С.Бямбацогт: МАН-ын бүлгийг байгуулж, хяналт тавих эрхийг нь олгох хэрэгтэй
УИХ дахь Монгол Ардын намын гишүүд цаг үеийн асуудлаар хуралджээ. Энэ тухай гишүүн С.Бямбацогт, Д.Оюунхорол нар мэдээлэл хийсэн юм. Хурлаар гурван асуудлыг авч хэлэлцжээ. Нэгдүгээрт нь ЗГ-аас үнэт цаас гаргахтай холбоотой асуудал, хоёрдугаарт арьс ширний салбарыг дэмжих 200 тэрбум төгрөгний бондыг хэрхэн зарцуулах тухай, гуравдугаарт хөдөлмөрийн тухай хуулийн асуудлыг тус тус хэлэлцсэн байна.
С.Бямбацогт гишүүн хэлэхдээ: “Сүүлийн үед Шинэчлэлийн Засгийн газар бондын засгийн газар, зээлийн засгийн газар гэсэн нэртэй болоод байгаа. Өнгөрсөн долоо хоногт бид 1,5 тэрбум ам.долларын бондыг олон улсын зах зээлд амжилттай гаргасан. Гэхдээ ямар төсөлд хэзээ яаж зарцуулах нь хараахан тодорхойгүй байна. Үүн дээр МАН-ын бүлэг хяналт тавьж ажиллах ёстой. Бонд бол өр, зээл. Үүнийг монголын ард түмэн өнөөдөр биш юм аа гэхэд маргааш заавал төлж дуусах ёстой. Тиймээс хяналт хэрэгтэй. Бид сөрөг хүчний үүргээ биелүүлмээр байна” хэмээсэн юм. Үнэхээр ч МАН-ын бүлгийг байгуулж өгөхгүй байгаа нь асуудал үүсгээд байгаа билээ. Тэдэнд эрх баригч намын зүгээс хяналт тавих боломжийг олгохгүй байгааг эсэргүүцэж байгаа гэдгээ хэд хэдэн удаа илэрхийлсэн билээ.
Бондын зээлийг үр ашигтайгаар зарцуулья л гэвэл МАН-ын бүлгийг байгуулж, хяналт тавих эрхийг нь олго
Ардын намын гишүүдийн зүгээс бондыг хүүг нарийн тооцсон бөгөөд нэг өдөрт 270 сая төгрөг байгаа нь нэг цэцэрлэг, сургууль барих хэмжээний мөнгө гэдгийг хэлж байлаа. Тиймээс бондын зээлийг үр ашигтайгаар зарцуулья л гэвэл МАН-ын бүлгийг байгуулж, хяналт тавих эрхийг нь олгох нь зүйтэй гэв.
Тэдний хэлэлцсэн бас нэг асуудал нь арьс ширний салбарыг дэмжих бондын асуудал байжээ. Тус намын гишүүд өнгөрсөн долоо хоногийн хурлаараа 1 литр сүүнд 500 төгрөгний урамшуулал олгох санал гаргасан. Энэхүү саналаа өнөөдрийн хурлаараа ч баталгаажуулж, сүүний салбарыг ч дэмжих ёстой гэж үзжээ. Хэрвээ 200 тэрбумын бондоос сүүний урамшууллыг олгох боломжгүй гэвэл 140 тэрбум төгрөгийг 1,5 тэрбум төгрөгний бондоосоо шийдье хэмээн санал нэгджээ.