С.Эрдэнэ: Хийж буй ажлаараа овоглуулах нь бахархах сэтгэгдлийг төрүүлдэг
2012.03.23

С.Эрдэнэ: Хийж буй ажлаараа овоглуулах нь бахархах сэтгэгдлийг төрүүлдэг

УИХ-ын гишүүн С.Эрдэнэтэй ярилцлаа.
-Ярилцлагаа таны улс төрийн амьдралын замналаас эхлэе гэж бодлоо. Өнөөдрийн УИХ-ын гишүүн С.Эрдэнэ улс төрийн амьдралаа хэрхэн эхэлж байв? Эргээд нэг харахад таны улс төрийн амьдрал ололт амжилт ихтэй бас багагүй бэрхшээлтэй байсан байх.

- Улс төрийн амьдралд оролцсон 22 жилийн түүхийн маань дэлгэрэнгүй яривал маш их цаг хугацаа орно. Бас багагүй цаас хэрэгтэй болох биз. Он цагийн товчоо маягаар яривал, 1989 оны 12 сард анхны жагсаал цуглаанд оролцож улс төрийн идэвхтэй амьдрал маань эхэлсэн. Энэ хугацаанд сайн сайхан, саар муу, ололт амжилт гээд юу эсийг үзэхэв дээ. Ер нь улс төрч хүнд тохиолддог бүх зүйлийг туулж өнгөрүүлсэн. 1989 онд Багануурт Зөвлөлтийн барилгын байгууллагад ажиллаж байхдаа МУИС-ийн ШУКО /шинжлэх ухаан, коммунизмын онол/-ын багш С.Зориг агсан намайг өөрсдийнхөө цуглаан, уулзалт дээр дагуулж очиж байлаа. Тэр цуглаанд доктор Нэргүй, Бошгот гуай, “Малыш” Энхтүвшин, Цагаандарийн Энхтүвшин гээд анхдагчид бараг бүгд байсан даа. Тэд нийгмийн хөгжлийн асуудал, Монгол орныг яаж өөрчлөх вэ гээд олон асуудлаар санал бодлоо солилцож, үзэл бодлоо уралдуулдаг байсан. Бид чинь социализмын “бүтээгдэхүүн” шүү дээ. Нийгмийн хөгжлийн хамгийн зөв гарц бол социализм, коммунизм гэж л ойлгодог, нийгмийн өөр тогтолцоо байдаг гэдгийг сайн мэддэггүй л байлаа. Анх тэнд хүний эрх, ардчилал, шударга ёс гээд сонсож байв. Бага залуу байсан болоод тэр үү их л сонин мэдрэмж төрж байсан. Эхлээд сонирхогч байсан бол сүүлдээ оролцогч болж үзэл бодлоо хуваалцаж долоо хоног болгон ирж суудаг болсон. Энэ үеэс улс төрийн үзэл бодол маань төлөвшиж, нийгмийн хөгжлийн гарцыг өөрөөр хардаг болсон доо.

- Та Ардчилсан хувьсгалын галыг бадрааж, улс орны шинэ өнгө төрхийг бий болгоход гар бие оролцсон хүн. Ардчиллын эхний жилүүдэд дүүрэг удирдаж явлаа. Дараа нь Нийгмийн даатгалыг хариуцаж ажилласан. Энэ бүгд таны намтрын нэг хэсэг боловч нөгөө талаасаа ажил хөдөлмөрийн амьдралын асар их туршлага болох байх. Тэр үеэ эргээд нэг дурсвал?

