Д.Тэрбишдагва: Би ажлаа өгөхөөс айхгүй
УИХ-ын гишүүн Ж.Батзандан “Шадар сайд Д.Тэрбишдагва албан тушаалаасаа огцрох ёстой” хэмээн үзэж, өчигдөр шаардлага хүргүүлсэн билээ. Тэгвэл Шадар сайд Д.Тэрбишдагва дээрх асуудалтай холбогдуулж өнөөдөр хэвлэлийнхэнд байр сууриа илэрхийлээд байна. Тэрээр “Ж.Батзандан шаардлага тавьсан нь УИХ-ын гишүүний бүрэн эрхийн асуудал, үүнд миний бие айж эмээгээд байх зүйл алга.
Би өөрийн ажлыг хариуцлагатай хийж байгаа.
Хэрвээ би ажлаа муу хийсэн бол ажлаа өгөхөөс айх зүйл байхгүй. Огцруулах асуудал УИХ-д орж ирээд олонхиороо огцруулах нь зүйтэй гэж үзвэл ажлаа өгнө. Ж.Батзандан улстөрийн захиалгатай зүйл хийж, өөрийгөө баатар болгох, утсан хүүхэлдэй болгох алхам хийж байгаад харамсаж байна” гэж мэдэгдээд байна.
Мөн энэхүү мэдэгдэлтэй зэрэгцэн “УИХ-ын гишүүн Ж.Батзандангийн Д.Тэрбишдагвыг огцруулах асуудал тавьсан нь албан тушаалын томилгооноос үүдэлтэй” гэх албан бус мэдээлэл гараад байна. “УИХ-ын гишүүн Ж.Батзандан Д.Тэрбишдагвад хандан Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргаар Ардчилсан намаас хүн томилуулах хүсэлтийг тавьж байсан.
Харин Шадар сайд Д.Тэрбишдагва хүлээж аваагүй. Түүгээр ч зогсохгүй МАХН-ынхан дунд дээрх Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргад МАХН-ын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах албаны дарга н.Чимэдсүрэнг томилохоор ярилцсан нь тэдний дунд “дайн” дэгдээж улмаар Ж.Батзандан Сэлэнгэд болсон гамшгаар далимдуулж Шадар сайд Д.Тэрбишдагвыг огцруулах асуудлыг сөргүүлэн тавьсан” гэх бас нэг мэдээлэл тархаад байна.