Н.Удвал: Элгээрээ хэвтсэн салбарыг эмчлэхэд цаг хугацаа хэрэгтэй
Эрүүл мэндийн сайд Н.Удвал
2013.08.28

Н.Удвал: Элгээрээ хэвтсэн салбарыг эмчлэхэд цаг хугацаа хэрэгтэй

Эрүүл мэндийн сайд Н.Удвалтай  ярилцлаа.

-Өвчиндөө шаналсан өвчтөн, ачааллаа даахгүй эмч хоёр-

-Эмнэлгийн үйлчилгээ авч байгаа иргэд эрүүл мэндийн салбарыг шинэчлэх цаг болсон гэдгийг хэлж байна. Энэ нь эмнэлгийн ажилтнууд хариуцлага алдаж байгаагаас болж байна уу, эсвэл салбарын бодлого алдаатай байна уу?

-Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын ерөнхий захирал Маргарет Чан хэдхэн хоногийн өмнө Монголд айлчлаад явсан. Монголын эрүүл мэндийн салбар гэдэг бол нэг сайдын хийх ажил биш. Иргэдийнхээ эрүүл мэндэд төр өөрөө анхаарал хандуулж үүнийгээ дагаад бүх салбар хариуцсан яам, агентлагууд эрүүл мэндийн төлөө ажиллах ёстой.

Өөрөөр хэлбэл, хүний эрүүл мэнд гэдэг нь бүх цаг үед үнэт зүйл хэвээр байсан бөгөөд үүнийг хамгаалж ажиллахын тулд төр, иргэн хамтарч ажиллах ёстой гэдгийг сануулж хэлсэн.

Улс эх орны иргэн багаасаа эрүүл мэндийн боловсрол эзэм­шихэд боловсролын байгууллага анхаарах, хөрсний бохирдол ундны усыг цэвэр чанд байлгахад Байгаль орчин,ногоон хөгжлийн яам ажиллах, зам тээврийн осол хэрэг гаргахгүй байхад Зам тээврийн яам болон түүний хэрэгжүүлэгч агентлагууд ажиллах нь иргэн хүний эрүүл мэндийг эрүүл байлгах хамгийн оновчтой арга юм.

Энгийнээр хэлбэл, хүүхэд бүр гаднаас орж ирээд гараа угааж сурах юм бол халдварт өвчнөөс сэргийлэх бүрэн боломжтой. Агаарын бохирдлыг бууруулж чадах юм бол үүнээс үүдэлтэй өвчнөөс ангижирна. Зам тээврийн осол хэргээс урьдчилж сэргийлж чадвал иргэн нь гэмтэж, амь насаа алдахгүй.

Харин Монголын эрүүл мэндийн салбарт өнөөдөр энэ бүх  зүйл алдагдаж системийн гажуудалд ороод байна. Улстөржилт энэ салбарт олон жилийн турш нүүрлэсэн учраас эрүүл мэндийн салбарыг элгээр нь хэвтүүлэхэд ихээхэн нөлөөлсөн. Мэргэжлийн бус хүмүүс томилж салбарын сайн, мууг олж харахаасаа илүүтэйгээр яаж мөнгө саах вэ гэдэгт л илүү анхаарал хандуулжээ.

-Нэг жилийн хугацаа өнгөрсөн байна. Энэ хугацаанд эрүүл мэн­дийн салбар яаж өөрчлөгдсөн гэж?

-Шинэчлэлийн Засгийн газар томилогдон ажилласнаас хойш нэг жилийн хугацаа өнгөрлөө. Энэ хуга­цаанд салбарыг шинэчлэх тал дээр арга хэмжээ авч эхэлсэн. Шинэчлэ­лийн бодлогыг хэрэгжүүлэхэд сургалт явуулахгүйгээр эрүүл мэндийн байгууллагыг шинэчлэх боломж муу.

Нөгөө талаас эрүүл мэндийн салбарыг удирдаж байгаа удирдлагуудын шинэчлэлийн хүсэл зорилго, ойлголт, чадвар үүнд ихээхэн нөлөөлнө. Шинэч­лэл гэдэг өнөөдөр хэрэгжээд маргааш үр дүн гардаг зүйл биш. Эрүүл мэндийн салбарын бодлого зөв гэдгийг Дэлхийн эрүүл мэндийн бай­гууллага үнэлсэн. Харин хэрэгжүүлэх шатандаа анхаарал хандуулж ажиллах хэрэгтэй.

