Нийслэлийн Удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн боллоо.
2013.08.27

Зах, худалдааны төвүүдийн мөрдөх журмыг яаралтай боловсруулна

Нийслэлийн Удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн боллоо. Шуурхай зөвлөгөөнөөр Нарантуул ОУХТ-ийн хүнсний захад 08 сарын 23-ны өдөргарсан томоохон гал түймрийн тухай, хичээлийн шинэ жилийн бэлтгэл, өвлийн бэлтгэл ажлын талаар зэрэг асуудлуудыг хэлэлцлээ.

Нарантуул ОУХТ-ийн хүнсний захад гал гарсантай холбогдуулан нийслэлийн Онцгой комиссоос Баянзүрх Дүүргийн Засаг дарга Д.Пүрэвдаваагаар ахлуулсан ажлын хэсэг байгуулсан бөгөөд ажлын хэсгийн ахлагч мэдээлэл өглөө.

“1999 оноос хойш үйл ажиллагаа явуулж эхэлсэн “Хүнсний зах”-ыг улсын комисс хүлээж аваагүйгээс гадна үйл ажиллагаа явуулах албан ёсны зөвшөөрөлгүй байжээ. Галын ямар ч дохиолол, усны нөөцгүй, аливаа гамшиг, эрсдлийг огтхон ч тооцоолоогүйг удаа дараа сануулж, мэргэжлийн байгууллагуудаас 10 удаа шаардлага хүргүүлж,

3 удаа үйл ажиллагааг нь зогсоох акт хүргүүлж байсан ч захын удирдлагууд ямар ч арга хэмжээ аваагүйгээс өнөөдрийн нөхцөл байдалд хүрчээ. Одоогоор шинжээчид галын шалтгааныг судалж байгаа бөгөөд ажлын хэсгийнхэн шаардлагатай арга хэмжээг тасралтгүй  хэрэгжүүлж байна” гэж мэдээллээ.

“Хүнсний зах”-ыг улсын комисс хүлээж аваагүйгээс гадна үйл ажиллагаа явуулах албан ёсны зөвшөөрөлгүй байжээ.

2013-2014 оны хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаатай холбогдуулан замын түгжрэлийг бууруулах зорилгоор 08 сарын 24-31-ний хооронд автомашины улсын дугаарын сүүлийн оронг тэгш, сондгойгоор түр хязгаарлаж, замын хөдөлгөөнд оролцуулж байгаа бөгөөд иргэдийнхээ ажлыг цалгардуулахгүйн тулд дээрхи хугацаанд иргэдэд троллейбусаар үнэ төлбөргүй үйлчилж байгаа.

Энэ талаар Замын цагдаагийн газрын дэд дарга, нийслэлийн Замын цагдаагийн газрын дарга Ч.Жаргалсайхан хийсэн мэдээлэлдээ “Өнгөрсөн 2 өдөрт 3000 орчим жолооч нийслэлийн Засаг даргын захирамжийг зөрчсөн байна.

Зөрчил гаргасан жолооч нарын дийлэнхи нь хөдөө орон нутгаас орж ирсэн жолооч нар байжээ. Харин нийслэлийн иргэд Хотын удирдлагаас гаргасан аливаа шийдвэрийг дэмжиж байгаа нь харагдаж байна” гэлээ.

Мөн сургууль, цэцэрлэгийн засварын ажлын талаар нийслэлийн Боловсролын газрын дарга Ц.Отгонбагана “Өнөөдрийн байдлаар 25 сургууль, цэцэрлэгийн засварын ажлын гүйцэтгэл 80 хувьтай байна. Энэ 7 хоногт бүрэн дуусна.

Харин сурагчдын сурах бичгийн хувьд бага ангийн сурах бичиг бүрэн хүргэгдсэн байгаа. Бага ангийн сурагчдын дүрэмт хувцас энэ 7 хоногт сургуулиудад нь үйлдвэрээс хүргэгдэх бол ахлах ангийнхных 11 сарын 01 гэхэд бүрэн хүргэгдэнэ” гэж мэдээлэл өглөө.

Энэ үеэр нийслэлийн Засаг дарга “Юуны өмнө Д.Пүрэвдаваагаар ахлуулсан ажлын хэсгийнхэнд талархал илэрхийлье. Цаашид ийм нөхцөл байдал үүсгэхгүйн тулд зах, худалдааны төвүүд ямар дүрэм, журам, стандарттай ажиллах ёстой талаар заасан журмыг нэн яаралтай боловсруулах шаардлагатай байна. Үнэндээ “Нарантуул” гэж ОУХТ гэх том нэртэй болохоос Олон улсын ямар ч стандартыг хангаагүй.

“Нарантуул” гэж ОУХТ гэх том нэртэй болохоос Олон улсын ямар ч стандартыг хангаагүй.

Нийслэлийн өмчийн газрыг бусдад түрээсэлж их хэмжээний мөнгө олж байгаа ийм л газар. Хуулийн дагуу шаардлага тавьсаар байтал үл тоож байсан нь өнөөдөр нэг хүний амийг авч одсон харамсалтай хэрэг гарахад хүргэлээ. Хэрэв хүнсний зах ажиллаж байхад гал гарсан бол яах байсныг тооцоолоход бэрх юм.

Тиймээс цаашид зах, худалдааны төвүүдийг хотоос гаргах бодлогыг барих шаардлага тулгарч байна. Мөн шинжээчийн дүгнэлт гармагц хохирлыг хэн барагдуулах вэ гэдгийг тодорхой болгож, түрээслэгчдийн хохирлыг барагдуулах тал дээр онцгой анхаарах хэрэгтэй.

Буруутай этгээдийг хурдан тогтоохгүй бол гал гарсан ч, үер болсон ч зохион байгуулалттай улс төржүүлж элдвийн цуурхал тараан иргэдийг өдөөн хатгаж байгаа тохиолдлууд байна. Мөн өвөлжилтийн бэлтгэл ажлыг сайтар хангах, ялангуяа айл өрхийн бэлтгэлийг хангуулах талаар анхаарч ажиллах”-ыг холбогдох албаныханд үүрэг болголоо.