УИХ-ын “шигшээ баг” хожих болов уу
Улс орныхоо төлөө хоёргүй сэтгэлээр ханддаг УИХ-ын эрхэм гишүүдийн төлөөлөл нэг ч гэсэн өдөр үнэтэй хослолоосоо салж спортоор өрсөлдөх гэнэ. Ингэхдээ хоорондоо бус, харин Бүгд найрамдах Солонгос улсын парламентын гишүүдтэй хөл бөмбөг тоглох юм байна.
УИХ-ын “шигшээ” багийн ахлагчаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг, тоглогчдоор УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар, Х.Баттулга, Н.Номтойбаяр, Ж.Бат-зандан, Д.Батцогт, Н.Энхболд, Х.Тэмүүжин, О.Баасанхүү, Б.Чойжилсүрэн, С.Ганбаатар нар оролцох аж.
Харин БНСУ-ын парламентын гишүүдийн хувьд өмнө нь гадаад орнуудын парламентийн гишүүдтэй нөхөрсөг тоглолт хийж найман удаа хожил авчирсан “мундаг” баг гэнэ.
Ямартай ч УИХ-ын шигшээ багийнхан бэлтгэлдээ гарчихсан байгаа сурагтай. Хоёр улсын парламентын гишүүдийн нөхөрсөг тоглолт ирэх баасан гарагт “ДЦС” ТӨХК-ийн “Эрчим” багийн талбайд болох аж. Ямартай ч эрхэм хөлбөмбөгч гишүүддээ амжилт хүсье.