
ЁЗДБХ: 2025 оны төсвийн тодотголын хоёр дахь хэлэлцүүгийг хэлэлцлээ
Улсын Их Хурлын Ёс зүй, дэгийн байнгын хороо өнөөдөр /2025.06.30/ хуралдан Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндэсний баялгийн сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.
Дэлхий дахинд үүсээд буй сорилт, бэрхшээлийн Монгол Улсын эдийн засаг, нийгэмд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, мөн Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд өөрчлөлт орсонтой холбоотойгоор Төсвийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.2, 34.1.4 дэх заалтын дагуу Монгол Улсын 2025 оны төсвийн тодотголын төслийг боловсруулж, 2025 оны 6 дугаар сарын 25-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн хэмээн Сангийн сайд Б.Жавхлан танилцуулав.
Тэрбээр, Эдийн засгийн сорилт, хүндрэлийг даван туулахад төсвийн сахилга бат, үр ашигтай зарцуулалт онцгой чухал үүрэгтэй. Тиймээс “ХЭМНЭЛТИЙН ТОДОТГОЛ”-д бүх шатны төрийн байгууллагуудын тэвчиж болох зардлыг хэмнэх зарчмыг баримталлаа хэмээсэн.
Цомхон, бүтээмжтэй төртэй байхын тулд төрийн албаны орон тоог 2026 оны хөгжлийн төлөвлөгөөнд нийцүүлэн 9 хувиар бууруулахаар тооцжээ.
Мөн төсвийн байгууллагын тээвэр, шатахуун, дотоод албан томилолт, хичээл үйлдвэрлэлийн зардал, төрийн өндөр, дээд айлчлал болон өндөр түвшний зочин төлөөлөгч хүлээн авахаас бусад гадаад албан томилолт, зочин төлөөлөгч хүлээн авах зардал, тавилга, эд хогшил худалдан авах, урсгал засвар хийх болон багаж техникийн зардал, төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудад олгодог татаасын зардал, байгууллагаас олгох нэг удаагийн болон бусад төрлийн тэтгэмж, урамшуулал, хөтөлбөр, арга хэмжээний зардал зэргийг хэмнэхээр тооцож холбогдох өөрчлөлтийг тодотголын төсөлд тусгасан хэмээлээ.
Төрийн албаны зөвлөлийн даргын багцын төсөв 2025 оны батлагдсан төсвөөс нийт зардал 4.3 тэрбум төгрөгөөр буурсан. Мөн багцын хэмжээнд 7 орон тоо буурч, 78 орон тоотой байхаар тооцжээ.
Төрийн албаны зөвлөлийн төсөв 2025 оны батлагдсан төсвөөс нийт зардал 3.5 тэрбум төгрөгөөр бууруулахаар төлөвлөж, тус байгууллагын төрийн албан хаагчийн тоог 9 хувиар буюу 5 орон тоогоор бууруулж 56 орон тоотой байхаар тооцсон гэв.
Төрийн албан хаагчийн ёс зүйн хорооны ажлын албаны төсөв 2025 оны батлагдсан төсвөөс нийт зардал 0.8 тэрбум төгрөгөөр бууруулахаар төлөвлөж, тус байгууллагын төрийн албан хаагчийн тоог 9 хувиар буюу 2 орон тоогоор бууруулж 22 орон тоотой байхаар тооцсон байна.
Ийнхүү 2025 оны төсөвт тодотгол хийснээр нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 3 их наяд 260 тэрбум төгрөгөөр бууруулж, 30 их наяд 209.9 тэрбум төгрөг, нэгдсэн төсвийн нийт зарлагын хэмжээг 1 их наяд 856.5 тэрбум төгрөгөөр бууруулж, 31 их наяд 575.1 тэрбум төгрөгт хүргэж, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 1 их наяд 365.2 тэрбум төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 1.5 хувийн алдагдалтай болж байна хэмээн тодотголоо.
Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн, Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл нь Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 23 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан гэж дүгнэсэн гэлээ.
Танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүд төрийн албан хаагчдын тоог цөөлнө гэсэн атлаа бусдаар гүйцэтгүүлэх ажлын зардал нэмэгдсэн талаар, төрийн албан хаагчдын тоог есөн хувиар бууруулах асуудалтай холбогдуулан асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн бөгөөд энэхүү асуудлыг хэлэлцсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтсон юм.
Мөн хуралдаанаар Монгол Улсын Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явууллаа.
Хуулийн төсөл санаачлагчийн илтгэлийг УИХ-ын гишүүн Х.Булгантуяа танилцуулав. Ирэх оны төсвийн төслийг жил бүрийн 9 дүгээр сарын 1-ний өдөр өргөн барьж, 11 дүгээр сарын 15-нд батлах хуулийн зохицуулалттай. УИХ-ын намрын чуулган 10 дугаар сард эхэлж эхэлсэн даруйдаа төсвийн төслийг хэлэлцэж эхэлдэг. Хуулийн төсөлд УИХ-ын намрын чуулганы 9 дүгээр сарын 15-ны өдрөөс эхэлж төсвийн төслийг намрын чуулган эхэлсэн өдрөөс эхлэн хэлэлцүүлэх, төсвийн төсөлтэй танилцах хэлэлцүүлгийн шинэ үе шат нэмж нийтдээ 5 үе шаттайгаар хэлэлцдэг байх нэмэлт, өөрчлөлтийг холбогдох хуульд хуульд оруулахаар тусгалаа гэлээ. Мөн дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэл нь дараа жилийн макро эдийн засаг, төсвийн үндсэн үзүүлэлт болох чухал баримт бичиг учраас 4 үе шаттайгаар УИХ-аар хэлэлцүүлэх тусгайлсан дэгийг бий болгож Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дүгнэлтийг нэгдсэн хуралдаанаар сонсож бүх байнгын хороодоор хэлэлцэж санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороо, Эдийн засгийн байнгын хороо хуралдаж хамтарсан санал дүгнэлт гаргах зохицуулалтыг бий болгож, холбогдох хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар тусгасныг тодотгосон.
Засгийн газраас дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн төсөл, хөгжлийн төлөвлөгөөний төсөл, хөгжлийн гүйцэтгэлийн тайлан болон холбогдох бусад баримт бичгийг тодорхой хугацаанд Төсвийн тогтвортой байдлын зөвлөлд хүргүүлэх, УИХ-д танилцуулах эрх зүйн зохицуулалт бий болгох шаардлагатай байна. Ингэснээр Төсвийн тогтвортой байдлын зөвлөлд хуульд заасан дүгнэлт гаргаж, хяналт тавих, УИХ-д танилцуулах чиг үүргийнхээ хүрээнд ажиллах зохицуулалтыг нэмж тусгаж өглөө. Монгол Улсын Ерөнхийлөгчийн төсөвт тавьсан хоригийг УИХ хүлээн авсантай холбоотойгоор төсөв хэлэлцэн батлах хугацаа чуулганы хуралдааны дэгийн зохицуулалтыг нэмж тусгасан хэмээлээ.
Хуулийн төсөлтэй холбогдуулан зарчмын зөрүүтэй саналын томьёолол ирээгүй гэдгийг хуралдаан даргалагч танилцуулаад Байнгын хороо хуулийн төслүүдийг зүйл бүрээр нь хэлэлцэв.
Хэлэлцүүлгийн үеэр Сангийн сайд Б.Жавхлан, Төсөв хэлэлцэх цаг хугацааны цаглаварт оруулах гэж буй өөрчлөлтийг олон талаас нь харах ёстой гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлээд, төсвийг төлөвлөх шатанд гарч болох эрсдэлийн талаар байр сууриа илэрхийлсэн.