О.Баасанхүү: Эрх мэдэлтнүүд хүсвэл шүүх хурлыг нээлттэй явуулж болно
2012.03.15

О.Баасанхүү: Эрх мэдэлтнүүд хүсвэл шүүх хурлыг нээлттэй явуулж болно

Долдугаар сарын 1-ний үймээний үеэр галт зэвсэгт өртөн амиа алдсан Э.Доржсүрэнгийн аав Ц.Энхбаярын  өмгөөлөгч О.Баасанхүүтэй ярилцлаа.

-“Долдугаар сарын 1”-ний гэх тодотголтой хэрэг хууль хяналтын байгууллагаар дөрвөн жил дамжсаны эцэст шүүхэд ирээд байна. Гэтэл шүүх хурал тодорхой шалтгаануудаас болж удаа дараа хойшлохоос гадна хаалттай явуулна гээд байгаа. Ер нь шүүх хурлыг нээлттэй явуулахгүй байгаагийн шалтгаан нь юу юм бэ?

-Шүүх энэ хурлыг нээлттэй явуулахыг хүсэж байгаа бол өөрсдөө санаачлаад холбогдох байгууллагад нь энэ материал чинь шүүх хурлыг нээлттэй явуулахад саад болоод байна аа, үүнийгээ төрийн нууцаас гаргаач гэдэг хүсэлт тавих ёстой. Мөн УИХ-аас санаачлаад ТЕГ-тайгаа зөвлөөд төрийн нууцаас гаргаж болно. Хамгийн гол нь агуулгын хувьд тэнд ямар ч нууц байхгүй гэж яриад байгаа юм, харин хэлбэрийн хувьд нууц. Яагаад гэхээр ҮАБЗ-ийн аливаа хурал нууц гэж явдаг. Ер нь шүүх хурлыг нээлттэй явуулахад санаачилга л хэрэгтэй байна. Миний үйлчлүүлэгч Ц.Энхбаяр гуайн хувьд ТЕГ-т энэ асуудлаар хүсэлт гаргасан байгаа.

-Сонгууль ойртсон болоод ч тэр үү энэ хэрэгтэй холбоотой баримт, мэдээ, мэдээллийг  шоу маягаар ашиглаад байгаа дүр зураг их ажиглагдах боллоо. Мөн өнгөрсөн хугацаанд чимээгүй байсан тухайн үеийн ҮАБЗ-ийн ихэнх гишүүд ч байр сууриа илэрхийлж эхэлсэн. Тэдний ярьж буй зүйлийн гол утга нь зөвхөн цагдаа нарыг буруутгах нь өрөөсгөл. Хэргийн жинхэнэ эзнийг арай өөр хүрээнээс хайх хэрэгтэй гээд байна л даа. Та үүнтэй санал нийлэх үү?

-Гол нь энэ хэргийн үндэс суурийг олмоор байгаа юм.

Сонгууль будлиантай болсноос л энэ хэрэг гарсан.

Зарим хүмүүс тэнд байсан иргэдийн ихэнх нь сонгууль өгөөгүй юм билээ гэж ярьдаг. Үнэн шүү дээ. Хэнийг нь ч сонгомооргүй байсан байхгүй юу. Гэтэл сонгомооргүй байсан хүн гараад ирэхээр бухимдана биз дээ. Өөрөөр хэлбэл сонгууль өгөхгүй байхаар сонголтоо хийчихсэн хүмүүс байсан. Хоёрдугаарт сонгууль будлиантсан асуудлыг хоёр нам шийдэх ёстой байсан атал эвсэл болчихсон. Үнэндээ эвсэл болсон нь энэ будлианыг нуухын тулд байсан. Өөрөөр хэлбэл, таван хүний амь нас үрэгдсэн харамсалтай хэргийг бодитойгоор илрүүлэхийн тулд биш, харин хаахын тулд дээрх алхмыг хийсэн. Тиймдээ ч олон жил энэ хэрэг хаагдмал явлаа.  Бидний зүгээс хүний амь үрэгдсэн энэ хэргийг ул суурьтай, бодитой, нотолгоотой тогтоох ёстой гээд байгаа юм.

-Таныхаар цагдаагийн экс дарга нар яг ямар буруутай вэ. Тэдний гэм буруутай нь тодруулбал, “хүн бууд” гэсэн тушаал өгсөн, галт зэвсэг хэрэглэсэн нь баримтаар нотлогдохгүй байгаа юм биш үү?

-Бид нэг зүйлийг сайн ойлгомоор байгаа юм. Цэрэгт тушаал өгнө гэдэг асуудал байдаг байж болох юм. Харин цагдаа буудах эрхтэй юү, үгүй юү гэдгийг яриад байгаа шүү дээ. Гол асуудал нь юу байна вэ гэхээр тухайн үед ҮАБЗ-өөс галт зэвсэг хэрэглэж болохгүй гэсэн шийдвэр гарсан. Гэтэл энэ нь зөрчигдөөд таван хүн амиа алдсан. Уг  шийдвэрийг биелүүлээгүйн улмаас бусдын биед хохирол учирсан байна гэдгээр л шийдэх гээд байгаа юм.

- ҮАБЗ-өөс гаргасан тэр шийдвэрийг нь та харсан уу?

- Үгүй. Үзмээр байгаа юм. Ер нь  иргэн Б иргэн А-д бусдыг бууд гэж тушаал өгсөн гэдгээр хэргийг шийдвэрлэх нь өрөөсгөл. Энэ шүүх хурлыг ийм өнцгөар явж байна гэж харахгүй байгаа.

