Д.Тэрбишдагва: Хүн зөнөхөөрөө олон юм яриад л байдаг даа
2012.08.13

Д.Тэрбишдагва: Хүн зөнөхөөрөө олон юм яриад л байдаг даа

2012 оны 08-р сарын 09-ний өдрийн УИХ-ын нэгдсэн чуулганд УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагвын хэлсэн үг.МУ-ын Ерөнхий сайдыг томилох чуулганаар УИХ-ын гишүүд ерөнхий сайдад нэр дэвшигчээс асуулт асуух үеэр Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдорж УИХ-ын гишүүн С.Баярцогт, УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, УИХ-ын гишүүн Даваасүрэн нарыг янз бүрээр хэлж дайрч байсан юм.

Ингээд, УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагвын хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.
Өнөөдөр Ерөнхий сайдын томилгооны асуудлыг хэлэлцэж байна. Н.Алтанхуяг дарга, ардчилсан намын нөхөд маань шударга ёсны төлөө хамтарч ажиллая гэсэн санал тавьсны дагуу Хамтарсан Засгийн газар байгуулах гэрээгээ баайгуулсан. Н.Алтанхуяг даргыг дэмжиж байна. Чуулганы хуралдаанд хэлэлцэж буй асуудлаасаа хазайдаг, тухайн асуудлаас өөр зүйл ярьдаг болжээ. Сүүлийн үед энэ Ц.Нямдорж гэдэг нөхөр орой болгон телевизийн нэвтрүүлэгч шиг камерийн өмнө суучихаад олон юм яриад байгаа л даа. Улаантан л гэнэ, цагаантан л гэнэ, урвагч л гэнэ. Тэгээд хүн зөнөхөөрөө олон юм яриад л байдаг даа. Би Ц.Нямдоржийг насаар нь хэлсэнгүй. УИХ-д ахмад гишүүд олон байгаа. Тэд нас намбаараа улс төрийн хувьд төрд түшиг болдог. Нэг зүйлээ олон давтаж ярьдаггүй.Өнөөдөр ч Ц.Нямдорж улаантан, цагаантан, урвагч гээд яриад байна. Ц.Нямдорж улс төрд олон жил болчихоод хэлэлцэж байгаа асуудлыг бүрхэгдүүлж, гуйвуулж өөр юм ярьдаг болжээ. Нэг ярьсан зүйлээ хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон дахин давтан ярьдаг. Одоо ч гэсэн хэлэлцэх асуудлаа ярихгүй бусад нам эвслийн талаар ярьж байгаа зэргийг нь харахаар зөнөглөж харагдаад байна. Чиний энэ байдлыг чинь харахаар өөрийн эрхгүй улс төрийн "зөнөглөл" гэж хэлмээр байна. Улс төрийн зөнөглөл гэдэг юм энэ хүнд бий болчихож. Тийм учраас Ц.Нямдорж ирэх 4 жилд олон зөнөглөсөн юм ярих юм байна.

Улс төрийн зөнөглөл нь магадгүй шинэ нэр томъёо. Ц.Нямдорж хичнээн их ярих тусам төдий чинээ бидэнд ашигтай. Ц.Нямдорж шударга дүр гаргаж ярьдаг байсан бол одоо түүнийг нь хүмүүс хүлээж авахаа больсон. Биднийг урвагч гээд ярьж байна.Би 2004, 2008, 2012 онуудад МАХН-аас нэр дэвшсэн. Ц.Нямдорж өөрөө олон жил МАХН-аас нэр дэвшсэн. Ц.Нямдорж МАН-аас нэр дэвших гээд Увсдаа очиж чадахгүй. Яагаад гэвэл МАХН-аас урвасан жинхэнэ урвагч болсон хүн. Увс аймгийн шударга түмэн хүлээж авахгүй шүү дээ. Харин сайдынхаа албан тушаалтай зууралдаж үлдээд, нэрсийн жагсаалтад ороод үглэгч болоод зөнөглөлтэй болчихсон хүн байхгүй юу.

С.Эрдэнэ гишүүнээ та нар Ц.Нямдоржийн ярьсан олон юманд эмзэглэх хэрэггүй. Ц.Нямдорж яриад л байг, улам их яриул. Энэ бас л улс төрийн зөнөглөл. Би одоо дахин Ц.Нямдоржийн талаар ярихгүй.Сонгуулийн үеэр Ц.Нямдорж Сонгинохайрхан дүүрэгт очиж намайг болон манай эвслийг гүжирдсэн, доромжилсон, зохион байгуулалттайгаар унагах гэж оролдлого хийсэн боловч үр дүнд хүрээгүй. Харин ч миний рейтинг өсөөд байдаг байхгүй юу даа. Ц.Нямдоржид баярлалаа. Тэрээр албан тушаалаа удахгүй өгөх гэж байгаа.

ХЗДХ-ийн сайдын албыг авах гэж байгаа хүн их болгоомжлоорой. Хууль орондоо зассанаас болж Их хурлын даргын ажлаа өгөхгүй гэж боож үхчих гээд байсан, одоо ХЗДХ-ийн сайдаа өгөхөөрөө их сандарна даа. Зүгээр жудагтайхан шиг байх хэрэгтэй.Монгол улсад шоронжсон хууль бий болгосон. Өнөөдөр жинхэнэ долоож явсан хүн нь шоронжсон хуулиараа мөрдөн байцаах үйл ажиллагааг хамгийн их хийлгэж Н.Энхбаяр даргыг шоронд хийсэн хүн чинь Ц.Нямдорж болчихоод байгаа ш дээ. Тэгээд ХЗДХ-ийн сайд байхдаа хууль бус баривчилгааг мэдээгүй гэж мэлздэг, унтсан хүн чинь Ц.Нямдорж ш дээ.

Өнөөдөр би Н.Алтанхуягийг ерөнхий сайд болбол цаашид хийх ажлын талаар саналаа хэлье гэсэн, Ц.Нямдорж урвагч, шарвагч гээд олон юм яриад байхаар нь ийм зүйлийг ярихаас өөр аргагүй боллоо. Үүнээс хойш хэлэлцэж байгаа асуудалд нь зохицож, асуудлын хүрээнд ярина. Ц.Нямдорж шиг ийш тийшээ үсчиж олон юм яриад улс төрийн зөнөглөл хийхгүй гэдгээ хэлмээр байна. Бид цаашдаа улс орныхоо сайн сайхны төлөө хамтарч шударга үнэний төлөө, хэлмэгдүүлэлтийн эсрэг таныг хамтран ажиллана гэдэгт баттай итгэж байна. Танд амжилт хүсье. Баярлалаа.
 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.