Ерөнхий сайд Н.Алтанхуяг зарим замын ажилтай танилцлаа
Ерөнхий сайд Н.Алтанхуяг зарим замын ажилтай танилцлаа.
2013.07.30

Ерөнхий сайд Н.Алтанхуяг зарим замын ажилтай танилцлаа

Орон нутагт барьж байгаа хатуу хучилттай замын ажлууд төлөвлөгөөт хугацааны дагуу явж байна.

Ерөнхий сайд Н.Алтанхуяг Элсэн тасархай-Хархорины Орхоны гүүр чиглэлийн 77 км хатуу хучилттай замын шинэчлэлийн ажил болон Архангай аймгийн Цахир сум,  Завхан аймгийн Тосонцэнгэл чиглэлийн 127,1 км хатуу хучилттай зам барилгын ажлын явцтай газар дээр нь танилцаж, үүрэг даалгавар өглөө. 

Энэ хоёр замын гүйцэтгэгчээр “Хурдны зам” ХХК ажиллаж байна. Элсэн тасархай-Хархорины Орхоны гүүр чиглэлийн 77 км хатуу хучилттай замын шинэчлэлийн ажлыг  2013 оны 10 сарын 30-нд бүрэн дуусгаж, ашиглалтад хүлээлгэн өгөхөөр гэрээ байгуулан ажиллаж байгаа юм.

Замын ажилтай танилцах үеэр

Энэ замын шинэчлэлийн ажлыг хугацаандаа дуусган, хүлээлгэж өгөх боломжтой. Ямар нэгэн саатсан зүйл байхгүй гэж “Хурдны зам” ХХК-ийн удирдлагууд Ерөнхий сайдад танилцууллаа.

Цахир-Тосонцэнгэл чиглэлийн 127,1 км хатуу хучилттай зам барилгын ажилд “Хурдны зам” ХХК-ийн 124 ажилтан, 64 техник хэрэгсэл ажиллаж байна.

Энэ замын ажлыг 2014 оны 10 сарын 30-нд дуусгах төлөвлөгөөтэй бөгөөд зөвлөхөөр “Мөнхөд ашдын зам” ХХК ажиллаж байгаа юм.

Дээрх хатуу хучилттай зам барилгын болон шинэчлэлийн ажлыг хугацаанд нь чанартай гүйцэтгэн хүлээлгэж өгөхийг Ерөнхий сайд компанийн удирдлагуудад үүрэг болголоо.