Эрүүл мэндийн яамнаас бүх эрүүл мэндийн байгууллага дээр шинэлэлийн бодлогыг хэрэгжүүлэхээр сургалт зохион байгуулж байна. Нөгөө талаас эрүүл мэндийн шинэчлэлийн цөм нь эрүүл мэндийн үйлчилгээ чанар аюулгүй байдал эрсдэлгүй тусламж үйлчилгээ юм. Эмнэлгийн ажилтнуу­дын алдааг бүртгэх, бууруулах ажил ид үргэлжилж байна.

-Та эрүүл мэндийн салбарт улстөрчдийн нөлөөлөл их байна гэлээ. Энэ нөлөөллөөс ангижирч болох гарц таны гарт байгаа гэж ойлгож байна?

-Хүний эрүүл мэндийн асуудал өөрөө нууц. Улстөрчдийн улс төрийн хүрээлэл өнөөдөр газар сайгүй шигдэж, үүгээрээ ичгүүр сонжуургүй­гээр улс төр хийж байгаад харамсч байна. Өнөөдөр нас барсан иргэдийн тоог бүртгэж түүнийг нь өдөр бүр хэвлэж нийтэлдэг  олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл бий болжээ.

Иргэ­дийнхээ үхлээр улс төр хийнэ гэ­дэг бол ёс суртахууны доголдол ёроол­доо хүрснийх. Үүний нэг жишээ нь хоёр ихэр хүүхдийг амьд эсэн мэнд бойжиж байхад нь нас барсан гэж зориуд  худал, зохион байгуулалтаар нийтэд мэдээлсэн. Алгын чинээ хүүх­дүүдийг амьд мэнд байхад нь ингэж мэдээллэх нь хүний ёсноос гаж үйл­дэл биш гэж үү.

Өөрсдийнх нь үр хүүх­дийг амьд мэнд байхад нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр ингэж гүтгэж доромжлоод байвал тухайн эцэг эхэд ямар байх вэ. Бүгд л үр хүүхэдтэй хүмүүс. Үүнд би эмэгтэй хүнийхээ хувьд, салбар хариуцаж байгаа сайдын хувьд их харамссан. Тиймээс хүний эрүүл мэнд, нэр төрийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр гутаасан зарим хэвлэл мэдээллийн байгуул­лагыг шүүхэд өгөөд байгаа.

Ийм ёс сур­тахуунгүй асуудлыг яаралтай тас­лан зогсоохгүй бол үхэл, амьдралтай өдөр, шөнөгүй тэмцэлдэж явдаг эмч нарын хөдөлмөрийг ч үнэлэх боломж­гүй. Өвчин гэдэг хэлж биш, хийсч ирдэг учраас үүний өмнө ямар ч сайн эмч сөхөрч, сэтгэлдээ шаналалтай үлддэг нь ганцхан манайд биш, дэлхийн бүх эмч нарт тохиолддог зүйл.

-Нас баралтаар улс төр хийнэ гэдэг мэдээж байж боломгүй зүйл. Гэхдээ сүүлийн үед нас баралт нэмэгдэж байгаагийн гол шалтгааныг та юу гэж үзэж байна вэ?

-Сүүлийн үед иргэдийн нас барал­тын шалтгааныг харахад ихэнх нь хорт хавдраар өвчлөгсөд байна. Мэдээж, үүнийг бага хэмжээнд барих нь бидний гол зорилго. Чанартай боловсон хүчин бэлтгэхийн тулд сайн бааз,  суурь хэ­рэгтэй. Өнөөдрийн анагаахын сургалт зөвхөн тэнхмийн сургалттай.

Ерөөсөө практик дээр ажиллаж үзээгүй хүн эмч болж байгаа нь эрүүл мэндийн салбарт шууд нөлөөлж байна. Анагаахын сургуулийг төгсч байгаа хүүхдүүдийн ур чадвар, ёс зүйн асуудал, үйлчилгээний соёл гэж орохгүй байгаа нь нөлөөлж байна.

Саяхан ЭМШУИС-ийн шинэ захирал надтай ирж уулзсан. Бааз эмнэлгийн тал дээр хамтарч ажиллах санал тавь­сан. Эрүүл мэндийн яамны сайдын зөвлөл, ЭМШУИС-ийн захирлын зөвлөл хамтарч чанартай мэргэжилтэн бэлтгэх асуудлыг хамтран шийдэхээр болсон.

