Х.Тэмүүжин Төрийн албан хаагчийн эмнэлгийн асуудлыг ярих эрхгүй
УИХ-ын гишүүн О.Баасанхүүтэй Төрийн тусгай албан хаагчийн эмнэлгийн барилга болон цаг цеийн бусад асуудлаар ярилцлаа.
-УИХ-ын 20 гаруй гишүүн Төрийн тусгай албан хаагчийн эмнэлгийн өргөтгөлийн барилгыг Хууль зүйн яам, прокурорын ажилчдын оффисын барилга болгох шийдвэрийг эсэргүүцэж, УИХ-д тогтоол өргөн барихаар болсон. Энэ юу болов?
-Бид төрийн албан хаагчийн эмнэлгийн өргөтгөлийн барилгыг эмнэлгийн зориулалтаар нь ашиглах ёстой гэж үзэж байгаа. Уг барилгыг оффисын зориулалтаар ашиглаж болохгүй, улсын төсвөөр эмнэлгийн зориулалтаар барьсан барилгын зориулалтыг өөрчлөхгүй байх шаардлагатай гэж Засгийн газарт үүрэг өгсөн. Гэтэл хуулийн хугацаандаа хариу өгөөгүй. Тиймээс арванхоёрдугаар сарын 5-нд Ё.Отгонбаяр болон миний бие санаачлан ойролцоогоор 20 гаруй гишүүний гарын үсэгтэй тогтоолын төслийг УИХ-ын даргад өргөн барих гээд бэлэн болгочихсон.
-Яагаад тогтоолын төслийг өнөөг хүртэл УИХ-д өргөн барихгүй байгаа юм бэ?
-Тогтоолд гарын үсэг зурах гишүүдийн тоо их байна. Зарим гишүүн нь Х.Тэмүүжингээс айгаад, зарим нь Х.Тэмүүжин гуйсан юм гээд янз бүр болоод байна. Тогтоолын төслийг ямар ч байсан өргөн барина.
-Тэгэхээр барилгын асуудал хэдийгээр шийдэгдэх вэ?
-УИХ-ын даргад өргөн барьснаас хойш нэг их удахгүй шийдэгдэнэ гэж бодож байна.
-Х.Тэмүүжин сайд эмнэлгийн зориулалтаар барьсан барилгыг оффисын зориулалттай болгох гээд байгаагийн шалтгааныг юу гэж харж байна?
-Х.Тэмүүжин Төрийн албан хаагчийн эмнэлэгтэй холбоотой асуудлыг ярих эрхгүй. «Хууль зүйн яам төсвөө даахаа больчихлоо» гэж хэлээд Батлан хамгаалах яаманд харьяалуулсан. Тэгэхээр эмнэлэгтэй холбоотой асуудал ярих гээд байгаа бол Батлан хамгаалах яам л ярина биз дээ. Энэ байшин төрийн өмч. Гэтэл төрийн өмчийг нэг сайд шийдэх учиргүй.
Ер нь нөхцөл байдал, Х.Тэмүүжин сайдын сонинд өгсөн ярилц-лага, бусад зүйлийг хараад маш хариуцлагагүй улстөрч юм гэж бодсон. Энэ нь хэд хэдэн шалт-гаантай. Нэгдүгээрт Х.Тэмүүжин намайг цэргийн анги нэгтгэлээр очиж, үймээн самуунд турхирч, дайн байлдаан хийхийг шаардсан гэж бараг л эрүүгийн гэмт хэрэгтэн мэтээр ярьсан байна лээ. Би тухайн үед түүнийг тоглож байна гэж бодсон. Гэтэл түүний «Үндэсний шуудан» сонинд өгсөн ярилцлагыг уншаад тоглоогүй гэдгийг ойлгосон, Гэхдээ энэ үгийг өөрөө хэлээгүй, түүний ард байгаа хүмүүс хэлсэн юм билээ. Х.Тэмүүжин өөрөө тийм үг хэлэх хүн биш.
-Тогтоолын төсөлд дийлэнх нь МАН-ын гишүүд гарын үсэг зурсан байсан. Зарим улстөрч та бүхнийг эмнэлгийн барилгаар улстөржиж байна гэж үзэж байгаа?
-Хүний эрүүл мэнд зовлонгоор улстөр хийдэггүй. Би хүний зовлонгоор улстөр хийж болохоор маш олон хэрэгтэй ажиллаж байсан. Гэхдээ миний хувьд хүний зовлонгоор улстөр хийхийн эсрэг байдаг. Харин ч тэдэнд туслах ёстой. Хэзээ ч тийм асуудал гаргах ёсгүй. Тэр ч утгаар өнөөдөр маш олон хүн эмнэлэг хүрэлцээгүйгээс зовж байгааг мэднэ.
Миний ээж жил гаруй Гэмтлийн эмнэлэгт хэвтэж байсан. Тэгэхэд л тэр эмнэлэг ямар хэцүү байдгийг ойлгосон. Тухайн үед нэг эмэгтэй таван мянган төгрөгийн төлбөртэй тасагт хэвтэж эмчлүүлж байсан. Тэр эмэгтэй «Намайг битгий төлбөртэй тасагт хэвтүүлээч. Би төлж чадахгүй» гээд сандарч байлаа. Гэтэл эмнэлгийг эсэргүүцээд байгаа хүн саяхан Солонгос руу эмчилгээнд яваад ирсэн гэх сураг дуулдаж байна.
