“Шинэ хууль хүлээлтэд нийцсэн”
Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэж буй энэ үед УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Л.Болдтой уулзаж ярилцлаа.
-Юуны өмнө УИХ-ын Сонгуулийн шинэ хуулийг санаачлагчдын нэгний хувьд өнгөрсөн сонгуулиудын талаар Та ямар дүгнэлт хийж байна вэ? Хууль хэрхэн хэрэгжив?
-Хэдийгээр энэ хуулийн талаар эдүгээ янз бүрийн санаа оноо цухалзаж байгаа ч бүхэлдээ уг хууль Монголын улстөрийн тогтолцоог шинэчлэхэд томоохон ахиц дэвшил гаргасан гэдгийг нэгэнтээ хүлээн зөвшөөрч байгаа болов уу. Анх удаа пропорциональ сонгуулийн элементийг оруулж ирж парламент дахь олон намын оролцоог бодит утгаар нь бэхжүүлж чадлаа. Түүнчлэн өнөөгийн Монголын нийгмийн захиалга болсон эмэгтэйчүүдийн төлөөллийг хууль тогтоох засаглалд түлхүү оруулж чадлаа. Энэ УИХ-д бүлэг байгуулах хэмжээний буюу 11 эмэгтэй гишүүн сонгогдсон нь шинэ дээд амжилт гэдэгтэй өнөөдөр хэн ч маргахгүй бизээ. Хамгийн гол нь сонгуулийг шударга явуулахад томоохон алхам болсон гэж үзэж байна. Сонгуулийн дараагаар үүсдэг эсэргүүцэл, жагсаал цуглаан, томоохон маргаан үүсээгүй нь үүний нэг тод илрэл юм. Товчхондоо сонгуулийн шинэ хуулийн чиг хандлага нь зөв, монголын нийгмийн хүлээлтэд нийцсэн гэдэг нь нотлогдлоо.
-Автоматаар санал тоолсон нь багагүй асуудал үүсгээд байгаа юм биш үү?
-Аливаа шинэ зүйл бүхэн өөртөө ямагт эргэлзээ, магадлал тээж байдаг. Түүн лугаа адил тодорхой хэмжээний маргаан үүсэх нь өөрөө бараг зайлшгүй зүйл л дээ. Гэхдээ сонгуулийн санал хураалт дууссаны дараа зориудаар л маргаан үүсгээгүй бол нийт санал хураах байрны 90 гаруй хувьд нь санал хураалтын дүн 30 минутын л дотор гарсан. Энэ бол сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөх маш чухал хөшүүрэг юм. Өөрөөр хэлбэл, машинаар санал тоолсон нь сонгуулийг хувь хүнээс хамааралгүй болгосноороо элдэв булхай луйвраас сэргийлж чадсан. Нэг жишээ хэлье. Би сонгуулийн дараа нэр дэвшсэн тойргийнхоо зургаан хэсэгт гараар хяналтын тооллого хийлгэсэн. Ингэхэд гурван өдөр, гурван шөнө зарцуулсан. Тэгээд нэг л “алдаа” гарсан. Дахиад нягтлахад шалгасан хүн нь буруу харснаас үүдэлтэй алдаа болж таарсан л даа.
2008 онд УИХ-ын сонгуулийг олон мандаттай 26 тойрогт мажоритар тогтолцоогоор явуулсан. Энэ сонгуулиар сонгогчдын санал хураалт 15 цаг, санал тоолох ажил дунджаар 72 цаг үргэлжилж, хэсгийн хорооны гишүүд нийт 87 цагийн турш тасралтгүй ажилласан гэсэн судалгаа байдаг юм байна лээ. Энэ явцад санал нэмж хасах булхай, нэг нэр дэвшигчид өгсөн саналыг өөр нэр дэвшигчийн авсан саналд нэмж тоолох зөрчил гарсан талаар нэлээд маргаан үүсч, зарим нь олон сар шийдэгдэлгүй сунжирсан. Хэрвээ 2012 оны УИХ болон ИТХ-ын сонгуулиудыг шинэ системийн дагуу явуулахдаа гараар тоолсон бол магадгүй өнөөдөр сонгуулийн дүн гараагүй ч байж мэдэх юм.
-Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг УИХ одоо яг хэлэлцэж байна. Саналыг гараар тоолох тухай яриа ч сонстож байна?
-Зарим намын зүгээс Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтыг гараар тоолох тухай ярьж байгаа. Би үүнийг шаардлагатай гэж бодохгүй байна. Машинаар тоолоод шаардлагатай гэвэл гараар хяналтын тооллого хийхэд татгалзах зүйлгүй юм. Тэгээд ч бусад сонгууль шиг олон хүн нэр дэвшихгүй, 2-3 хүн нэр дэвших тул цаг алдах ч юмгүй дээ. Ер нь бол хүнээс хамааралтай байх тусмаа л сонгуулийн дүнд ноцтой нөлөөлөхүйц элдэв бөөний булхай гардаг даа.
-Гадаадад байгаа иргэдийг сонгуульд оролцуулах талаар хэрхэн анхаарч байна?
-2012 оны УИХ-ын сонгуулиар гадаадад нийтдээ 39 хэсгийн хороонд 4276 сонгогч бүртгэгдснээс 2779 буюу 65 хувь нь сонгуульдаа оролцсон гэсэн дүн мэдээлэл байна. Ирц ийм бага байсан шалтгаан нь зөвхөн намд санал өгөхөөр болон саналыг зөвхөн нэг өдөр авахаар шийдвэрлэснээс үүдэлтэй байсан. Гэтэл гадаадад байгаа иргэд маань зарим тохиолдолд нэг хотоос нөгөө хот руу очиж санал өгөх гээд цаг заваа зохицуулах хүндрэл учирсан байна лээ. Мөн манай энхийг сахиулагчид ч саналаа өгч чадаагүй. Энэ бүхнийг Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцэхдээ харгалзан үзэх учиртай. Түүнчлэн гадаадад суугаа манай дипломат төлөөлөгчдийн газрууд иргэдээ сонгуульд оролцох эрхээ эдлэхэд нь онцгой анхаарч ажиллах ёстой юм.