Одоогийн нөхцөл байдал хүнд. Анагаахын сургуулийн бүх оюутан нэгдүгээр төрөхөд дадлага хийдэг. Мянга гаруй оюутан, тус эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгсэд нийлэхээр яаж халдварт өвчин гарахгүй байх юм бэ. Ийм  замбараагүй сургалтаас ямар чанартай боловсон хүчин гарах билээ.

-Дадлага хийж байгаа оюутнууд анатомийн задланд ордоггүй­гээс мэргэжлийн алдаа их гарч байна гэсэн?

-Үнэн. Биднийг эмч байх үед нэг хүн нас барахад эмгэг анатомийн задланд ордог байв. Ийм задланг хийхэд эм­нэлгийн бүх том эмч нар орно. Тэ­гээд эмчлэгч эмчээс нь асууна. Энэ тариа чинь яаж задраад, хаана очоод ямар үйлчилгээ үзүүлсэн бэ гэдгээс нь эхлээд тал талаас асуудаг.

Бид эмчилгээгээ нэг бүрчлэн задлан дээр тайлбарладаг байв. Хэрвээ оношийн зөрүү гарах юм бол эмнэлгийн хэмжээ­гээр авч хэлэлцэж, цаашид эмч хийх, үгүйг нь шийддэг байсан. Харин өнөө­дөр энэ бүхэн алдагдаж хариуц­лагын тогтол­цоо гэж байхгүй болсон байна.

-Та илтгэл тавихдаа эрүүл мэн­дийн тогтолцоог бий болгохдоо ямар ч тооцоо судалгаа хийгээ­гүй гэдгийг шүүмжилсэн. Энэ талаар тодруулмаар байна?

-Улс эх орны эдийн засаг заавал тооцоо судалгаатай байх ёстой. Миний хувьд “Улс төрийн эдийн засаг ба эрүүл мэнд” гэсэн илтгэл тавьсан. Өнөөдөр төрж байгаа эхчүүдээ хаана төрүүлэх үү, төрсөн хүүхдүүдийг хаана цэцэр­лэгт оруулах вэ, ямар эмнэлгээр үйлч­лүүлэх вэ гэсэн гол асуудлуудыг эдийн засгийн төлөвлөгөөндөө тусгаагүй.

Хэчнээн жилийн өмнө байсан тэр л эмнэлэгтээ төрж, эмчлүүлж байна. Гэтэл өдрөөс өдөрт төрөлт нэмэгдэж, хүн ам нь тэлсээр.  Эмнэлэг ачааллаа даахгүй байна гэдэг  нь эмч нар  ачаал­лаа даахгүй болсон гэсэн үг.  Нийгмийн стресс дээд цэгтээ хүрсэн.

Нэг үгээр хэлбэл, эмч нар нийг­мийн стресс тайлдаг мешок бол­чих­ож. Ингээд өвчиндөө шаналсан өвчтөн нэг талаас, ачааллаа даахгүй эмч хоёр нэг талд гарахаар инээд алдаад уулзаж чадах уу. Тиймээс энэ салбарыг өөрчилж, эмч нарын нийг­мийн асуудлыг яарал­тай шийдэж байж салбарын шинэч­лэлийн асуудлыг ярина.

-Хариуцлага гэдэг зүйл халааснаас гараад явсан-

-Та Эрүүл мэндийн сайд болс­ны дараахан эмнэ­лэгт танил талгүй бол хэцүү гэдгийг хэлж байсан. Энэ бүхэн одоо хэвээр байна уу, өөрч­лөгдсөн үү?

-Ерөнхий хандлагыг нь өөрчил­сөн. Заавал танил тал гэхгүйгээр эмнэлгийн үйлчилгээ үзүүлэхийг шат шатны удирдлагуудад нь үүрэг даалгавар өгч байна. Эцсийн үр дүн гараагүй гэдгийг нуух зүйл алга.

Салбар өөрөө том. Олон жил бугшсан зүйлийг нэг сайд ганцхан жилийн дотор өөрчилнө гэвэл үнэнээс хол зөрнө. Хандлага өөрчлөгдөж байна гэдэг салбар  өөрчлөгдөх суурийг та­вилаа гэсэн үг.