- 1989 онд нийгмийн нэг байгууллыг нөгөөгөөр сольж, ардчилсан хувьсгалд гар бие оролцож, тодорхой үүрэг гүйцэтгэж байснаараа бахархдаг. МоАХ-ны гишүүн болж, 1990 оны 4 сард Ардчилсан намд гишүүнээр элсэн Багануур дүүргийн АН-ын анхны даргаар сонгогдож байв. 1992 оноос улс төрийн үйл ажиллагаанд илүү идэвхтэй оролцож эхэлсэн. 1996 онд Баянгол дүүргийн АН дарга болж, дүүргийн болон нийслэлийн ИТХ-д сонгогдож Баянгол дүүргийн засаг даргаар сонгогдож 2000 он хүртэл ажилласан. Намайг анх ажил авч байхад нэлээд хүнд байдалтай дүүрэг байсан. Улс орны нийгэм эдийн засаг ч сайнгүй, хаа хаанаа хэцүү байсан даа. Тэр үед 10 болон 6-р бичил хорооллын хөлдүү хороолол гэж нэртэй. Над дээр ирдэг өргөдөл гомдлын бараг 90 орчим хувь нь зөвхөн цахилгаан, дулааны асуудалтай холбоотой байсан. Улс хотоос татаас авдаг, төсвөөс 100 хувь хараат дүүрэг байлаа. Дулааны хоолой нь бөглөрөөд ямар ч даралтаар шахсан ч халаах боломжгүй болчихсон. Дээр нь хоолойгоор ирж байгаа ус их эрдэстэй учраас байрнуудын богино холболтын шугамнууд нь бөглөрч битүүрч ихээхэн хүндрэл учруулж байсан юм. Нэг л жишээ хэлэхэд бид 10-р хороололд орон сууцны контортой хамтраад бүтэн өвөлжингөө өдөр шөнөгүй аваарын байдалтай ажиллаж дулааны шугамыг сольсон. Нэг байрын шугамыг дуусгаад нөгөө рүү нь ордог байлаа. Одоо ч тэндхийн оршин суугчид санаж байгаа байх. Тухайн үед 10-р хороолол, 6-р бичил хорооллын дулааны шугам сүлжээний хангамжийг яаж сайжруулах вэ гэдэг асуудалд толгой гашилгаж ажиллаж байсан. Үүний ч үр дүн гарч 1999 оны сүүлч, 2000 оны эхээр дүүргийн засаг дарга дээр ирдэг дулаан хангамжтай холбоотой өргөдөл, санал гомдол 60-70 хувиар багассан. Энэ бол дүүргийн засаг даргаар ажиллаж байхдаа хийсэн хамгийн том ажил, амжилт маань гэж боддог. Дээр нь гол магистрал замуудын засварын ажил, замын өргөтгөлүүд, томоохон бүтээн байгуулалт, дэд бүтцийн салбарт хөрөнгө оруулалтууд хийгдсэн. Үндсэндээ 2000 он гэхэд Баянгол дүүрэг бие даасан төсөвтэй, төсвийн захиран зарцуулах асуудлаа өөрсдөө мэддэг болж чадсан.

- Таныг засаг даргаар ажиллаж байхад танай дүүрэг нийслэлийн шилдэг дүүргээр 3 жил дараалан шалгарсан гэж яригддаг...

- Тийм ээ, Нийслэлээс жил болгон дүүргүүдийн дунд зарладаг уралдаанд манай дүүрэг 3 жил дараалан тэргүүлж байсан. Нэг жил нь яалт ч байхгүй Чингэлтэй дүүрэг болон Баянгол дүүргийг зэрэг тэргүүн байранд шалгаруулсан юм. Ер нь хүнд хийж бүтээсэн он жилүүд сайхан байдаг. Би Баянголтойгоо амьдрал, ажлаа холбоод 16 жил болж байна. Дүүргийнхээ иргэдтэйгээ уулзаж, ахуй амьдрал, өнгөрсөн ирээдүйгээ ярилцахад үнэхээр сайхан дотно санагддаг.

-1996 онд Ардчилсан Холбоо эвсэл ялалт байгуулж засгийн эрхийг авсан. Энэ бол түүхэн үе байлаа. Та хувь хүний болон улс төрчийнхөө хувьд энэ үеийг өнөөдөр эргэж нэг харвал ямар дүгнэлт өгөх бол?

-1990 оны Ардчилсан хувьсгалаас хойш нийгмийн шинжтэй гол өөрчлөн байгуулалтыг анх эхлэн хийж, зоригтой дэвшүүлэн тавьж, алдаа оноог нь үүрч гарсан түүхэн үе гэвэл 1996-2000 он байсан. Төр болон улс төрчид өөрөө төлөвшиж тогтох суурь энэ үед тавигдсан гэж үзэж байна. Ялангуяа олон намын тогтолцоотой, яаж эв зүйгээ олж, яаж хамтарч ажилладгийг энэ үед анх мэдэрцгээсэн. 1996-2000 оны УИХ төрийн үйл ажиллагааг зогсоох чадвар бүхий хүчтэй сөрөг хүчинтэй байсан. Ийм парламентийн түвшинд яаж ажиллах ёстойг, буруу ажиллавал ямар хор уршигтай, зөв ажиллавал ямар үр дүнд хүрч болохыг харуулсан, төрийн төлөвшлийн суурийг тавьсан чухал үе байлаа.

