МАН-ын дарга С.Батболд ажлаа өгөх санал гаргажээ
МАН-ын дарга С.Батболд сонгуулийн дараахан болсон Удирдах зөвлөлийн хурал дээрээ намын даргын албан тушаалаа хүлээлгэж өгөх хүсэлт гаргажээ. Тэрээр улстөрийн сонгуульд намын үзүүлсэн амжилт намайг ийм шийдвэр гаргахад хүргэлээ. Улстөрийн соёлоо бодсон ч намын удирдлагууд хариуцлага хүлээх ёстой гэж хэлсэн байна.
Удирдах зөвлөлийн гишүүд ч түүний саналыг хүлээж авчээ. Гэхдээ С.Батболдын хүсэлтийг намын Их хурал хүртэл биелүүлэх боломжгүй. Намын даргыг намын Их хурлаас сонгож, чөлөөлдөг учраас дараагийн Их хурал хүртэл нам даргагүй байж болохгүй гэж үзжээ. Тиймээс Удирдах зөвлөлийн хурлаар Бага хурал, тэндээс Их хурлын товоо тодорхой болгоно гэж тохирчээ. Их хурлын товоо тодорхой болгоогүй ч ес, арваннэгдүгээр сарын аль нэгэнд хийхээр ярилцжээ. Зарим гишүүн нь есдүгээр сард буюу орон нутгийн сонгуулийн өмнө намын даргаа солих нь зүйтэй гэж үзсэн байна.
Харин МАН-ын ерөнхий нарийн бичгийн даргын албан тушаал нь орон тооных учраас УИХ-ын гишүүнээр сонгогдсон У.Хүрэлсүх дүрмийн дагуу ажлаа хүлээлгэж өгчээ. Түүний оронд Нийгмийн ардчилал Монголын залуучуудын холбооны тэргүүн Л.Оюун-Эрдэнэ ерөнхий нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэхээр боллоо. Ерөнхий нарийн бичгийн даргаа албан ёсоор Бага хурлаараа сонгох юм. Эх сурвалжийн мэдээлж буйгаар, МАН Бага хурлаа энэ сарын 20-ны дотор хийхээр төлөвлөжээ.