2018.04.26

Хууль батлагдаж ФАТФ-ын “Хар саарал жагсаалт”-д орохгүй боллоо

УИХ-ын нэгдсэн чуулганы 2018 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн хуралдаанаар Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталлаа.

Мөнгө угаах болон терроризмын санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 2018 нэгдүгээр сарын 31-ний өдөр Монгол Улсын засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлсэн. Хуулийн төслийн ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Н.Учрал ажилласан.

Мөнгө угаах болон терроризмын санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийг 2006 онд анх баталсан

Мөнгө угаах болон терроризмын санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийг Монгол Улсын Их Хурлаас анх 2006 оны 07 дугаар сарын 8-ны өдөр баталсан.

Мөнгө угаахтай тэмцэх санхүүгийн хориг арга хэмжээ хэрэгжүүлэх байгууллага буюу “ФАТФ”-ын Ази номхон далайн бүсийн мөнгө угаахтай тэмцэх бүлэг өөрийн гишүүн орны мөнгө угаах, терроризмтэй тэмцэх тогтолцоог тодорхой давтамжтай үнэлж, дүгнэдэг юм. Тус бүлгээс 2006 онд анх удаа Монгол Улсын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоонд үнэлгээ хийсэн байна.

“өндөр эрсдэлтэй болон хамтран ажилладаггүй улс” гэсэн ангилал буюу “хар саарал жагсаалтад” оруулж байсан.

ФАТФ-ын тухайн үеийн зөвлөмжид нийцүүлэн боловсруулсан Мөнгө угаах болон терроризмын санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Монгол Улсын Их Хурлаас 2013 оны 05 дугаар сарын 31-ний өдөр баталсан боловч 2013 оны 10 дугаар сарын 14-18-ны өдрүүдэд Парис хотноо зохион байгуулагдсан ФАТФ-ын чуулга-уулзалтаар Монгол Улсыг төлөвлөгөөний дагуу 2013 оны 6 дугаар сард багтаан Эрүүгийн хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэхэд хамаарах зохицуулалтыг ФАТФ-ын зөвлөмжид нийцүүлээгүй, мөнгө угаах гэмт хэрэгтэй холбоотой хөрөнгө, орлогыг хураан авах тогтолцоог бүрдүүлээгүй, албан бус мөнгөн гуйвуулга эрхлэгчдэд тавих хяналтыг сайжруулаагүй гэх үндэслэлээр олон улсын санхүүгийн системд стратегийн эрсдэлтэй орон хэвээр байна гэж үзэн “өндөр эрсдэлтэй болон хамтран ажилладаггүй улс” гэсэн ангилал буюу “хар саарал жагсаалтад” оруулж байсан.

Харин 2014 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар Эрүүгийн хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн холбогдох зохицуулалтыг ФАТФ-ын зөвлөмжид нийцүүлснээр манай улсыг дээрх дутагдлаа залруулсан гэж үнэлэн ФАТФ-ын хяналтын хүрээнд өгөгдсөн зөвлөмж, үүрэг даалгавруудын ихэнхийг биелүүлсэнд тооцож, 2014 оны 6 дугаар сард “хар саарал жагсаалт”-аас гаргаж байжээ. Ази номхон далайн бүсийн мөнгө угаахтай тэмцэх бүлгээс 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн байдлаарх Монгол Улсын мөнгө угаах, терроризмтэй тэмцэх тогтолцоонд Харилцан үнэлгээг дахин хийж, үнэлгээний тайланг 2017 оны 07 дугаар сард Шри-Ланка Улсын Коломбо хотод зохион байгуулагдсан Ази номхон далайн бүсийн мөнгө угаахтай тэмцэх бүлгийн 20 дахь удаагийн жилийн ээлжит хурлаар баталжээ. 

Дээрх хурлаар Монгол Улсад 2018 оны 10 дугаар сар хүртэлх 15 сарын хугацаанд нэн тэргүүнд авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх зөвлөмж өгч тухай бүрт тайлагнахыг үүрэг болгосноос гадна Монгол Улсын Их Хурлын 2016 оны 68 дугаар тогтоолоор батлагдсан “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2017 онд баримтлах үндсэн чиглэл”-д Мөнгө угаах болон терроризмын санхүүжүүлэхтэй  тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тусгажээ. 

Манай улсад 2018 оны 10 дугаар сар хүртэлх 15 сарын хугацаанд нэн тэргүүнд авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар зөвлөмж өгч тухай бүрт тайлагнахыг үүрэг болгосонтой холбогдуулан зөвлөмжийг хэрэгжүүлэх талаар холбогдох арга хэмжээ аваагүй, эсхүл хэрэгжүүлээгүй тохиолдолд ФАТФ-ын “зөвлөмжийг хэрэгжүүлдэггүй улс буюу хар жагсаалт”, эсхүл “зөвлөмжийг хангалтгүй хэрэгжүүлдэг буюу саарал жагсаалт”- д орох эрсдэлтэй төдийгүй үүнээс улбаалан манай улсын эдийн засгийн аюулгүй байдал, санхүүгийн салбарт сөрөг нөлөө үзүүлэх хориг арга хэмжээг олон улсаас авч хэрэгжүүлэх эрсдэл үүсэх болно.

