Намрын чуулганыг түр завсарлуулж магадгүй
2012.11.07

Намрын чуулганыг түр завсарлуулж магадгүй

Орон нутгийн сонгууль арваннэгдүгээр сарын 21-нд болохтой холбоотойгоор УИХ-ын намрын чуулганыг түр завсарлуулж магадгүй тухай яриа Төрийн ордонд чих дэлсээд байна. Ингэхдээ УИХ-аар Монгол Улсын 2013 оны нэгдсэн төсвийн тухай хуулийн төслийг батлангуут чуулганыг түр завсарлуулах чиг барьж буй аж. Одоогийн байдлаар 2013 оны нэгдсэн төсвийн тухай хуулийн төсөл хоёрдугаар хэлэлцүүлгийн шатанд байна, гуравдугаар хэлэлцүүлгийг байнгын хороогоор хийх байсан ч энэ өдрүүдэд хийсэнгүй.

Ирэх хоёр өдөр чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилнэ. Хэрвээ УИХ нэгдсэн төсвийн хэлэлцүүлгээ шуурхайлах болбол чуулганы нэгдсэн хуралдааны дундуур УИХ-ын Төсвийн байнгын хороог хуралдуулж байж, ирэх долоо хоногт амжиж 2013 оны нэгдсэн төсвийн тухай хуулийн төсөл болон холбогдох төслүүдийн дөрөвдүгээр хэлэлцүүлгийг хийж, батлах шаардлагатай болж буй юм. Төсвийн шинэ хууль хэрэгжиж эхэлснээр УИХ арваннэгдүгээр сарын 15-ны дотор багтаан улсын нэгдсэн төсвийн тухай хуулийг батлах ёстой, заасан хугацаанд баталж чадахгүй бол УИХ тарна.

Бас нэг мэдээ чих дэлсч буй нь ирэх бямба гаригаас эхлэн гишүүдийн олонх нь орон нутгийг зорьж сонгуулийн ажилд санаа тавихаар шийджээ.

Өнөөдрийн байдлаар УИХ-ын Тамгын газраас гаргасан ирцийн мэдээгээр арав шахам хүн гадаадад болон орон нутагт томилолтоор ажиллаж байна. Тухайлбал, УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Л.Болд Зүүн Өмнөд Азийн орнуудад, Ерөнхий сайд Н.Алтанхуяг, УИХ-ын гишүүн М.Зоригт нар Сүхбаатар аймагт ажиллаж байна. Мөн УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Б.Гарамгайбаатар нар Хэнтий аймагт ажиллаж буй бол УИХ-ын гишүүн Ж.Батсуурь Дорноговь аймгийг зорьжээ. Бие даагч гишүүн Х.Болорчулуун Дорнод аймгийг зорьсон бөгөөд энэ сарын 10-н хүртэл тойрогтоо ажиллах аж. УИХ-ын гишүүн нэг гишүүн чөлөөтэй байна, тэр нь Л.Энх-Амгалан гишүүн юм. Түүнчлэн өнөөдөр УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат Хөвсгөл аймгийг зорьжээ. Энэ нь орон нутгийн сонгууль ардчиллын өлгий нутаг Хөвсгөл аймагт ямархуу янзтай байгаатай ийнхүү өөрийн биеэр танилцахаар шийдсэн бололтой.

Хэдийгээр Монгол Улсын 2013 оны нэгдсэн төсвийг батлах хугацаа хоног хоногоор ойртож хугацаа шахамдуу болж ирж байгаа ч УИХ-ын эрхэм гишүүдийн хувьд орон нутгийн сонгууль сэтгэлийг нь хоёрдуулж тойрог руу нь чангаасаар байна. 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.