Энэ жил 3000 хүүхдэд нисгэгчийн мэдлэг олгоно
Энэ хичээлийн жилд 21 аймаг болон нийслэлийн есөн дүүргийн 3000 хүүхдэд “Flyer kids” нисэх загварын мэдлэг олгох анхан шатны сургалтыг явуулахаар болжээ. Уг сургалтыг “Нисэх загвараар бага өсвөр насны хүүхэд, залуучуудын зохион бүтээх, техник сэтгэлгээг хөгжүүлэх төсөл”-ийн хүрээнд санаачлан хэрэгжүүлж байгаа юм.
Нийслэл хотын хэмжээнд нисэх загварын чөлөөт нислэгийн сургалтыг СБД-ийн 58 дугаар сургуулиас эхлэн явуулахаар болжээ. Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр тус сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтийн ёслолд оролцох үеэрээ сургалтын үйл явцтай танилцаж, сурагчдад амжилт хүссэн юм.
Тэрээр “Энэ бүхэн БШУЯ-ны “Авьяас” хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлж байгаа томоохон ажлын нэг хэсэг” гэдгийг онцлоод 2015 онд нисэх загварын чөлөөт нислэгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг Монголд зохион явуулахаар болсон. Иймд ДАШТ-ийг угтан шинэ хичээлийн жилээс уг сургалтыг явуулахаар төлөвлөсөн” гэсэн юм.