Ерөнхий боловсролын 32 сургууль сурагчдын автобусаар үйлчилнэ
Хүүхдийн автобус
2013.09.03

Ерөнхий боловсролын 32 сургууль сурагчдын автобусаар үйлчилнэ

Нийслэлийн Засаг даргын “Улаанбаатар хотын автозамын хэт ачааллаас урьдчилан сэргийлэх зарим арга хэмжээ авах тухай”  2012 оны 8 сарын 24-ний А/532 тоот захирамжийн дагуу өнгөрсөн хичээлийн жилээс Ерөнхий боловсролын зарим сургуулиуд “Сургуулийн автобус” үйлчилгээг хэрэгжүүлж байгаа.

Энэ хичээлийн жилд  нийт 32 сургууль, 102 автобусаар сурагчиддаа үйлчлэх урьдчилсан мэдээ нийслэлийн Боловсролын газарт  иржээ.

Нийслэлийн Засаг даргын А/532 захирамжид ЕБ-ын 18 сургуулийг сурагчдын автобусаар үйлчлэхээр заасан бол энэ хичээлийн жилд захирамжид ороогүй ч өөрсдийн санаачилгаар сурагчдыг автобусаар тээвэрлэх ажлыг 20 сургууль зохион  байгуулж байна.

Бага ангийн сурагчдын аюулгүй байдлыг хангах, хичээл эхлэх, тарах үед үүсэх замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор хэрэгжүүлж буй энэ ажлыг сургуулийн захиргаа, эцэг эх, асран хамгаалагчид талархан хүлээн авч байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар 3400 орчим хүүхэд  автобусаар зорчихоор төлөвлөжээ.

Өнөөдрийн байдлаар 3400 орчим хүүхэд  автобусаар зорчихоор төлөвлөжээ.

Харин зарим сургуулиуд сурагчдаас багагүй хэмжээний сургалтын төлбөр авдаг ч сурагчдын автобусыг явуулахгүй байгаа юм.

Тиймээс нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөрийн ахалж буй “Замын хөдөлгөөний ачааллыг бууруулах ажлын хэсэг”-ийн ээлжит хуралдаанаар сургуулийн захирлуудтай зөвшилцөн, шаардлага хүргүүлж энэ долоо хоногт дээрхи асуудлыг шийдвэрлэхийг нийслэлийн Боловсролын газарт үүрэг болголоо.