Цэцэрлэгийн багтаамжийг 75 хувьд хүргэнэ
Цэцэрлэгийн насны хүүхдийн 30 орчим хувь нь цэцэрлэгт хамрагдаж чадахгүй үлдэх гэж байна.
Харин энэ ондоо багтаан цэцэрлэгийн багтаамжийг 75 хувьд хүргэнэ хэмээн салбарын сайд нь хэлж байна. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд цэцэрлэгийн хүрэлцээ 66 хувьтай байна. харин одоогоор боловсролын салбарт сургууль цэцэрлэг, дотуур байр, биеийн тамирын танхим зэрэг 289 барилга барьж байгаагаас энэ онд 32 цэцэрлэг, 35 сургууль ашиглалтад орно.
Харин дээрх цэцэрлэг ашиглалтад орсноор хүртээмж 75 хувьд хүрнэ гэж байлаа. Гэхдээ цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлж чадаагүйгээс энэ жил 80 гаруй мянган хүүхдүүд сургуулийн өмнөх боловсрол авч чадахгүй үлдэж байна.
114-р цэцэрлэгт хүүхдүүдээ бүртгэж эхэллээ.
УИХ-ын гишүүн, БШУ-ны сайд Л.Гантөмөр “Цэцэрлэгийн хүртээмжийг хангахад маш их чармайлттай ажиллаж байгаа. Өнөөдрийн байдлаар шинээр 50 цэцэрлэг энэ онд зөвшөөрөл аван ажилдаа ороход бэлэн болсон. нийт 103 цэцэрлэг саналаа ирүүлсэн. Хотын болон аймгийн удирдлагуудад ямар санал тавьж байгаа бэ гэхээр хүнд шаардлага тавихгүй байх санал өгч байгаа.
Нэгдүгээрт хүртээмжээ дээшлүүлээд дараа нь шаардлагаа биелүүлэх хэрэгтэй. Зөвшөөрөл олгох ажлыг уян хатан, хурдан хийх санал хүргүүлж байна. Хотын удирдлага мөн ийм байр суурьтай ажиллаж байгаа” хэмээн хэлээ.
Одоогийн байдлаар 45 хороо цэцэрлэггүй байна. Энэ тоог бууруулахад нийслэлээс цэцэрлэг барих газрын асуудлыг шийдэх зэргээр хамтарч ажиллана. 2015 он гэхэд цэцэрлэгийн хүртээмжийн асуудлыг бүрэн шийдвэрлэнэ хэмээн салбарын сайд нь хэллээ.