Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ
Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны хуралдлаа. Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаар Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Н.Учрал танилцуулсан юм.
Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн агуулга, зарчмыг алдагдуулахгүйгээр үг хэллэг, дэс дараалал, бүтцийн шинжтэй өөрчлөлтүүдийг хийсэн бөгөөд нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхийн дэмжлэг авсан саналуудыг төсөлд нэмж тусган ажлын хэсэг эцсийн хувилбарыг бэлтгэсэн байна.
Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар зарим зүйлийг тодрууллаа. Гишүүн Халхавч банктай харилцаа тогтоосон банкийг яаж мэдэх вэ?, Төсөл дэх нотариатчийн үйл ажиллагаатай холбоотой зохицуулалтын талаар тодруулсан.
Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяр: 2013 оны тавдугаар сарын 31-ний өдрөөс дагаж мөрдөж буй Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд нотариатч нь 20 сая төгрөг, түүнээс дээш үнийн дүнтэй бэлэн мөнгөний болон гадаад төлбөр тооцооны гүйлгээний тухай мэдээллийг гүйлгээ хийгдсэнээс хойш ажлын таван өдрийн дотор батлагдсан маягт, журмын дагуу Санхүүгийн мэдээллийн албанд мэдээлэх үүргийг хуулиар хүлээсэн байдаг гэж хариуллаа.
Мөн УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар: Хамтын ажиллагааны зөвлөл, Үндэсний зөвлөлийн үйл ажиллагааны талаар тодруулсан.
Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх асуудлыг Засгийн газрын түвшинд анхаарч, үндэсний хөтөлбөр боловсруулан ажиллах асуудал ФАТФ-ын зөвлөмжид дурдагдсан. Иймд мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх үндэсний хөтөлбөрийг боловсруулж, Засгийн газраар батлуулах, түүний хэрэгжилтийг хангах арга хэмжээг авч хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий Үндэсний зөвлөл байгуулах асуудлыг хэлэлцэж буй төсөлд шинээр тусгасан. Бүрэлдэхүүнийг Монгол Улсын Ерөнхий сайд батлах бөгөөд Ерөнхий сайдын дэргэд ажиллах зөвлөлийг Хууль зүй, дотоод хэргийн сайд ахалж, дээрх чиглэлээр үндэсний хөтөлбөрийг боловсруулж, батлуулах, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах үүргийг гүйцэтгэх аж.
Харин Хамтын ажиллагааны зөвлөл нь одоо мөрдөгдөж буй хуулийн хүрээнд мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, мэдээлэл солилцох, эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэх талаар зөвлөмж гаргах чиг үүрэгтэйгээр Санхүүгийн мэдээллийн албаны дэргэд үйл ажиллагаагаа явуулж байгаа гэдгийг Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Н.Учрал тайлбарлалаа.
Ингээд Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулж батлуулах нь зүйтэй гэсэн томъёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэйгээр дэмжив. Мөн хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулж батлуулахыг Байнгын хорооны гишүүд дэмжсэн юм.