Өнгө нэмсэн дөрвөн жил
2012.05.28

Өнгө нэмсэн дөрвөн жил

Монгол Улсын Засгийн газар хийж бүтээсэн ажлаа ард иргэддээ тайлагнахаар “Ардын засаг-Ард түмэнтэйгээ хамт” аяныг энэ 5 дугаар сарын 11-нээс өрнүүлсэн. Аяны хүрээнд Засгийн газар, бүх яам, харьяа агентлаг хийж бүтээсэн ажлаа иргэддээ нээлттэй тайлагнаж, тэдний санал, бодлыг сонсон зөвлөгөө өгч, төрийн үйлчилгээг нэг цэгээс хүргэж байгаа юм. Энэ ажлын үргэлжлэл 2012 оны 5 дугаар сарын 26-ны бямба гаригийн энэ өдөр Сүхбаатарын талбайд болж байна. Нийслэлийн нутгийн захиргааны байгууллага Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, хэрэгжүүлэгч агентлаг, харьяа газруудын нэг цэгийн үйлчилгээний асрууд төв талбайд үйл ажиллагаа явууллаа. 


Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд нийслэлийн нээлттэй өдөрлөгт оролцох үеэрээ төсвийн төвлөрийг сааруулж, орон нутаг, нийслэлийн удирдлагын санхүү, төсвийн эрх мэдлийг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалтын ажлын эрхийг орон нутагт шилжүүлэх, иргэдийнхээ эрүүл мэнд, боловсролд нь, эрхэлж байгаа бизнест нь, орон нутаг дахь бүтээн байгуулалтад нь, ажлын байр бий болгоход Засгийн газар анхаарч ажиллаж байна.

Мөн төсвийн хуваарилалт, зарцуулалт, хяналтад иргэдийн оролцоо эрхийг нэмэгдүүлэхийн төлөө Засгийн газар үйл ажиллагаагаа чиглүүлж байгаа гэлээ. Энэ дөрвөн жилд нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн хүч, хамтын ажиллагааны үр дүнд нийслэлд бүтээн байгуулалтын ажлууд эрчимтэй өрнөж, нийгмийн болон нийтийн үйлчилгээний барилга байгууламж, сургууль, цэцэрлэг, эмнэлэг олноор баригдаж, хотын гудамж, зам талбайн өнгө үзэмж сайжирч байгааг Ерөнхий сайд С.Батболд тэмдэглэж байлаа.Тэрбээр мөн Улаанбаатар хотын удирдлагууд хийсэн ажил, хэлэх үгтэйгээр 4 жилийнхээ ажлыг тайлагнаж буйд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлээд сайхан амлаж, хоосон яриад суусан биш тодорхой ажлуудыг бодитой хийж, зарим ажлын цаашид хийх чиг төлөвийг гаргаж чадлаа гэж хэллээ.
Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Б.Баатарзориг хэлсэн үгэндээ сүүлийн жилүүдэд Улаанбаатарт бүтээн байгуулалтын ажил өрнөж үүнд зарцуулах төсвийн хөрөнгийн хэмжээ нэмэгдсээр ирлээ. Монгол Улсын Засгийн газраас Улаанбаатарын хөгжилд бодлого болоод хөрөнгө оруулалтын дэмжлэгийг өдөр тутамд үзүүлж байгаа. Улаанбаатарт хийгдсэн ажлын үр дүн бүхэн Засгийн газрын нэгдмэл үйл ажиллагаатай холбоотой гэдгийг онцолж байлаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.
 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.