-Гэхдээ л сайд дарга нар дээр орж асуудлыг шийддэг тогтолцоо энэ салбараас  салахгүй юм шиг...?

-Санал нэг байна. Өнөөдөр надтай уулзахаар олон хүн ирж байна. Та манай газрын даргатай уулз, хариуц­сан мэргэжилтэн нь уулз гэхээр заавал өөртэй чинь уулзана гээд байдаг. Яагаад гэж асуухаар асуудлыг нь ший­дэж өгдөггүй учраас салбар хариуцсан сайдтай нь уулзвал иргэдэд амар байх шиг байна.

Надаас иргэд эмнэлэгт хэвтүүлж өгөөч, эм олж өгч туслаач гээд ирдэг. Бодлогын төвшинд асуудал шийдэх ёстой сайдын хийх ажил энэ мөн үү. Тэгэхээр энэ салбарыг ямар олон жил элгээр нь  мөлхүүлж, иргэдээ хаясныг энэ бүхнээс харж болно.

-Энэ бүхнээс гарах ямар нэгэн гарц байгаа байх?

-Үйлчлүүлэгчдийн санал гомдлыг зохицуулдаг үйлчилгээ энэ салбарт алга. Өнгөрсөн хугацаанд Засгийн газрын 1111 төвөөс эрүүл мэндийн үйлчилгээтэй холбоотой санал гомдол нийтдээ 2411 иржээ.

Үүнийг үзвэл ажлын цагийн хуваарь барим­талдаггүй, иргэдэд түргэн шуурхай, чанартай тусламж үйлчилгээ үзүүлдэггүй, эмнэлгийн ажилтны харилцаа муу, шинжилгээний хариу буруу гарснаас эрүүл мэндээрээ хохирдог, ажилтнуу­дын ур чадвар муу, тусламж үйлчилгээ үзүүлэхдээ мөнгө авдаг, эмнэлгийн тоног төхөөрөмж дутагдалтай гэж байна.

Хамгийн их асуудал үүсгэдэг эмнэлгүүдэд Эх, хүүхдийн эрүүл мэн­дийн үндэсний төв, Хавдар судлалын үндэсний төв, Гэмтэл согог судлалын үндэсний төв, Улсын нэгдүгээр төв эмнэлэг, Сүхбаатар аймгийн нэгдсэн эмнэлэг, Дарханы эрүүл мэндийн төв, дүүргийн эмнэлгүүд орж байна. Эдгээр асуудлыг нэгтгэж үзээд Эрүүл мэндийн сайдын тушаал гаргасан.

Ингэхдээ иргэдтэй салбар хариуцсан сайд 14 хоногт нэг удаа, бусад эмнэлгийн удирдлагууд иргэдийн санал гомдлыг тухай бүрт нь шийдэж өгөх. Хэрвээ үйлчлүүлэгчдийн санал гомдлыг шийдэж өгөөгүй тохиолдолд тухай бүрт нь арга хэмжээг шат дараа­лан авна. Үүнийг хэрэгжүүлэхийн тулд хяналт байнга тавьж мэдээллийн систем ажиллах юм.

-Тэгвэл аль нэгэн эмнэлгийн дарга үйлчлүүлэгчийг гомдоох юм бол таны сонорт шууд хүрэх нь ээ?

-Улсын хэмжээний бүх эмнэлгийн удирдлага дарга нар, эмч, ажиллагсадын буруутай үйл ажиллагааг сайд хянаж ажиллана. Хянаж ажиллахаас гадна хариуцлагыг нь ч хамт тооцно.

Өнөөдөр хариуцлага гэдэг зүйл халааснаас гараад явсан байна. Эмчийн хариуцлага бол иргэдийн эрүүл мэнд юм. Тэд өнөөдөр тангараг өргөөд ажиллаж байгаа.

-Таныг  хариуцлага тооцно гэхээр ца­лин бага, ачаалал их гэх байх даа?

-Ачаалал их, цалин бага гэдэг нь үнэн. Өнөөдрийн нөхцөлд Монголын эмч нар нийгмийн ямар муухай дайралтад өртөж байгааг харж байна. Тиймээс эхлээд бодлогоо зөв тодор­хойлж дараа  нь ямар  арга хэмжээ авах талаар ярих нь зөв.