-Шүүгдэгчдийн ар гэрийнхний зүгээс асар их гомдолтой байгаагаа илэрхийлж байгаа. Мөн тэд тухайн үед шалгагдаад Өршөөлийн хуульд хамрагдсан О.Магнай, Ж.Батзандан,Б.Жаргалсайхан нарын хэргийг сэргээн шалгахгүй байгаа нь цаанаа өөр зорилго агуулаад байна гэсэн зүйл ярьж байна л даа?

-О.Магнай, Ж.Батзандан,Б.Жаргалсайхан нарт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаад Өршөөлийн хуульд хамруулсан байдаг.  Тухайн үед тэднийг үймээн самуун дэгдээсэн гэдэг зүйл ангиар шалгаж байсан. Харин цагдаагийн удирдлагуудыг тухайн үед шалгаж байсан зүйлчлэлээр нь одоо дахин шалгаад байгаа юм биш. Цэргийн зүйл анги болгож өөрчлөөгүй, шинэ зүйл ангиар шалгаж байгааг ойлгох хэрэгтэй. Тийм ч учраас мөрдөн байцаалтаас прокурор, шүүх явж байгаа юм. Өмнө нь байсан баримтууд дээр суурилж дахин мөрдөн байцаах ажиллагааг явуулсан байгаа.  Хэрэв зүйл ангийг нь өөрчилсөн бол прокурор газар дээр нь өөрчлөөд шүүх рүү шилжүүлэх байсан. Тэгэхээр үүнийг зүйлчлэл нь өөрчлөгдөөгүй, мөрдөн байцаалтын ажиллагааг дахин явуулсан гэж ойлгох хэрэгтэй.

-Шүүгдэгчдийн ар гэрийнхэн шүүх хурлыг эсэргүүцэж жагсаал цуглаан зохион байгуулж байна. Дээрээс нь цагдаа нар эсэргүүцэж байгаагаа илэрхийлж ажил хаяж ч магадгүй байна?

-Цагдаа нар ажил хаяна гэсэн мессеж явуулж байгаа бол маш хариуцлагагүй явдал гэж хэлмээр байна. Анх энэ хүмүүс жагсаал хийгээд өлсгөлөн зарлаад явж байсан. Одоо бодоход тэр үйл явдлыг зохион байгуулалттай хийсэн санагддаг.  Харин одоо энэ бүхнийг хэн зохион байгуулаад байгаа юм, тэр эзнийг нь олох хэрэгтэй. Яагаад гэхээр аливаа үйлдэл зохион байгуулалттай хийгддэг.

-Та иргэн хүнийхээ хувьд цагдаа нарыг үүргээ гүйцэтгээгүй буруутай гэж боддог уу, тэд ч бас хохирсон шүү дээ.  Ер нь хэргийн жинхэнэ буруутнууд нь хэн юм бэ?

-Иргэд ч хохирсон, цагдаа ч хохирсон. Энэ бүхний дундаас хэн хожив. Эхлээд үүнийг асуух хэрэгтэй. Хэн гоё байшинтай, албан тушаалтай болов, “Тавантолгой”, “Оюутолгой” зэрэг томоохон ордуудыг хэн хэн хувааж авав тэднээс асуух хэрэгтэй. Өнөөдөр энэ асуудал дээр иргэн, цагдаа гээд талцаад байх хэрэггүй л дээ. Аль аль нь хохирогч гэдгээ хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Энд нэг зүйлийг онцлоход буудсан гээд тэнд нэг хэсэг, тушаал өгсөн гээд энд нэг хэсэг хуваагаад олон шүүх хурал хийгээд байгаа нь үнэнийг тогтооход маш хэцүү болгоод байна. Бүх хүний хүсэж байгаагаар бүгдийг нь нэг дор бөөнд нь байлгаж байгаад хэн нь тушаал өгсөн юм, хэн нь журам зөрчсөн, хэн нь хариуцлага үүрсэн, хэн нь буудсан бэ гэдгийг мэдэх хэрэгтэй байхгүй юу. Би иргэн хүнийхээ хувьд энэ хэргийг улстөржүүлсэн байдлаар шалгаад байна гэж бодоод байгаа юм. Хоёр нам тухайн үед байр сууриа бус суудлаа баталгаажуулснаас болоод өнөөдөр тэд нэг талд орчихсон. Тийм болохоор ард түмэн өнөөдөр хэнд нь ч итгэж чадахгүй байна. 

-Та шүүх  бүрэлдэхүүнээс татгалзах хүсэлт гаргасан уу?

-Шүүх бүрэлдэхүүнээс татгалзах санал гаргаж болно гэж хэлсэн л дээ. Учир нь хэрэг тусгаарлаж байгаа үндэслэл нь хуульзүйн алдаатай байгаа учраас тухайн үндэслэлийг хуульзүйн хувьд зөв болгохын тулд бүрэлдэхүүнээс татгалзахаас өөр гарц алга гэдэг саналаа шүүхэд тавьсан. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 125.2 зааснаар аль ч үед  шүүгч хэргийг тусгаарлаж болох эрхтэй. Гэхдээ шүүгдэгчийн өмгөөлөгч хуралд ирээгүй нь хэрэг тусгаарлах үндэслэл болохгүй. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 240.1-т зааснаар анхан шатны шүүх хуралдаанд шүүгдэгчийг оролцуулна гэсэн заалт  бий.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.