Д.Батцогт: Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийг маргааш батална
УИХ-ын гишүүн Д.Батцогтыг “Ярилцах танхим”-даа урьж, ярилцлаа.
-Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн төсөлд өөрчлөлт оруулах ажлын хэсэгт ажиллаж байгаагийн тань хувьд зайлшгүй асуух зүйл байна. Зургаадугаар сарын 15 гэхэд дээрх хуульд өөрчлөлт оруулахгүй бол Монгол Улс “Хар жагсаалт”-д багтана гэж байгаа. Энэ нь Монгол Улсын эдийн засагт сөрөг нөлөөтэй гэдэгт баригдаад “УИХ-ын гишүүд энэ хуулийг түүхийгээр нь батлах гэж байна” гэсэн хардлага гараад байгаа. Та үүнд ямар хариулт өгөх вэ?
-Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд өөрчлөлт оруулахын хүрээнд ФАТФ буюу томоохон 20 орны Сангийн сайд нараас бүрдсэн байгууллага манай улсад 40 орчим зөвлөмж өгсөн байдаг юм билээ.
Тэд дээрх зөвлөмжүүдийг нь судалж, хуульдаа өөрчлөлт оруулахгүй бол Монгол Улсыг “хар жагсаалт”-д оруулна гэсэн байдаг. Саяхан тус байгууллагын хурал болж манайд хүргүүлсэн зөвлөмжийнхөө биелэлтийг шалгаж, зургаадугаар сарын 15-аас эхэлж хэрэгжихээр хуулиа өөрчлөхийг шаардсан.
Гадны байгууллагын шаардснаар хуульд яаруу сандруу өөрчлөлт оруулж байгаа гэж хардаж байгаа хүмүүсийг үгүйсгэхгүй. Энэ бол буруу асуудал биш шүү дээ. Үндэслэл нь зөв. Үүнээс гадна Мөрдөх албаны хууль орж ирж байгаатай холбоотойгоор Хууль зүйн яамныхан Мөрдөх албатай холбоотой заалтуудыг оруулаад өгчихсөн нь нэлээд шүүмжлэл дагуулж байна.
Бид санхүүгийн боломж бололцоогоор тааруу. Хүн хүчний хувьд бусад намыг бодвол бага.
Өөрөөр хэлбэл байгуулаагүй байгууллагын үйл ажил-лагааны чиглэлийг энэ хуульд тусгах нь зөв үү, буруу юу гэдэг дээр гишүүд маргаж байгаа. Тиймээс ажлын хэсгийнхэн хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг анх оруулж ирсэн хувилбараар нь хийе. Хэрэв уг хуулийн төслийг баталчихаад байхад Мөрдөх албаны тухай хуулийг батлаагүй байвал мөрдөх алба гэдэг үгийг эрх бүхий хууль сахиулах байгууллага гээд оруулчихъя гэж тохирсон юм.
-Тэгэхээр маргааш хуралдах УИХ-ын чуулганаар Мөнгө угаах болон террооизмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийг баталчих нь ээ?
-Өнөөдөр хуралдах Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцээд УИХ-ын чуулганд оруулъя гэж төлөвлөсөн. Маргааш хуралдах УИХ-ын чуулганы хуралдаанаар батална.
-УИХ дахь Ардын намын бүлэг Ерөнхий сайд Н.Алтанхуягийг Авлигатай тэмцэх газарт өгсөн. Харин Авлигатай тэмцэх газрынхан Ардын намынхны гомдлыг авч хэлэлцээд “Гэм хэргийн бүрэлдэхүүнтэй байна” гээд прокурорт шилжүүлсэн гэсэн. Энэ бүхнээс харахад Ерөнхий сайдыг огцруулах үйл ажиллагааны бэлтгэлийг хангаад байна уу даа гэж ажиглагдаж байгаа. Та юу гэж харж байгаа вэ?
-Хууль хүн бүрт тэгш үйлчлэх ёстой. Хэрэв хуулийн байгууллагынхан хэн нэгнийг гэм буруутай гэж үзэж байгаа бол хэн байх нь хамаагүй шалгах үүрэгтэй. Сөрөг хүчин хардах эрхээ эдэлж байна. Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайд хууль зөрчиж, авлига хээл хахуульд орооцолдсон байж магадгүй гэдэг үндэслэлээр Авлигатай тэмцэх газарт хандсан.
