Эрүүл мэндийн яамны Барилга захиалагчийн албаны дарга Ж.Нэргүй
2013.08.01

Эмнэлгийн салбарт баригдаж буй 42 барилгыг танилцуулав

Эрүүл мэндийн яамны Барилга захиалагчийн албаны дарга Ж.Нэргүй өчигдөр эрүүл мэндийн салбарт шинээр баригдаж буй барилга байгууламжийн ажлын явцын талаар мэдээлэл хийлээ.

Түүний мэдээлснээр улсын төсвийн хөрөнгө оруулалтаар эрүүл мэндийн салбарт он дамжин баригдаж байгаа нийт 39 барилга байгууламжаас хөдөө, орон нутагт 30, нийслэл хотод есөн барилга тус тус баригдаж байна.

Тодруулбал, Нийслэлийн Баянзүрх дүүрэгт дөрөв, Хан-Уул дүүрэгт хоёр, Баянгол дүүрэгт хоёр, Сүхбаатар дүүрэгт нэг бол Баянхонгор, Дорноговь, Орхон, Өмнөговь, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Хөвсгөл аймгуудад тус бүр нэг, Архангай, Баян-Өлгий, Булган, Дорнод, Завхан, Өвөрхангай, Сүхбаатар аймгуудад тус бүр хоёр объектын барилгын угсралтын ажил явагдаж байна.

Харин Дундговь аймагт гурав, Говь-Алтай аймагт дөрвөн барилгын угсралтын ажил гүйцэтгэгдэж байгаа аж.

Хан-Уул дүүрэг дахь төрөх эмнэлэг

Эдгээр барилгуудаас таван барилгын угсралтын ажил 2010 онд, 18 барилгын угсралтын ажил 2011 онд, үлдсэн 16 барилгын угсралтын ажил 2012 онд эхлэсэн бөгөөд үүнээс 16 барилгын угсралтын ажлыг гүйцэтгэх ажлын гэрээг сунгасан байна.

Одоогийн байдлаар таван барилгын угсралтын ажлын гэрээний хугацааг сунгах шаардлагатай бол арван барилгын угсралтын ажлыг гэрээт хугацаандаа гүйцэтгэж байна.

2013 оны төсвийн тухай хуульд тусгагдсны дагуу тендер зарласнаар таван барилгын угсралтын ажил шинээр хийгдэж эхэлжээ. Тухайлбал, Өмнөговь аймгийн Цогтцэций, Ханбогд сумдад тус бүр 50 ортой эмнэлэг, Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн төвийн барилгын угсралт, Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлгийн барилгын өргөтгөлийн ажил эхэлсэн байна. Харин Улаанбаатар хотод Цус сэлбэлт, судлалын төвийн барилгын ажил эхэлсэн гэнэ.

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн өргөтгөл, Орхон, Говь-Алтай аймгуудын Эрүүл мэндийг дэмжих төвийн барилгын ажил энэ оны хоёрдугаар улиралд дуусч, улсын комисст хүлээлгэн өгсөн байна.

Харин Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын 15 ортой эмнэлгийн барилга ашиглалтад ороход бэлэн болоод байгаа бөгөөд наймдугаар сарын 2-нд нээлтээ хийхээр болжээ. Уг нээлтэд зориулж Эрүүл мэндийн яамнаас тоног төхөөрөмж бэлэглэж, суурилуулж өгөхөөр ажиллаж байгаа аж.

ЭМЯ-ны Барилга захиалагчийн албаны дарга Ж.Нэргүй хэлэхдээ, “Он дамжсан барилгуудаас ажил үргэлжлүүлэн гүйцэтгээгүй зогссон хоёр обьект бий. Дундговь аймгийн Дэлгэрхангай суманд баригдаж байгаа 15 ортой эмнэлгийн барилгын ажил 2012 оны санхүүжилтээ авч чадаагүй гэсэн шалтгаанаар зогссон байна.

Говь-Алтай аймгийн Цээл сумын 10 ортой эмнэлгийн ажил хийгдээгүй зогсонги байдалтай байгаа. Нийслэлд Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвийн өргөтгөлийн барилгын зураг төсөв, Эрүүл мэндийг дэмжих төв (Засгийн газрын 8 байр) ийн зураг төслийн ажил зогссон.

Он дамжин зургаан барилгын зураг төсөл хийгдснээс Халдварт өвчин судлалын үндэсний төвийн III шатлалын лаборатори, Гэмтэл согог судлалын төвийн харъяа Түлэнхийн төв, Архангай аймгийн Тариат сумын төвд баригдах хүн эмнэлгийн барилга, Хэнтий аймгийн Өндөрхаан сумын төвд баригдах Байгалийн голомтот халдварт өвчинтэй тэмцэх газрын барилгын зураг төсөл хийгдэж дуусаад угсралтын ажлын тендер зарлахад бэлэн болсон байна.

Үүний зэрэгцээ УКТЭ-ийн өргөтгөл, Сүхбаатар, Баянзүрх дүүргүүдийн Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн төв лабораторийн барилга, хоёрдугаар төрөх эмнэлгийн барилгын зураг төсөл хийгдэж байгаа.

Улаанбаатар хотын Хан-Уул дүүрэгт баригдаж буй 300 ортой төрөх эмнэлгийн барилгын ажлын явц 65 хувьтай, Ахмадын 60 ортой геронтологийн төвийн барилга 50 хувьтай явж байгаа ч гэрээнд заасан хугацаандаа ашиглалтад орох нь эргэлзээтэй байгаа.

Гүйцэтгэгч компаниуд нэмэлт санхүүжилтийн асуудлыг шийдэж өгөх хүсэлтээ гаргасан. Уг асуудлыг шийдвэрлүүлэхээр Сангийн яам, Засгийн газарт хандсан ч тодорхой шийдэлд хүрээгүй. УИХ-д Л.Эрдэнэчимэг гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг томилогдож, хяналт шалгалт хийсэн бөгөөд хараахан эцсийн дүгнэлтээ гаргаагүй байгаа” гэв.