Н.Алтанхуягийн Засгийн газар 16 яамтай болно
Өнөөдөр Их хурлын даргад өргөн барьж, үдээс хойшдоо хэлэлцэх бололтой. МАН-ын гишүүд шинэ Засгийн газрыг 19 яам, 21 сайдтай болох нь гэж шүүмжилж байсан. Харин одоогоор 16 яамтай байхаар ярилцаж байгаа аж. Ерөнхий чиг үүргийн дөрвөн яамтай болох аж.
Үүнд Байгаль орчин, ногоон хөгжлийн, Гадаад харилцааны, Сангийн, Хууль зүйн яам багтаж байна. Харин чиглэлийн 12 яаманд Барилга, хот байгуулалтын, Батлан хамгаалахын, Боловсрол, шинжлэх ухааны, Зам тээврийн, Соёл, спорт, аялал жуулчлалын, Уул уурхай, Үйлдвэр, хөдөө аж ахуйн, Хөдөлмөрийн, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын, Эдийн засгийн хөгжлийн, Эрчим хүчний, Эрүүл мэндийн яамд байхаар төлөвлөжээ. МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлэг өнөөдөр хуралдаж, Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай дахин ярилцахаар болсон байна. Энэ хуралд Ерөнхий сайд Н.Алтанхуяг орох аж.