Түүнчлэн Мөнгө угаах болон терроризмын санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталсанаас хойш олон улсын мөнгө угаах, терроризмтэй тэмцэх тогтолцоонд гарсан өөрчлөлт, өнөөгийн нөхцөл байдалтай уялдуулан Олон улсын валютын сан, Азийн хөгжлийн банк зэрэг олон улсын байгууллагаас манай улсад үзүүлсэн техник туслалцааны хүрээнд мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх хууль, эрх зүйн орчинг сайжруулах, боловсронгуй болгох талаар зөвлөмж гаргасан байна.

Тухайлбал,

Олон улсын валютын сан, Азийн хөгжлийн банкнаас хэрэгжүүлж байсан, одоо хэрэгжүүлж байгаа техник туслалцааны үр дүнгийн тайлангийн дүгнэлтэд Монгол Улс нэн даруй өөрийн мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх хууль, эрх зүйн орчинг ФАТФ-ын 40 зөвлөмжинд нийцүүлэх талаар зөвлөсөөр байна.

Энэхүү ФАТФ-ын 40 зөвлөмж нь аливаа улс орны мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх ажиллагааг зохицуулах эрх зүйн баримт бичгийн суурь болж буй олон улсын стандарт төдийгүй уг стандарт зөвлөмжийг хэрэгжүүлдэг улс орны хувьд санхүүгийн салбарт бусад улс оронтой хамтран таатай орчин бүрдэх үндэс болдог байна.

Хууль өөрөө цаг үе, нийгмийн хэрэгцээ, шаардлагад бүрэн нийцсэн, аливаа зөрчил, хийдэлгүй байх нийтлэг зарчимд тулгуурлан Хууль тогтоомжийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2.18, 12.2.24, 12.3.2 дахь заалтад тус тус үндэслэн манай улсын үндэсний аюулгүй байдалд сөрөг нөлөө үзүүлэх эрсдэлтэй, олон улсаас манай улсад дотоодын хууль тогтоомжийг ФАТФ-ын 40 зөвлөмжид нийцүүлэх талаар хүлээлгэсэн өгсөн зөвлөмжийг харгалзан Мөнгө угаах болон терроризмын санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулах дараахь зайлшгүй практик шаардлагууд үүссэн байна.

Иймд дээр дурдсан хууль зүйн болон практик шаардлагуудыг үндэслэн Санхүүгийн мэдээллийн албаны эрх зүйн байдал, үйл ажиллагааны чадамжийг бэхжүүлэх, санхүүгийн үйлчилгээний хөгжил, техник технологийн өөрчлөлтөд нийцүүлэн “мэдээлэх үүрэгтэй этгээд”-ийн хүрээг өргөжүүлэх, тэдгээртэй холбоотой зохицуулалтыг нийцүүлэх, мэдээлэх үүрэгтэй этгээдэд тавих хяналт шалгалтын тогтолцоог эрсдэлд суурилсан хэлбэрт оруулах нөхцөлийг бүрдүүлэх, эдийн засгийн харилцаанд орж байгаа аливаа хөрөнгийн эцсийн өмчлөгчийн мэдээллийг үнэн зөв, бодитоор бүртгэх тогтолцоог бүртгэлийн байгууллагаар дамжуулан хэрэгжүүлэх, хууль зөрчсөн хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх хариуцлагын тогтолцоог сайжруулах, Нэгдсэн үндэстний байгууллагын Аюулгүйн зөвлөлөөс гаргасан хориг арга хэмжээг хэрэгжүүлэх хууль, эрх зүйн орчинг боловсронгуй болгох, терроризмыг санхүүжүүлэхээс гадна үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхийг санхүүжүүлэхтэй тэмцэх зохицуулалтыг тусгах, Засгийн газрын түвшний Үндэсний зөвлөл зэрэг асуудлыг зохицуулсан Мөнгө угаах болон терроризмын санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулсан. 

Мөнгө угаах болон терроризмын санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл батлагдсантай холбогдуулан

  • Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай,

  • Зөрчлийн тухай хуульд нэмэлт,  өөрчлөлт оруулах тухай,

  • Терроризмтой тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай,

  • Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай,

  • Гаалийн тухай хуульд нэмэлт оруулах тухай,

  • Шуудангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай,

  • Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай,

  • Нотариатын тухай хуульд нэмэлт оруулах тухай,

  • Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай,

  • Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төсөл,

  • “Хууль батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслүүд

тус тус батлагдлаа.