З.Баянсэлэнгэ: Хойч ирээдүйнхээ өсөж, хүмүүжих асуудалд төр анхаарал хандуулаагүйн хор гарч байна
УИХ-ын гишүүн, НББСШУ-ны байнгын хорооны дарга З.Баянсэлэнгэ
2013.09.04

З.Баянсэлэнгэ: Хойч ирээдүйнхээ өсөж, хүмүүжих асуудалд төр анхаарал хандуулаагүйн хор гарч байна

УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга З.Баянсэлэнгэтэй боловсролын асуудлаар ярилцлаа.

-Хичээлийн шинэ жил эхэлсэн ч цэцэрлэгт хамрагдаж чадахгүй гэртээ байгаа олон хүүхэд байна. Мөн алтан гахай жилийн хүүхдүүд нэгдүгээр ангид элссэнээр сургуулийн хүрэлцээний асуудал энэ үеэр хөндөгдөж байна. Тэгэхээр Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо үүн дээр хэрхэн анхаарч байна вэ?

-Цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байгаа хүүхдийн тоо хэрээс хэтэрч байна. Энэ үнэхээр хүндрэлтэй асуудлыг нэг бол яах аргагүй мөн. Гахай жилийн хүүхдүүд нэгдүгээр ангид элсэж, сургуулийн хэрэгцээ шаардлага нэмэгдэн ачааллаа даахгүй болсон нь үнэн. Гэтэл шинээр хэдэн цэцэрлэг, сургууль барьсан гэхээр хангалттай үзүүлэлт гарахгүй байгаа юм.

Тэгэхээр энэ нь одоо гараад байгаа асуудал биш. Жилийн жилд сургууль, цэцэрлэгийн асуудал хөндөгддөг. Тиймээс энэ асуудлыг яаж цэгцэлж, бодлогоо хэрхэн боловсруулах вэ гэдэг нь хамгийн чухал байгаа. Цэцэрлэгийн шаардлага, хэрэгцээний асуудал яст мэлхий шиг удаан явсан.

Цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байгаа хүүхдийн тоо хэрээс хэтэрч байна.

Хүүхдийн асуудлаа манай төр, улстөрчид хаячихсан байсан. Боловсролын яаманд харъяалуулаад цэцэрлэгийн асуудлыг шийдэх ёстой гэж үлдээсэн ч төрийн бодлогын хэмжээнд авч яваагүй. Хойч ирээдүйнхээ өсөж, хүмүүжих асуудалд анхаарал хандуулаагүйн хор гарч байгаа юм. Өнөөдөр гэнэт гараад ирсэн асуудал биш.

Тиймээс хэрэгцээ шаардлагыг яаж нөхөж, сургуулийн өмнөх боловсролын байгууллагад хамрагдаагүй хүүхдүүд хэрхэн сургуульд орох вэ гэдгийг бодох хэрэгтэй байгаа юм. Харин манай байнгын хорооны зүгээс үүн дээр санаа зовж, Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийг батлан гаргачих юмсан гэж хичээж ажилласан.

Гэтэл хууль маань Боловсролын болон Сургуулийн өмнө боловсролын тухай хуульд өөрчлөлт оруулж байж хэлэлцэхгүй бол болохгүй болсон. Өөрөөр хэлбэл, үзэл баримтлал нь зөрчилдөөд байсан. Тиймээс бие даасан хуулийн хэлбэрт шилжүүлэх хэрэгтэй байгаа юм. Ингэснээр төрийн ачаанаас тодорхой хэсгийг нь авна гэж ойлгож болно.

-Төр нь хүүхдийнхээ асуудлыг орхисон нь асуудал болж байгаа гэлээ. Харин одоо дангаараа энэ асуудлыг шийдэж чадах болов уу?

-Шаардлагатай байгаа сургууль, цэцэрлэгийг төр дангаараа хариуцаад, нэг парламентын хугацаанд барина гэвэл үнэхээр хүндрэлтэй. Тэгэхээр хажуугаар нь хувийн хэвшлээ дэмжих ёстой. Ингэж байж өөрсдийнхөө данхайсан ачаанаас тодорхой хэмжээг нь багасгана.

Хувийн хэвшил гэхээр нүднийхээ булангаар харж, хөрөнгө оруулалтыг нь дэмжихгүй байж болохгүй. Цэцэрлэгийн үйл ажиллагаа явуулж байгаа хүмүүс ашгийн төлөө ажилладаггүй. Тиймээс хувийн хэвшлээ хэр зэрэг хөгжүүлнэ тэр хэмжээгээр улс орны хөгжилд тус нэмэр болно.  Тэгэхээр үүнийг бодолцох хэрэгтэй.