Тухайн үед АХ эвслийн 4 Засгийн газрыг огцруулж байсан. Энэ нь өөрөө Монголын төр тогтворгүй байвал ямар байдгийг ойлгуулсан том сургамжтай жилүүд байлаа.

Тухайн үеийн Ардчилсан холбоо эвслийн Засгийн газрын болон УИХ-ын гишүүд туршлага багатай, шинэ залуучууд байсан. Гэнэдэх алдах зүйлээр их. Олон ч зүйл дээр алдаа дутагдал гаргаж байлаа. Үүнийхээ хариуг ч хангалттай амсаж 2000 онд ялагдал хүлээсэн. Харин одоогийн АН-ыг тэр үеийнхтэй харьцуулашгүй өөр өнгө төрхтэй, төлөвшсөн нам болсон. Одоо засгийн эрхийг авлаа гэхэд улс орныг түүртэлгүй аваад явчих чансаатай, боловсон хүчин сайтай, хариуцлагыг үүрэх бүрэн чадвартай гэж хэлнэ. Тухайн үед зах зээлийн эдийн засагт шилжих маш олон бэрхшээлүүд байсан. Үнэ чөлөөлж, өмч хувьчлалын ажлыг маш далайцтай эхлүүлсэн. Гадаад паспорттой болгосон. Монголчуудын өмнө дэлхий ертөнцийн үүд хаалгыг нээж өгсөн. Тэр үед хүн бүрийг гадаад паспорттой болгоно гэхэд цөөхөн монголчуудыг дэлхий даяар тараах гэж байна гэсэн шүүмжлэлүүд их гарч байсан. Үр дүн харин ч эсрэгээрээ гарч монгол хүн дэлхийн соёл, дэвшилтэй танилцаж, орчин үеийн техник технологийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхах боломжийг нээж өгсөн байдаг. Орон сууцыг хувьчилна гэхэд мөн л тухайн үед МАХН-ынхан шүүмжлэлтэй хандаж, бараг л хана ханаар нурааж аваад явах юм шиг ярьж байсан. Гэтэл эргээд харахад орон сууцыг хувьчилснаар нураах нь байтугай иргэд нь үл хөдлөх хөрөнгөтэй, орон сууц нь үнэ үнэлэмжтэй болсон. Малыг хувьчлах тухай ярьж байхад бас хотыг нь харлуулах гэж байна гэж шуугиж байсан нь одоо ч санаанд ил байна. Социализмын үед таван жилийн төлөвлөгөөндөө малын тоо толгойг 25 саяд хүргэнэ гэсэн зорилтыг тавьдаг дэвшүүлдэг ч биелдэггүй байсан. Харин аливаа өмч хөрөнгийг эзэнд нь өгснөөр ямар үр дүн гардгийн малыг хувьчлах үйл явц харуулж Монгол улсын малын тоо толгой 50 сая хүртэл өссөн. Бид буруу нийгэмрүү ороогүй. 1996-2000 он бол ардчиллын ололт амжилтыг бататган, суурийг нь бэхжүүлж асар их эрсдлийг даван туулсан он жилүүд байсан.

- 2000 онд АН үндсэндээ ялагдал хүлээж ихэнх нь ажил албагүй болцгоосон. Олон ч хүн АН-аас нүүр буруулсан байх. Харин та хүндхэн үед нам, холбооны ажилд оролцож МоАХ-ны даргаар ажиллаж байсан. Энэ холбоог удирдаж ажиллах бол нэр хүндийн асуудал гэдэгтэй олон хүн санал нийлэх байх?

- 2000 оны УИХ-ын сонгуулиар талийгаач Ж.Наранцацралт Дундговьд ялалт байгуулсан шүү дээ. АН бараг 100 хувь ялагдсан. Миний хувьд 2004 хүртэл нам, холбооныхоо ажлыг хийсэн. 2002 оноос 2007 он хүртэл МоАХ-ны 7 дахь даргаар томилогдож холбооны үйл ажиллагааг эрчимжүүлэх, улс орны нийгэм улс төрийн амьдралд оролцох оролцоог нэмэгдүүлэхэд анхаарч ажилласан. Энэ холбоог удирдаж ажилласанаараа ихэд бахархдаг. Яагаад гэвэл МоАХ-г нэр хүндтэй, шилдэг улс төрчид удирдаж ирсэн. Анхны даргаар нь С.Зориг агсан ажиллаж байсан бол 2 дахь даргаар нь одоогийн ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ажиллаж байсан.

