Үндэсний конференци болж байна
Монгол хүмүүст тохиолдох зүрхний шигдээс ба харвалтыг эрт оношлох, эмчлэх, үр дүнтэй нөхөн сэргээх болон дахин харвахаас урьдчилан сэргийлэх цогц тусламж үйлчилгээг сайжруулах үндсэн зорилготой, Мянганы сорилтын сан, ДЭМБ-ын дэмжлэгээр “Харвалт ба Зүрхний шигдээс” туршилтат төсөл 2010 оноос хэрэгжиж эхлээд энэ онд дуусах гэж байна.
Үүнтэй холбоотойгоор өнөөдөр “Тархины харвалт ба зүрхний шигдээсийн менежмент” үндэсний конференци болон туршлага солилцох сургалт, семинар Эрүүл мэндийн яаманд болж байна. Тус семинар нь 2013 оны есдүгээр сарын 11-ээс 2013 оны есдүгээр сарын 13-ныг дуустал үргэлжлэх бөгөөд 12, 13-ны өдрүүдэд Улсын Гуравдугаар төв эмнэлгийн хурлын зааланд үргэлжилнэ.
Мөн сургалтад ЭМЯ, ДЭМБ, МСС, Улаанбаатар хотын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй улсын эмнэлгүүд болон Багахангай, Багануур, Налайх дүүргүүд мөн Дорнод, Өвөрхангай, Баян-Хонгор, Өмнөговь, Говь-Алтай, Увс, Хөвсгөл, Булган, Дархан-Уул, Төв, Орхон зэрэг аймгуудаас Сэргээн засах тасгийн эрхлэгч нар,
Мэдрэлийн тасгийн эрхлэгч нар, мэдрэлийн эмч мэргэжилтнүүд оролцож туршлагаасаа хуваалцан, хамтран ажиллах талаар болон төсөл дууссаны дараа үйл ажиллагааны тогтвортой байдлыг хангах үүднээс уулзалт хийж үндэсний хэмжээнд конференци зохион байгуулагдаж байна.
Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа хэлэхдээ “Монгол Улсын нийгэм эдийн засгийн хөгжилтэй холбоотойгоор халдварт өвчин буурсан. Харин халдварт бус өвчин тэр дундаа зүрхний шигдээс, харвалт нэмэгдэж иргэд хөдөлмөрийн чадвараа алдах нь МУ-ын эдийн засгийн байдал, Эрүүл мэндийн салбарт ихээхэн нөлөөлж байгаа юм. Үүнтэй холбоотойгоор 2010 оноос эхлэн Эрүүл мэндийн яам ДЭМБ, МСС-тай хамтран “Харвалт ба Зүрхний шигдээс” туршилтат төсөл хэрэгжүүлж эхэлсэн юм.
Уг төслийн үр дүнд тархины харвалт, зүрхний шигдээсийн менежмент, тэдгээрийн сэргээн засах тусламж үйлчилгээ шинэ шатанд гарч, оношилгоо, эмчилгээний шинэ технологиос нэвтрүүлж, төрөлжсөн эрчимт эмчилгээний тасгуудыг шинээр байгуулан, тусламж үйлчилгээг багийн тогтолцоогоор үзүүлэх, тархины харвалт,
Монгол Улсын нийгэм эдийн засгийн хөгжилтэй холбоотойгоор халдварт өвчин буурсан.
зүрхний шигдээсийг цаг алдалгүй бүртгэх, зайн оношилгоог нэвтрүүлж сайжруулах, судалгаа шинжилгээг орчин үеийн түвшинд нийцүүлэн ажиллах гээд ахиц дэвшил маш их гарсан нь сайшаалтай байгаа бөгөөд харвалт, зүрхний шигдээсээр нас барах тохиолдлыг багасгаж, эдгээр өвчлөлөөс урьдчилан сэргийлж чадаж байна.
Мөн бид төслийн хүрээнд эмч, сувилагч нарыг нарийн мэргэжлээр мэргэжил дээшлүүлэн бэлтгэх, судалгаа шинжилгээний тоног төхөөрөмжийг дэлхийн жишигт нийцүүлэн шинэчлэх, тусламж үйлчилгээг цаг алдалгүй хүргэх арга хэмжээг үргэлжлүүлэн нэмэгдүүлсээр байх болно” хэмээлээ.
“Харвалт ба Зүрхний шигдээс” туршилтат төслийг Шастины нэрэмжит Улсын 3-р төв эмнэлэгт түшиглэн хэрэгжүүлж байгаа юм.