“Шударга ёс”-той хамтарч ажиллаж болно
УИХ дахь МАН-ын гишүүд өнөөдөр ээлжит бус хуралдаан хийлээ. Уг хуралдааны талаар албан ёсны мэдээлэл хийгээгүй юм. Гэхдээ УИХ-ын гишүүн Ж.Энхбаяраас дараах асуултад хариулт авлаа.
-Бүлэг сая хуралдлаа. Яг ямар асуудал хэлэлцэв?
-УИХ-ын төвшинд хэд, хэдэн чухал асуудлыг яаралтай хэлэлцэн шийдвэрлэх ёстой байгаа. Энэ хүрээндээ парламентад хамгийн олон суудал бүхий хоёр нам санаачлага гаргаж, зөвшилцөх ёстой гэж үзээд манай намынхан Ардчилсан намын бүлэгтэй “хэлэлцээ”-рт ороод байна. Манай намаас ажлын хэсэг бас байгуулагдсан байгаа. Тэр хүрээн дэх асуудлыг ярилаа.
-Яаралтай шийдэх ёстой чухал асуудал гэдэгт МАН-ын гишүүдийг бүлэгтэй болгох тухай багтаж байгаа гэж ойлгож болох уу?
-Зөвшилцөл явуулах асуудлуудаа жагсаагаад Ардчилсан намд албан ёсоор тавьсан. Энэ хүрээнд ажил эрчимжих байх. Нэн тэргүүнд бүлэг байгуулах асуудал, гишүүдийн бүрэн эрхийн асуудал, мөн Засгийн газраас гаргасан бондод хяналт тавих асуудал багтаж байгаа.
-Өвөрхангайн Ардчилсан намын хоёр нэр дэвшигч дээр ямар байр суурьтай байна вэ, танай намын гишүүд?
-Эрх зүйн маргаанууд нь дуусаагүй байна, тийм учраас эцсийн шийдийг харах ёстой. Мэдээж бид тус намын хоёр нэр дэвшигчийг хоёуланг нь тангараг өргүүлнэ гэдэг дээр хатуу бөгөөд эсрэг байр суурьтай байгаа.
-Тэгвэл хэлэлцээрээс шалтгаалж УИХ-ын чуулганы энэ долоо хоногийн хуралдаанд оролцох эсэхээ шийдэх нь гэж ойлгож болох уу?
-Хоёр намын зөвшилцөл амжилттай урагшилбал бид оролцоно.
-Бондын асуудалд ямар байр суурьтай байна вэ, та тухайлбал?
-Бонд гэдэг маань өөрөө их хэмжээний өр. Хамгийн сүүлд гаргасан 1.5 тэрбум ам долларын бондод өдөрт 270 сая төгрөгийн хүү төлж байна. Түрүүн нь гаргасан Хөгжлийн банкны 580 сая ам.долларын бондод өдөрт 120 сая төгрөгийн хүү төлж байсан. Энэхүү бонд нь нийлээд нэг өдөрт 390 сая төгрөгийг алдаж байна. Тэгтэл Засгийн газар Монголбанкинд 2 их наяд төгрөгийн дотоод өртэй байгаа нь эдийн засгийн дотоод дахь өрийн дарамтыг улам өндөр болгож байна. Шүүмжлэлтэй гол асуудал нь тэрхүү үнэт цаасыг юунд зарцуулах нь тодорхой бус байгаа нь хамгийн их санаа зовоож байна. Тэр тусмаа дээр нэр дурдсан бондын хүүнд өдөрт 400 сая төгрөгийг хоосон төлж байна шүү дээ. Малын тоо толгойгоор жишвэл, багаар бодоход 50 мянган хонь өрөнд төлж байна гэсэн үг юм.
-“Чингис бонд”-той холбоотойгоор Үндэсний аюулгүй байдлын зөвлөмж гарсан. Хэр сайн зөвлөмж вэ?
-Зөвлөмж зөв зүйтэй гарсан. Гол асуудал юунд байна вэ гэхээр бондыг хэрхэн юунд зарцуулах нь тодорхой бус байгаа нь маш эмзэг байгаа юм. Монгол Улсаа барьцаалж байж зээл авчихаад байна шүү дээ.
-МАН-ын гишүүд МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлэгт орох нь гэсэн мэдээлэл гарах боллоо?
-Улстөрийн түмэн хувилбар явагдаж байна, үгүйсгэж болохгүй. Тэр тусмаа МҮАН, МАХН-ын “Шударга ёс” эвслийн бүлэг биднийг хамтарч ажиллая гэвэл яагаад болохгүй гэж.