-2004 онд УНДЕГ-ын даргаар томилогдож ажилласан. Өмнө нь “Баянгол”-ын гэгддэг байсан бол “нийгмийн даатгалын” Эрдэнээ гэж дуудуулах болсон. Эндээс та УИХ-ын гишүүн болсон. Гэхдээ сайн муу олон зүйлийг дуулсан...

- 2004 онд энэ ажлыг авах үед олон нийт нийгмийн даатгалын талаар сайн ойлголтгүй, тэтгэвэр тавьдаг төдийхнөөр төсөөлдөг, ач холбогдлыг нь сайн ойлгодоггүй, нэлээн хаалттай, байгууллагын дотоод сахилга бат алдагдсан, өр авлагад нэлээн баригдсан ийм л газар байсан. Олон юм нуршилгүй ганц зүйлийг хэлэхэд 2004 онд хүмүүс нийгмийн даатгалын мөн чанарыг мэддэггүй, ам муутай байсан бол 2008 он гэхэд хүн бүр нийгмийн даатгалын тухай мэддэг, ямар чухал болохыг маш сайн ойлгож, ярьдаг болсон. Олон тэрбум төгрөгийн өр авлагыг барагдуулсан даа. Баянгол дүүргийн засаг дарга байхдаа “Баянголын Эрдэнээ”, УНДЕГ-ын дарга байхдаа “Нийгмийн даатгалын Эрдэнээ” гэж хийж байгаа ажлаараа овоглуулж байснаа эргээд санахад бахархууштай сэтгэгдэл төрдөг. Одоо ч гэсэн би Нийгмийн бодлогын байнгын хорооны гишүүний хувьд энэ салбарын ажлыг сонирхож, орлого авлага юу болж байна, төлөвлөгөө нь яаж байна гээд байнга анхаарч байдаг. Сайхан ч хамт олон дээр очиж, улам бүр дасан нөхөрлөж, илүү сайхан хамт олныг бүрдүүлсэндээ баяртай байдаг.

-2008 оны УИХ-ын сонгууль нэлээдгүй шуугиан дагуулсан. Та бараг жил гаран хугацаанд тангаргаа өргөж чадаагүй.

-Тийм ээ, 2008 онд “алдартай” сонгуульд нэр дэвшсэн. Уг нь сонгогдоод УИХ-ын гишүүний түр үнэмлэхээ авчихаад байгаа хэрнээ 1 жил 5 сар тангараг өргөж чадаагүй. Тухайн үед намайг хохироож байгаа мэт боловч мөн чанартаа сонгогчид л хохирч байгаа юм. Одоо байгаа бусад гишүүд 3 гаран жил ажиллаж байхад би 2 жил 4 сар ажиллаа. Гэхдээ энэ хугацаанд өөрийгөө муу ажилласан гэж хэлэхгүй.

-Таныг тангаргаа өргөөд ажилдаа орсноос хойш багагүй хууль санаачилж, дүүрэгтээ хөгжлийн хөтөлбөр санаачилж ажиллаж байгаа. Энэ хөтөлбөрийн ажил хэр явцтай байгаа вэ?

-Гишүүний тангаргаа өргөөд ажилдаа орсноос хойш бие дааж 10 гаруй хууль санаачилж өргөн барьснаас 4 нь батлагдаад хэрэгжээд явж байна. УИХ-ын 30 гаруй тогтоол шийдвэрийн төсөл боловсруулж, ажлын хэсэгт орж ажиллаа. Үүнээс 20-иод нь батлагдсан. Одоо мөн өөрөө санаачилж 6-7 хууль боловсруулж байна. Бусадтай хамтарч 20 гаран хуулийн төсөл дээр ажиллаа. Дүүргийнхээ нийгэм, эдийн засгийн хөгжил дээр анхаарч “Баянгол хөгжлийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж эхэлсэн. Энэ хөтөлбөр нь дотроо дүүргийн хэмжээнд тулгамдсан асуудлыг хамарсан дэд хөтөлбөрүүдтэй. “Баянгол” хөгжлийн хөтөлбөр хэрэгжээд 2 жил болж байна. Анх 12 дэд хөтөлбөртэй байсан бол одоо 16 болсон. УИХ-ын гишүүн болчихоод хамгийн түрүүнд барьж авсан ажил бол Эрүүл мэндийн сайдтай уулзаж Баянгол дүүрэгт эмнэлэг бариулах асуудлыг хөөцөлдсөн. Манай дүүрэг чинь өөрийн гэсэн эмнэлэггүй шүү дээ. Хүн амын эрүүл мэндийн тусламж үйлчилгээ тааруухан байсан. Ингээд 100 ортой, өдөртөө 500-600 хүнд үйлчлэх хүчин чадалтай эмчилгээ оношлогооны иж бүрэн төвийг бариулахаар шийдвэрлүүлж, сонгон шалгаруулалтаа зарлан шавыг нь тавьж ажлыг нь эхлүүлсэн. Одоо 40 хувьтай явж байна. Энэ ондоо багтаан иж бүрнээр нь ашиглалтанд хүлээлгэж өгнө гэсэн зорилготойгоор УИХ-ын гишүүний зүгээс шаардагдах бүхий л бололцоогоороо оролцож ажиллаж байна. Миний энэ хөтөлбөрт тусгагдсан ажлуудаас олон ажил энэ мэтчилэн ажил хэрэг болоод явж байгаад ихэд бахархдаг. Ноднин би анх удаа 2009-2010 онуудад хийж гүйцэтгэсэн ажлуудынхаа тайлангаа сонгогчиддоо хүргүүлсэн. Саяхан 2010-2011 оны тайлангаа хүргүүллээ. 3 дахь тайлангаа сонгуулийн өмнө хүргүүлнэ гэсэн бодолтой байна.