-2013-2014 оны хичээлийн жилд шинээр барьсан цэцэрлэг, сургууль гээд нэрлэвэл гарын таван хуруунд багтахгүй байна шүү дээ?

-Нийслэлд нэг сургууль ашиглалтад өгч, дахин нэг сургууль нэмж барьж байгаа. Харин зургаан сургуулийг буулгахаар мэргэжлийн хяналтын дүгнэлт гарчихсан байна. Тэгэхээр ийм л үзүүлэлттэй байгаа шүү дээ.

-Хичээлийн шинэ жил эхэлсэнтэй холбоотойгоор сурагчийн дүрэмт хувцас асуудал дагуулж байна. Эцэг, эхчүүдийн зүгээс үнийн асуудал дээр гомдол, шүүмжлэл гаргаж байгаа. Үүнийг танай байнгын хорооноос анхаарч байгаа юу?

-УИХ-ын гишүүдээс ҮХААЯ-д очиж, төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байгаа ажил байдалтай танилцсан. Энэ явцад миний зүгээс сурагчийн дүрэмт хувцасны асуудлыг хөндөж, биечлэн танилцсан.

Цэцэрлэгийн шаардлага, хэрэгцээний асуудал яст мэлхий шиг удаан явсан.

Харин эцэг, эхчүүдийн тавьж байгаа шаардлага хангах уу гэдэг асуудал тавихад “Манайх хониныхоо ноосыг Солонгос улсад гаргаж, цэвэр сайн чанарын даавуу боловсруулан эргээд Зуун мод хотод сурагчийн дүрэмт хувцсыг үйлдвэрлэн гаргаж байгаа.

Оёдлын үйлдвэрлэл эрхэлж байгаа аж ахуй нэгжүүд хавсран ажиллаж байна” гэсэн зүйл ярьсан. Манай байнгын хорооны зүгээс сурагчийн дүрэмт хувцас, дээр нь хувийн сургуулийн төлбөрийн нэмэгдлийн асуудлаар анхаарал хандуулж, ажлын хэсэг байгуулсан. Дараагийн долоо хоногт сургуулиудаар явж ажиллана.

-Ингэхэд УИХ дахь МАН-ын бүлгээс ээлжит бус чуулганыг ойрын хугацаанд хуралдуулахыг шаардсан. Гэвч тов гаргасан ч хойшлуулсаар байгаа нь ямар учиртай юм бол?

-Ээлжит бус чуулган энэ сарын 16-нд хуралдах нь тодорхойгүй, УИХ-ын даргын захирамж гараагүй байна. Мөн ямар асуудал хэлэлцэх вэ гэдгийг гишүүдэд тараагүй.

Тэгэхээр эдийн засгийн хүндрэлтэй асуудал, ялангуяа валютын өсөлт, уул уурхайн салбартай холбоотой зүйлийг ярилцах байсан гэсэн ойлголттой байгаа.

-Валютын ханш хэт өсөж байгааг төв банкны зүгээс тайлбарлахгүй байна. Энэ нь эргээд иргэдэд дарамт болж байгаа нь үнийн өсөлтөөс тодорхой байгаа. Таны хувьд үүн дээр ямар байр суурьтай байна вэ?

 -Эрсдэлгүй бизнес гэж байхгүй. Өнөөдөр өсөж байгаа ч маргааш буурч болно. Валютын ханш өссөн байдалтай байхгүй болов уу гэж бодож байна.

Монголбанкнаас валютын өсөлтийн талаар мэдээлэл оруулаагүй, ээлжит бус чуулганаар ямар асуудал хэлэлцэх вэ гэдэг нь тодорхойгүй байхад тийм, ийм гэж хэлэх боломжгүй байна.

-Н.Энхбаяр даргын асуудал мэдээлэл байна уу. Солонгост эмчлүүлэхээр явсан ч хагалгаанд ороод биеийн байдал нь муу байгаа гэх нь бий?

-Ирсэн мэдээллээр биеийн байдал нь тааруу байгаа. Хоёр удаа хагалгаанд орсон. Харин нарийн шинжилгээ, оношилгоонд орох шаардлага байгаа юм билээ. Харин манай эмч нарийн дүгнэлт, өвчний онош нь таарсан гэсэн.