Ирэх жилийн төсөвт эмч хороол­лыг байгуулахаар тусгасан.

Бид эхний ээлжид эмнэлгийн ажилтны хариуцлагын даатгалын хууль санаачлан ажиллаж байна. Одоо хэлэлцүүлгийн шатандаа явж байгаа. Эмч, ажилчдын ямар үйлдлийг хариуцлагын даатгалд хамруулах вэ.

Ямар нөхөн төлбөртэй байх юм. Аливаа эрсдэл гарлаа гэхэд түүнийг хэрхэн тооцох. Үнэхээр бага цалингаар амьдрах нөхцөлгүй учраас энэ бүхнээс гарахын тулд эрх зүйн орчинг бүрдүүлэх нь чухал байна.

Тэгэхгүйгээр жил бүрийн эмнэлгийн ажилтны баяр тэмдэглэнэ гээд салхинд гарч, хорхог иддэг цаг үе өнгөрсөн. Өөрсдийнхөө төлөө, иргэдийнхээ эрүүл мэндийн төлөө зөв шударга ажиллах зарчим бүрдүүлэх хэрэгтэй байна.

-Эмч нар цалин бага гээд өглөө улсын эмнэлэгт, орой хувийн эмнэлэгт ажилладаг. Үүнийг цэгцлэх боломж байна уу?

-Эмнэлгийн ажилтнууд бага цалинтай гээд алдаа гаргаж байгааг зөвтгөж болохгүй. Тий­мээс эхлээд тэдний нийгмийн асууд­лыг яаралтай шийдэж өгч байж хариуцлага ярих хэрэгтэй. Ирэх жилийн төсөвт эмч хороол­лыг байгуулахаар тусгасан.

Өөрс­дийн гэсэн орон сууцтай, ажлын байр нь стрессгүй, ар гэрийнхэн нь тайван амгалан нөхцөл бүр­дүүлж чадах юм бол шинэ, шилдэг эмч нарынхаа мэдлэг, чадвараа дээш­лүүлэхэд анхаарч ажиллана. Энэ салбарт шийдэх ёс­той олон асуудлын нэг бол яах ар­гагүй энэ. Мөн эмч нараас шалтгаалж байгаа зүйл ч байна.

Тэд үйлч­лүүлэгчтэйгээ буруу харьцдаг, эм­чийн ёс зүйгээ гээдэг зэрэг зөрчил бий. Нэгэн цагт эмч нарыг сайн цагийн мянган бурхан гэж нэрлэ­дэг байсан бол өнөөдөр энэ бүхэн уруу дорой­гоор эргэж байгаад харамс­даг. Хүний төлөө гэсэн эмч нараа буруугаар ойлгуулж бай­гаа нь Монгол төрийн буруу бодлого юм.

-Ж.Хатанбаатар надад өширхөх, намайг өмөөрөх шалтгаан байхгүй-

-Эмчийн ёс зүйн асуудал ярьс­­ных нэг зүйлийг тод­руулж асуу­маар байна. Эрүүл мэндийн яамны Тө­рийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Ж.Ха­тан­баатар таныг өөрийнх нь ажлыг булаасан гэж байсан?

-Төрийн нарийн бичгийн дар­гаар ажиллаж байсан Ж.Хатан­баатар хэвлэл мэдээллийн хэрэгс­лийг ашиглаж янз бүрийн мэдээ­лэл гаргасан. Би дуугүй байя гэж бодсон. Харин сүүлийн үед өөх ч биш, бул­чирхай ч биш зүйл яриад байгаа. Хүний нэр хүндэд ноцтой­гоор хал­дахын тулд хэвлэл мэ­дээл­лийн бай­гууллагад төлбөр төлж юу хүссэнээ ярьж байгаа нь төрийн албан хаагчийн ёс зүйд хэр нийцэж байгаа юм бол.

Уг нь Ж.Хатанбаатар залуу хүн. Цааш­даа өсч дэв­жиж  эрүүл мэндийн салбарт эр­гэж ажиллах боломж­той байх. Тэр надад өширхөх, намайг өмөөрөх шалтгаан байх­гүй. Аж­лаас өөрчлөгдсөн нь на­даас шалгаалаагүй. Ажлын бай­ран дээрээ ал­даа дутагдал гарга­сан, төрийн албан хааг­чийн ур чадварыг хангаж ажил­лаагүй гэ­сэн шалтгаанаар Төрийн ал­баны тухай хуулийн дагуу ажлаасаа чөлөөлөгдсөн.

Гэтэл энэ залуу бо­лоогүй зүйлийг болсон мэтээр, бо­лоод өнгөрсөн зүйлийг болоогүй  мэ­тээр олон нийтэд мэдээлсэн. Зарим хүн худлаа ярьж байгаад ажлаа бүтээсэн байдаг. Харин би ийм зүйлийг уучилж чадахгүй. Олон жи­лийн турш төрийн ал­банд ажиллах­даа ёс зүйтэй, шударга хөдөлмөр­лөсөөр ирсэн хүн. Бид­ний хоорондын асуудал цэвэр ажил төрлийн шаард­лага байсан.

-Тэгвэл шинээр томилогдсон Төрийн нарийн бичгийн дарга А.Эрдэнэтуяаг хууль бусаар томилсон гэсэн?

А.Эр­дэнэтуяа төрийн албаны шалгалт өгсөн, ЭМЯ-­ны Төрийн нарийн бичгийн дар­гын албан тушаа­лын нөөцөд байсан хүн.

-Эрүүл мэндийн яамны Тө­рийн нарийн бичгийн даргыг Засгийн газрын тогтоолоор томил­дог. А.Эр­дэнэтуяа төрийн албаны шалгалт өгсөн, Эрүүл мэндийн яам­ны Төрийн нарийн бичгийн дар­гын албан тушаа­лын нөөцөд байсан хүн.

Төрийн албаны тухай хуульд зааснаар ту­хайн албан тушаалтан ажлаас чө­лөөлөгдсөн тохиолдолд нөөцөд байгаа хүнээ томилно гэсэн байдаг. Тиймээс энэ томилгоог сайд хий­дэг зүйл биш. Хууль ёсны то­милгоо.

Тө­рийн нарийн бичгийн дар­гаар шинээр томилогдсон  А.Эрдэнэ­туяа бол Ана­гаах ухааны доктор, Эрүүл мэндийн удирдлагын чиглэлээр эрдмийн зэрэг хамгаалсан, эрүүл мэндийн удирдлагын зөвлөх зэ­рэг­тэй, дадлага туршлагатай хүн.

Ажлаа авсныхаа дараа эрүүл мэндийн салбарын ажлыг сайж­руу­лах сарын аян зарлаад үр дүн­тэй ажиллаж байна.

-Өмнө нь ажиллаж байсан Тө­рийн нарийн бичгийн дар­гыг Төрийн албаны зөвлөлөөс сонгон шалгаруулал­тад оруул­сан байсан. Энэ ямар учиртай юм бэ?

-Төрийн албаны зөвлөл ту­хайн албан тушаал дээр нөөц бай­гаа тохиолдолд  сонгон шалга­руу­лалт зарлах ёсгүй. Харин Төрийн нарийн бичгийн дар­гын албан тушаалын нөөцөд хүн байсаар байтал сонгон шалгаруулалт зарлаж байгаа нь хууль зөрчсөн хэрэг.

Төрийн нарийн бичгийн дар­­гаар ажиллаж байсан Ж.Ха­тан­баатар  ажиллах хугацаандаа үр дүнгийн гэрээ хийгээгүй, ажилт­нуудынхаа ажлын байрыг баталгаажуулаагүй, тушаал шийдвэ­рийг хууль зөрчсөн гээд алдаа дутагдал их гаргасан.

Сангийн яам­наас хүчингүй болгосон тен­дерийг дахин зарлаж хууль зөрч­сөн тушаал гаргасан. Нийт 28 ту­шаалыг хууль бусаар гаргасан баримт байна. Бид хуульчдын баг томилж энэ бүхнийг хуулийн дагуу шийдвэрлүүлэхээр ажиллаж бай­на.

Төрийн албан хаагчийн ёс зүйг уландаа гишгэж захирах, за­хираг­дах зарчмыг алдагдуулсан. Салбар хариуцсан сайд нь ажил ярих гэхээр ут­саа авдаггүй, дуу­дахаар орж ир­дэггүй ийм л Тө­рийн нарийн бичгийн дарга байсан. Төрийн ажил бол хэн нэгний эрх ашгийн төлөө биш, ний­тийн эрх ашиг байдаг гэдгийг мартаж бо­лохгүй.