Тухайн байгууллага эрүүгийн хэрэг үүсгэх шаардлагатай гээд Ерөнхий сайдыг шалгаж байгаа бол энэ сайн хэрэг. Буруутай юу буруугүй юу гэдгийг шүүх л тогтооно. Шүүх эцсийн байдлаар буруутай гэж тогтоогоогүй бол хэнийг ч гэмт хэрэгтэн гэж дуудах ёсгүй.
-Хэрэв шүүхээс Ерөнхий сайдыг буруутайг нь тогтоочихвол та болон УИХ дахь “Шударга ёс” эвслийнхэн ямар байр суурь баримтлах вэ?
-Хууль шүүхийн байгууллагаас гэм буруутайг нь тогтоочихвол бид асуудлыг эргэж л харна шүү дээ. Одоогийн байдлаар бол тийм байж болзошгүй гэж сэжиглэж байгаа учир ямар нэгэн зүйлийг хэлэхэд эртдэх байх.
-Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид тодрохоос өмнө танай намаас М.Энхсайхан даргыг нэр дэвшүүлнэ гэж байсан атлаа гэнэт Ардчилсан намыг дэмжиж оролцохоор болсон. Энэ бүхэн маш олон асуултыг араасаа дагуулсан. Та тэр асуултуудад хариулт өгөх байх гэж бодож байна?
-Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид тодрохоос өмнө МҮАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, парламентад суудалтай намынхаа хувьд аливаа сонгуульд оролцож, намынхаа нэр хүндийг өсгөх хэрэгтэй гэсэн шийдвэрийг гаргасан. Нөгөөтэйгүүр, ялалт байгуулах магадлалаа ч харгалзаж үзсэн юм.
Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг
Энэ бүхнийг манай намын дарга М.Энхсайхан зөвшөөрч, Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх гэсэн Удирдах зөвлөлийнхнийхөө хүсэлтийг хүлээж авсан. Харин намын Бүгд хурлын үеэр М.Энхсайхан дарга сонсгол хийж, өөрийн нэрийг татсан. Тэрбээр үндэслэлүүдээ тайлбарлахдаа “Ардчилсан намтай хамтарч засгийн эрхийг барьж байгаагийн хувьд гэрээгээ баримтлах ёстой.
Нөгөөтэйгүүр монгол төрийн салаа, мөчир бүхэн хоорондоо тэмцэлдэх нь төрийг сульдаана. Тиймээс Ардчилсан нам нэгэнт л эрх барьж байгаагийн хувьд Ерөнхийлөгчийг Ардчилсан намаас гаргах нь цаашид улс орны хөгжлийн гарцыг түргэтгэх үндэс болно” гэж хэлсэн юм.
-Тэгэхээр танай намынхан Ерөнхийлөгчийн сонгуульд хүнээ нэр дэвшүүллээ гэхэд ялалт байгуулна гэдэгтээ итгэлгүй байсан гэж үзэж болох нь ээ?
-Хэрэв бид хүнээ нэр дэвшүүлбэл яах вэ гэдэг асуудал дээр дүгнэлт хийсэн. Бид санхүүгийн боломж бололцоогоор тааруу. Хүн хүчний хувьд бусад намыг бодвол бага. Ийм тохиолдолд ялах магадлал хэр байна вэ гээд тооцоод үзэхээр бага байсан.
Өөрөөр хэлбэл, бид санал хуваагчийн байдлаар сонгуульд оролцох уу, үгүй юу гэдэг л байсан. Тиймээс бид “Санал хуваалцах хэмжээнд сонгуульд оролцох нь буруу юм. Үүний оронд Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг дэмжээд намынхаа үзэл баримтлалын дагуу өөрчлөлт оруулах гэж байгаа зүйлсээ хийгээд явах бололцоотой юм байна” гэдэг дээр санал нэгдсэн юм.
-“Монгол Улсын Засгийн газар гадны хөрөнгө оруулалттай компаниудын өмнө хүчин мөхөс байна” гэдэг мэдээллийг УИХ-ын гишүүн Х.Болорчулуун өнгөрсөн даваа гарагт мэдэгдсэн. Тэрбээр Дорнод аймгийн Тамсагийн ордод үйл ажиллагаа явуулдаг “Петро чайна дачин тамсаг” компанийн жишээг дурьдаж байсан. Үүнтэй ижил Хөшөөтийн уурхайн асуудал дээр ч Засгийн газар хүчин мөхөсддөг гэдэг. Та Ховд аймгаас сонгогдсон гишүүний хувьд энэ талаар ямар бодолтой явдаг вэ. Үйл ажиллагаа нь зогсоод зургаа орчим сар болж байна шүү дээ?