Гадаад руу эмчилгээнд явахыг буруутгаж байгаа юм биш. Гагцхүү аль болох гадаад руу мөнгө зарж эмчилгээнд явахгүйгээр Монголдоо эмчлүүлэх орчинг бүрдүүлэхийн төлөө бид ажиллах ёстой. Өнөөдөр хаа сайгүй оффис, баар ресторан байгаа шиг олон эмнэлэг байгаа бол хамаа алга. Эмнэлгийн асуудал улстөрждөг сэдэв биш. Хүний зовлонгоор улстөр хийдэг хүмүүс л ингэж ярьж байгаа байх.
-Хамгийн гол нь Х.Тэмүүжин болон эмнэлгийн барилгыг оффис болгох гээд байгаа хүмүүс хотын төвд эмнэлэг байх нь буруу гэж үзээд байх шиг?
-Хүн өвдөхөөрөө хашаандаа эмнэлэгтэй ч болоосой гэж хүсдэг. Гэтэл хаа байсан Баянзүрх дүүргийн тэнд эмнэлэг барина гээд байх юм. Эхлээд эмнэлгээ барьж хүмүүсээ ажиллуулж, үйл ажиллагаагаа эхлүүлчихээд. дараа нь янз бүрийн юмаа ярих хэрэгтэй. Манай улсад эмнэлэг үнэхээр дутмаг. Хотын төвд эмнэлэг байлгахгүй гэвэл өвчтөнүүд хаана очиж эмчлүүлэх ёстой гэж.
Чингэлтэй дүүргийн эмнэлэг, Гэмтлийн эмнэлэг, Эх нялхас ачааллаа дийлэхгүй байна шүү дээ. АН-ынхан үргэлж ирээдүй цаг дээр юмыг ярьдаг. Одоо ямар хариуцлага хүлээх тухай ерөөсөө ярихгүй юм. Үүнийг нь бодохоор дургүй хүрээд байна.
-Та Н.Энхбаяр даргын хэргийг шүүх хурлыг хошин шогийн үзэгдэл болно гэж хэлж байсан. Таны хүссэнээр болов уу?
-Маш инээдэмтэй шүүх хурлын шийдвэр гарлаа. «ТВ-9» телевиз тодорхой хэмжээгээр ашигтай ажиллаад олсон мөнгөө хүнд зээлүүлсэн. Зээлсэн хүн нь мөнгөө өгч чадахгүй байгаагаас эд хөрөнгийг нь барьцаалсан. Нөгөө нь «Манайд хөрөнгө оруулаач, ийм аймаар байшинг яах вэ» гэж асуусан. Тэгэнгүүт түүний шийдвэрийг хүлээн зөвшөөрөөд хөрөнгө оруулсан. Ийм хоёр нөхцөлтэйгөөр хийсэн зүйлийг гэмт хэрэг гээд байх юм. Уг нь өмч хувьчилсан хүн нь шоронд орох ёстой. Үнэхээр хувьчлал хууль бус юм бол эхлээд хувьчлалд оролцсон хүмүүсийг нь шалгах ёстой. Ийм хошин үзэгдэл яваад байна. Хөрөнгө оруулсан хүн нь хариуцлага үүрэх учиргүй.
-Хуулийн дээр хөх тэнгэр байдаг гэдэг. Гэтэл улстөрийн намууд дээр нь сандайлчихсан гэдэгтэй санал нийлдэг үү. Хуульч хүний хувьд энэ талаар ямар бодолтой явдаг вэ?
-Шүүх цэвэр байгаа. Харин цөөн хэдэн шүүгч бохир байна. Монголын төр байгаа цагт шүүх, цагдаа, прокурор байх ёстой. Үүн дотор үл бүтэх хүмүүс олон байгаа. Тэднийг ашиглаад улстөрийн тоглолт хийгээд байна. Хэн мөнгө төлнө тэр хөгжмийг сонсдог.
-Энэ долоо хоногт «Шударга ёс» эвслийн Удирдах зөвлөлийн хурлаар Ц.Оюунбаатарыг тангараг өргүүлэх эсэх асуудлыг хэлэлцэнэ гэсэн. Тэгэхээр ирэх долоо хоногоос танай эвслийн асуудал нэг мөр шийдэгдэх юм шиг байна?
-Би Удирдах зөвлөлийн гишүүн биш учир хурлаар Ц.Оюунбаатар, Э.Батшугар нарын хэн нь тангараг өргөхийг хэлэлцэнэ гэж хэлж мэдэхгүй байна.
-Таны хувьд хэн тангараг өргөх нь зүйтэй вэ?
-Хуулийг л барих ёстой. Тухайлбал, надад наймын тоотой сонгогчийн үнэмлэх байгаа. Тэгэхээр 6, 7-гийн тоотой үнэмлэх хэвлэгдсэн байж таарна. Тиймээс тэр хассан хүмүүсийг бүртгэсэн гэсэн үг. Бүртгээд явж байтал төрийн хариуцлагагүй нэг албан тушаалтан Э.Батшугар цэргийн алба хаагаагүй гэдэг бичиг явуулсан.
Уг нь Э.Батшугар цэргийн алба хаах тухай биш, цэргийн үүргээ биелүүлсэн эсэх тухай асуудлыг ярих ёстой. Энэ удаагийн сонгууль улайрсан улстөржилт дунд замбараагүй болсон. Э.Батшугарын асуудлаар салбарын сайдад бодит үнэнийг нь шалгаач гэж гомдол гаргасан. СЕХ эцсийн шийдвэрийг гаргах ёстой юм уу, Сүхбаатар дүүргийн цэргийн штабт ажилласан тэр улстөрч эцсийн шийдвэр гаргах ёстой юу гэдэг нь чухал. Хуулийн дагуу Э.Батшугар УИХ-ын гишүүний тангараг өргөх ёстой.