Сөүл төслийн үйл ажиллагаа эхэллээ
2012.04.02

Сөүл төслийн үйл ажиллагаа эхэллээ

Монгол Улсын Эрүүл мэндийн яам болон Бүгд Найрамдах Солонгос Улсын Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын яам хоорондын эрүүл мэндийн салбарт хамтран ажиллах тухай Тохиролцоонд тусгагдсан “Сөүл төсөл”-ийн үйл ажиллагааг хэрэгжүүлж эхлүүлэх хоёр улсын эрүүл мэндийн Дэд сайд нараар ахлуулсан Зөвлөлдөх ажлын хэсгийн анхдугаар хуралдаан 3 дугаар сарын 30-ны өдөр Улаанбаатар хотноо зохион байгуулагдлаа.

Хуралдааныг Эрүүл мэндийн Дэд сайд Ж.Цолмон удирдан явуулж, хоёр улсын эрүүл мэндийн яамдын холбогдох албаны хүмүүс болон “Сөүл төсөл”-ийн хүрээнд эмнэл зүйн сургалтыг хэрэгжүүлэх эмнэлгүүдийн удирдлагууд оролцлоо.
Хуралдаанаар таван үндсэн асуудлуудыг хэлэлцэн санал солилцож, харилцан зөвшилцөлд хүрлээ.

Үүнд: Монголын эмч, мэргэжилтнүүдийг БНСУ-д эмнэл зүйн сургалтанд хамруулах;
Монголын эмнэлгүүдэд Солонгосын зочин профессоруудын хөтөлбөр хэрэгжүүлэх;
БНСУ-ын харьяат эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн лицензын хүчинтэй хугацааг сунгах асуудлаар санал солилцох;
Монголд үйл ажиллагаа эрхлэх Солонгосын хөрөнгө оруулалттай эмнэлгүүдийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх лицензын хүчинтэй хугацаатай холбоотой асуудлыг хэлэлцэх;
БНСУ-д эмчлүүлэх Монгол Улсын иргэдэд хямдралтай үнийн багц тариф бий болгох чиглэлээр тохиролцоонд хүрэх зэрэг асуудлууд байлаа.

Хуралдааны төгсгөлд Монгол Улсын Эрүүл мэндийн Дэд сайд Ж.Цолмон, БНСУ-ын Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын Дэд сайд ноён Сунь Гонь Иг нар Хурлын Протоколд гарын үсэг зурж, Монголын Улсын Шастины нэрэмжит төв эмнэлэг, Эх хүүхдийн Эрүүл мэндийн үндэсний төв, Хавдар судлалын үндэсний төв, Гэмтэл согог судлалын үндэсний төв болон Солонгос Улсын Ионсей эрүүл мэндийн төв, Тэжон Сон эмнэлэг, Вонгуан их сургуулийн эмнэлэг, Хьюндай эмнэлэг хоорондын “Сөүл төсөл”-ийг хэрэгжүүлэхэд хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичиг байгуулагдлаа.

Зөвлөлдөх ажлын хэсгийн анхдугаар хуралдаанаас эхлэн хэлэлцэж тохирсон төслүүдийн хэрэгжилтэнд хяналт тавьж, үнэлгээ хийн, эрүүл мэндийн салбар дахь цаашдын хамтын ажиллагааны чиглэлийг тодорхойлох үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдах ба 2012 онд багтаан Дэд сайд нараар ахлуулсан Зөвлөлдөх ажлын хэсгийн хоёрдугаар хуралдааныг БНСУ-д зохион байгуулахаар хоёр тал харилцан тохиролцов.
 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.