“Эрүүл Монгол хүүхэд” аян хөтөлбөр нэрээр мөнгө завших гэж байна
2012.04.03

“Эрүүл Монгол хүүхэд” аян хөтөлбөр нэрээр мөнгө завших гэж байна

Засгийн газраас хэрэгжүүлж эхэлсэн “Эрүүл Монгол хүүхэд” аян өнгөрсөн сарын 19-нээс Монгол орон даяар эхэлсэн. Энэхүү аян нь 0-18 насны бүх хүүхдийг эмчийн үзлэгт хамруулан, оношлон эмчлэх зорилготой юм. Энэ ажилд зориулан Эрүүл мэндийн даатгалын сангаас 18 тэрбум төгрөгийг тухайн эмнэлгийн гүйцэтгэлээр санхүүжүүлэх юм. Монголын Үйлдвэрчний эвлэлийн хорооноос “Эрүүл Монгол хүүхэд” аян нь сонгуулийн шоу, тендер зарлаж дундаас нь их хэмжээний мөнгө завших гэсэн шунал хэмээн үзэж байгаа ажээ. Хэвлэлийн бага хурлын үеэр МҮЭХ-ны ерөнхийлөгч С.Ганбаатараас энэхүү асуудлыг тодрууллаа.
-Ямар шалтгаанаар хүүхдүүдийг оношлон, эмчлэх аяныг эсэргүүцэж байгаа вэ?
-Бид хүүхдүүдийг эмчийн үзлэгт хамруулах, оношлох, эмчлэх зэргийг эсэргүүцээгүй. Харин ч дэмжиж байна. Гэхдээ энэхүү төслөөр дамжин ЭМЯ их хэмжээний хөрөнгө мөнгөний тендер зарлаж зар сурталчилгаа, тараах материал, машин техник, эмчилгээний багаж төхөөрөмж гэх мэт зүйлсээс их хэмжээний мөнгө завших гэж байна уу хэмээн сэрдэж байгаа юм.
-Зөвхөн хардлага төдий л байгаа гэсэн үг үү?
-Энэ зөвхөн хардлага биш. Учир нь 7 хоногийн өмнө ЭМЯ-нд хандан ямар үндэслэлээр 18 тэрбум гэдэг тоог гаргаж ирсэн тухай, тендер хэрхэн зарлах тухай, илүү дэлгэрэнгүй материалуудаа бидэнд танилцуулах хүсэлтийг тавьсан ч хариу ирүүлээгүй. Хариу өгөхгүй байгаа нь хамгийн их хардлага төрүүлж байгаа юм. Тиймээс ойрын өдрүүдэд Нийгмийн даатгалын үндэсний комисст уг асуудлаа хэлэлцүүлэх шаардлагатай гэж үзэж байна. Хэрэв тайлан, баримт, нотолгоо, үндэслэлээ ил гаргахгүй бол бид тэмцлийн хэлбэрт шилжих болно. Би 18 тэрбумын “Эрүүл хүүхэд” аян 5 жилийн өмнөх “Эрүүл Монгол” аяны араас замхран алга болох вий гэж айж байна.
- Та “Эрүүл Монгол” аяны үндэсний зөвлөлд байсан шиг санагдаж байна?
-Тийм ээ, би үндэсний зөвлөлд нь байсан. Тэр үед 5,4 тэрбум төгрөг зүгээр л “дашин шог” болсон. Би хариуцлага хүлээхэд ч бэлэн байна. Би тэр үеийн алдаагаа дахин давтмааргүй байна. Тиймээс л өнөөдөр ингэж санаа зовниж тэмцээд байгаа юм. 
-Хүн бүр л энэ аяныг олзуурхан хүлээн авч байна. Энэ аяныг таны бодлоор хэрхэн зохион байгуулах хэрэгтэй вэ?
-Энэ “Эрүүл хүүхэд” аянтай, аянгүй Монголчууд хүүхдээ эмнэлэгт үзүүлж, эмчлүүлж л таараа. Өрхийн эмч, дүүргийн эмч нар ажлаа хийдгээрээ л хийж таараа. Ингэж хөтөлбөр гэж сүржигнэн эмч нарт хэт ачаалал өгөх шаардлагагүй гэж бодож байна.  Өнөөдөр Монголд хүүхдийн нэгдсэн эмнэлэг байхгүй байна. Ингэж хүүхдийг нэг удаа үзээд өнгөрөх тэр 18 тэрбум төгрөгөөр чинь бүхэл бүтэн хүүхдийн нэгдсэн эмнэлэг барьж болно шүү дээ. Сургууль, цэцэрлэгийн 23 хувь нь л эмчтэй байгаа. Тэр эмч нар нь үдийн цай хөтөлбөрийн цэстэй ноцолдон өдөр хоногийг өнгөрөөж суудал бөглөж байна. Бид ямар ч байсан тэмцэх үүрэгтэй хүмүүс. Тэмцэх л болно.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.