УИХ-ын гишүүн О.Баасанхүү
2013.05.15

Улс төр аймшигтай бохир байна

Aravt.mn сайтын “Аминчхан 10 асуулт” нэвтрүүлгийн зочноор УИХ-ын гишүүн О.Баасанхүү оролцлоо.

Оффис болгохуу эмнэлэг болгох уу гэж яригдаад байсан эмнэлгийн асуудал чимээгүй болчихлоо. Энэ асуудал юу болж байна вэ?

Чимээгүй болсон зүйл байхгүй. Өчигдөр НББСШУ-ны байнгын хороогоор орсон. Бид төрийн тусгай албан хаагчийн эмнэлгийг батлан хамгаалах яамны эмнэлэгтэй нийлүүлсэн асуудлаар маргаан гаргаагүй.

Харин өнгөрсөн оны төсвийн тухай хуулинд эмнэлгийн зориулалттай барилга барина гэж төсвийн мөнгийг авчихаад зориулалтыг нь өөрчлөх гэж байгаа нь зохих хуулиудыг зөрчсөн.  

Үүнийг шийдэж өгөөч гэсэн асуудал тавьсан. Харамсалтай нь улстөржөөд байна. Энэ асуудал хууль зүйн сайдыг огцруулах хамгийн том үндэслэл болоод байгаа. Бид эмнэлэг чигээр нь авч үлдэхээр ажиллаж байна.

Эрх барьж байгаа нам энэ эмнэлгийг MCS компанид олон тэрбум төгрөгөөр зарсан гэсэн яриа байгаа. Үүнийг та юу гэж бодож байна вэ?

Тийм мэдээлэл сонсоогүй. Төрийн өмчийг хувийн компанид худалдах бас л хууль тогтоомжоор явагдах ёстой. Миний хувьд эмнэлгийн барилгыг хууль зүйн яам авах гэж байгаа нь учир дутагдалтай гэж үзэж байгаа.

Чингэлтэй дүүрэгт төрөх эмнэлэг, хүүхдийн эмнэлэг алга. Нэгдсэн эмнэлэг нь элэгдэлд ороод мэс заслаа ч хийж чадахгүй байгаа. Чингэлтэй дүүргийн иргэд хуучин төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг байхад мэс заслаа хийлгэдэг байсан.

 Солонгос улсын эмнэлэгээр өдөрт 40 монгол хүн үйлчлүүлж байна.

Одоо хаана хийлгэх нь тодорхойгүй байна. Тэр утгаараа Чингэлтэй дүүргээс нэр дэвшсэн эмч Г.Баярсайхан, сэтгүүлч Г.Уянга нар дугарахгүй байгаад сэтгэл эмзэглэж, санаа зовж байна.

Өнөөдөр хуулийн байгууллагаар хичнээн хүн үйлчлүүлэх үү гэтэл эмнэлгийн байгууллагаар хичнээн хүн үйлчлүүлэх үү. Намын бодлогодоо атгагдсан хүмүүсийг албадахад хэцүү байна. Маргаашийн сонгуулиа биш өнөөдрийн иргэдийнхээ эрх ашгийг нэгдүгээрт тавих ёстой гэж бодож байна.

Цаашид яах төлөвлөгөөтэй байна?

Энэ асуудлыг төрийн байгуулалтын байнгын хороо шийдэх ёстой. ТББХ-ноос хууль зүйн байнгын хороо, НББСШУ-ны байнгын хороонд өгсөн байгаа. Ардчилсан нам завсарлага авч дэгийн тухай хуулиа зөрччихлөө. Хууль зөрчдөг гэдгээ нотолчихлоо.

Нэгэнт ийм байгаа учир энэ байнгын хорооноос сая эксперт томилъё гэсэн. Чингэлтэй дүүргээс нэр дэвшээд УИХ-ын гишүүн болж байсан, тус дүүргээс хамгийн их санал аваад Ерөнхийлөгч болж байсан Ц.Элбэгдорж гуайг энэ асуудал дээр үгээ хэлээсэй гэж хүсч байгаа.

Солонгос улсын эмнэлэгээр өдөрт 40 монгол хүн үйлчлүүлж байна. Өвчний оношийг эрт илрүүлэхэд тоног төхөөрөмж, хүн хүч хэрэгтэй. Эрүүл мэндийн салбарын уналттай байгаа үед эмнэлгийг нь булааж байгаа нь аймшигтай дүр зураг.

Удахгүй болох гэж буй Ерөнхийлөгчийн сонгуулийн өнгийг яаж харж байна вэ?

Нэг л хүн өөрийгөө ялчихсан гээд ойлгосон байгаа. Тэгж ойлгож байгаа болохоор сонгуульд орох сонирхолтой хүн багасаад байна. Сонгуулийг нэг хүний ялалт байна гэж ойлгоод байгаа. Өрсөлдөгч байгаа юм уу.

УИХ-ын гишүүний цалин хэд вэ. Амьдралд хүрч байна уу?

Нэг сая 200 мянга. Хэцүү. Амьдралд хүрэхгүй байна. Гэхдээ яахав цалин бол зүгээр л нэг үзүүлэлт.