж байна.

Клиникийн Нэгдүгээр амаржих газрын дарга Д.Энхбаяр:

Өргөтгөл ашиглалтад орсноор манай эмнэлгийн ачаалал хэвийн хэмжээнд хүрнэ. Иймд бид Баянгол дүүргийн эхчүүдийг хүлээн авдаг болох талаар ярилцаж байна. Одоогоор Клиникийн хоёр, гуравдугаар төрөх газарт ачаалал ихтэй байгаа болохоор цаашид ч шинээр эмнэлгийн байр барих хэрэгтэй.