- Сүүлийн үед анхаарал татаж байгаа асуудал бол яалт ч байхгүй АН Хамтарсан Засгийн газраас гарч байгаа асуудал. Таны хувьд энэ Засгийн газрыг эсэргүүцэж байсан хүний нэг. Харин одоо АН Засгийн газраас гарлаа. Энэ тал дээр та юу гэж хэлмээр байна. Цаг хугацааны хувьд хожимдсон алхам гэж үзэх хүмүүс байна. Сонгууль хаяанд ирсэн энэ үед гарч байгаа нь зөв үү? Ер нь энэ Засгийн газар хэр их ажлыг амжуулав?

-Намайг 2008 онд түр үнэмлэхээ авчихсан байхад УИХ-ын гишүүний тангаргийг өргүүлэхгүй байсан. Тэр байтугай УИХ-д ямар ч хамаагүй аргаар оруулахгүй байх төлөвлөгөө хэрэгжиж байлаа шүү дээ. Гэхдээ тухайн үед Нийслэлийн АН-ын даргын хувьд, намын  удирдлагуудын нэгний хувьд хамтарсан Засгийн газарт орохыг эсэргүүцэж байсан. Ямар ч эрх зүйн үндэс байгаагүй. Анхнаасаа эсэргүүцэж байсантай адил өнгөрсөн бүхий л хугацаанд ийм л байр сууриндаа байсаар ирсэн. Олонх нь засгийн эрхээ бариад, цөөнх нь хяналтаа тавих ёстой гэж үздэг.

АН хамтарсан Засгийн газарт орсноор юу хожив, нийгэмд юу хийж бүтээв? Надад бол нааштай үр дүн бага харагдаж байна. Яахав, Оюутолгойг эдийн засгийн эргэлтэнд оруулсан гэж ярьж байгаа ч яг ямар ашигтай, ард иргэдэд ямар үр өгөөж өгсөн нь харагдахгүй байна. Луйврын гэрээ болж хувирахад ойрхон байна. Өдрөөс өдөрт маш олон нотлох баримтууд гарч ирч байна шүү дээ. Цаашдаа яах нь тодорхойгүй байна. Тавантолгойг одоо болтол эдийн засгийн эргэлтэнд оруулахгүй зориуд барьж байна. Үүний цаана Ухаа худгийг хууль бусаар авсан тодорхой олигархуудын бодлого явж байгаа. Тэд Ухаа худгийн үнэ цэнийг өсгөж, бүх зүйлийг өөрсөддөө ашигтайгаар эргүүлэхийг хүсэж байгаа учраас Тавантолгойг эдийн засгийн эргэлтэнд оруулахгүй байна. Ингэснээрээ Монголын ард түмний эсрэг эдийн засгийн том гэмт хэргийг үйлдэж байгаа юм. Өнөөдөр хамтарсан Засгийн газар байгуулсаны үр дүнд юу харагдаж байна гэхээр ямар ч хяналт байхгүй, хамтрах нэрээр хуйвалдаж хувааж идэх үйл явц өрнөсөн жилүүд байлаа. Үүнд маш их харамсаж байна. Богинохон ч гэсэн үлдэж байгаа хугацаанд Монголын төр хуулийнхаа хүрээнд олонх нь олонх шиг засаглаад, цөөнх нь цөөнх шиг хяналтаа тавиад ажиллах ёстой.

 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.