-Гэмтэл согог судлалын үн­дэсний төвийн даргаар ажил­лаж байгаа С.Жамбалжавын томилгооны тухайд?

-Жамбалжав эмч Төрийн ал­баны сонгон шалгаруулалтад тэнц­сэн. Төрийн албаны зөвлө­лөөс тогтоол гарсан. Гэмтлийн салбар хүнд хэцүү,  үүнтэй хол­боотой гомдол санал их байдаг уч­раас энэ эмнэлгийг эзэнгүй­дүүлж болохгүй гэсэн үүднээс Жамбалжавыг түр томилоод байна.

Иргэдэд  яаралтай тусламж зайлш­гүй үзүүлэх шаардлагатай хэд хэдэн эмнэлгийн даргыг одоог хүртэл томилж чадаагүй байна. Төрийн албаны зөвлөл үүнд хойр­го хандаж байгаа төдийгүй хууль зөрчсөн хэд хэдэн үйлдэл гарга­сан.

-Төрийн албаны зөвлөл тө­рийн үйл ажиллагаанд саад болохоор төрийн ажил цааш­даа яаж үргэлжлэх юм бол?

-Төрийн албаны зөвлөл бол төрийн байгууллага, төрийн алба­ны тухай хуулийг хэрэгжүү­лэхэд арга зүйн зөвлөгөө өгдөг газар юм. Би Төрийн албаны зөвлөлийн шинэтгэ­лийн асуудлаар Үндэс­ний шинжээч зөвлөхөөр ажиллаж байсан. Тиймээс Төрийн албаны зөвлөлийн ажлыг багагүй гадар­ла­на.

Эрүүл мэндийн салбарын бодлого зөв гэдгийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага үнэлсэн.

Өнөөдөр Төрийн албаны зөвлөл үүргээ гүйцэтгэж чадахгүй, төрийн байгууллагад саад хийх, төрийн албаны дүгнэлт нь худлаа, нэг талын дүгнэлт гар­гадаг бол­жээ. Мэргэжил арга зүйн зөвлөгөөгөөр хангах ёстой энэ бай­гуул­лага яамдын төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн ажилд шууд  хөндлөнгөөс хутгалдан орж байна.

Яамдууд авдаг төрийн албаны шалгалтыг өөр дээрээ авах, хүсэл сонирхолдоо ний­цүүлж бай­гаа нь ёс зүйгүй асуу­дал. За­рим эмнэлгийн дарга нарыг то­милж чадахгүй байгаа асуудалд Төрийн албаны зөвлөл хариуцла­га хүлээх ёстой гэж үзэж байна.

-Эрүүл мэндийн салбарыг өөрчлөх, шинэчлэхэд бага­гүй ажил хийж байгаа юм байна.  Одоо үр дүнг нь үзэх үлдлээ. Сал­барын шинэч­лэлд иргэн бүр оролцож өөдрөгөөр ирээ­дүйгээ хар­даг болвол шинэч­лэлийг бид хамтдаа эхлүүлнэ гэж ойл­голоо?

-Элгээрээ хэвтсэн салбарыг эмчлэхэд цаг хугацаа хэрэгтэй. Урьд­­чилан сэргийлэх ажил хийх­гүй­гээр том, том эмнэлэг бариад, тоног төхөөрөмжөөр хангаад эрүүл мэндийн асуудлаа шийдсэн нэг ч орон байдаггүй юм байна.

Эрүүл мэнд энгийн зүйлээс л эхлэлтэй гэдгийг иргэн бүхэн ойл­гож чадвал  энэ нь сал­барын ши­нэч­лэлийн эхлэл юм. Өвлийн цагт байгууллага бүр цасаа цэвэр­лээд байвал хүн унаж гэмтэхгүй, эсэн мэнд бойжиж байгаа хүүх­дүүдийг нас барсан гэж хэвлэлийнхэн худ­лаа бичихгүй бол, эрүүл мэндийн байгууллагын ажилтан,

албан хаагчдын итгэл алдахгүй ажлаа сайн хийж иргэнийхээ төлөө байна. Тиймээс салбар салбар­таа ёс сурта­хуунгүй үйлдлээ зогсоож өмнөх ажил­даа үнэнч өөрс­дийнхөө төлөө амь­дарч чад­вал эрүүл энх, урт удаан на­салж чадна.