-УИХ-ын гишүүн Х.Болорчулууны хэлж байгаа зарим зүйлтэй би санал нэг байгаа. Гадны хөрөнгө оруулагчдын өмнө хүлээсэн үүргээрээ Засгийн газар хүлэгдэж байгаа асуудал бий. Энэ бүхнээс болоод хөрөнгө оруулагчид анхлан тохирсноо биелүүлэхгүй байх нь энүүхэнд. Тухайлбал, “Оюутолгой” ХК-ийн ажилчдын 90 хувь нь монголчууд байна гэж гэрээндээ заасан атлаа бодит байдал дээр биелүүлсэн үү.
Засгийн газар хяналтаа бүрэн хэмжээнд тавиад ажиллуулж чадаж байна уу, үгүй юу гэдэг асуудал учир дутагдалтай байгаа. Хөшөөтийн уурхайн асуудалд шүүмжлэлтэй ханддаг гишүүдийн нэг нь би. Тухайлбал, Хөшөөтийн уурхайг анх ашиглахдаа тусгай зөвшөөрлийг нь авсан хүмүүс “Түүхийгээр нь нүүрс гаргахгүй.
Дулааны цахилгаан станц барина. Орчин үеийн тохилог тосгон барина” гэчихээд нэг ч амлалтаа одоо болтол биелүүлээгүй зэрэг асуудал байна. Бас нэг асуудал нь Монгол Улсын зарим нэг иргэн Хөшөөтийн уурхайн тусгай зөвшөөрлийг эзэмшиж байгаад гадныханд худалдчихснаас үүссэн. Хөшөөтийн уурхай бол стратегийн ордод хамаарч болох газар. Үүнээс болоод ийм том уурхайгаас монгол хүн хувь эзэмшихгүй байна гэдэг бол эмгэнэл.
Яагаад Монголын төр эндээс хувь эзэмших эрхгүй юм бэ гэдэг асуудал үүсэж байгаа юм. Хөшөөтийн уурхайн үйл ажиллагаа зогссонтой холбоотойгоор удирдлагуудыг нь дуудаж уулзсан. Уул уурхайн сайдад асуулга тавихад Д.Ганхуяг сайд “Хөшөөтийн уурхайг стратегийн ордод оруулах боломжтой. Бид энэ талаар судалгаа хийж байгаа” гэдэг хариултыг өгсөн. Хөшөөтийн уурхайн удирдлагууд стратегийн ордод оруулахын эсрэг байгаа юм билээ.
Энэ асуудлыг шийдэхийн тулд хэтэрхий удаан ажиллаж байна. Үүнээс болоод Хөшөөтийн уурхайгаас амьдралаа залгуулдаг иргэд маш хүнд байдалд орчихоод байна. Тиймээс цаг хугацаа алдахгүй байх нь чухал байна гэдэг шаардлагыг тавьж байгаа.
-УИХ-ын 24 гишүүн Өршөөл үзүүлэх тухай хуулийн төсөл санаачилсан. Та тэдний нэг. Гэтэл энэ хуулийн төслийг ял авах нь тодорхой болсон “Ардын намынханд зориулж санаачилсан” гэсэн хардлага гарсан байна билээ. Та үүнд ямар хариулт өгөх вэ?
-Ер нь бол Өршөөл үзүүлэх тухай хуулийг батлахыг дэмжиж байгаа. Төр “Чи буруутай байна” гээд шийтгэж чадаж байгаа бол өршөөж чаддаг байх хэрэгтэй. Гэхдээ Өршөөлийн тухай хуульд хамруулах, хамруулахгүй хэрэг гэж байна. Тухайлбал, авлига, хээл хахууль, албан тушаалаа урвуулан ашигласан асуудал болон хүн худалдаалах гэмт хэрэг, хар тамхины хэрэгт холбогдсон.
Хүн амины хэрэг үйлдсэн хүмүүсийг Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулахгүй. Ямар ч хүн санамсар болгоомжгүйгээсээ болон гэнэн цайлганаасаа болоод алдаж болно. Тэр хүмүүсээ шууд шоронд хийхийн оронд төр өршөөл үзүүлж, засрах боломжоор хангах ёстой гэж үзсэн юм.
-Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье.