2024.11.29

Б.Жавхлан: Төсвийг дахин өргөн барих дэгийн зохицуулалт байхгүй

УИХ-ын чуулганы /2024.11.29/-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн хоригийг хүлээн авсантай холбогдуулан хууль, тогтоолын төслийг хэлэлцэх дэг хэлэлцэж байна. 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд санал хэлж, асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Б.Жавхлан:  

Засгийн Газар дахин өргөн барих асуудал үүслээ гэхэд үүнийг зохицуулдаг дэг гэж байхгүй. Дэгийн тухай хуулиар 09 сарын 01-нд Засгийн газар өргөн барина эсхүл шинээр өргөн барих хоёр тохиолдол байгаа. Өргөн барьж, хэлэлцсэнээс хойш хориг тавьснаас болж дахин өргөн барих дэгийн зохицуулалт байхгүй. Төсөв өргөн барихад хуулийн бүрдүүлэлттэй процесс энэ дэгээрээ явж байгаад 22 төрлийн жагсаалт бүхий бүрдүүлэлттэй төсвийг өргөн барих хууль нэг л дутуу байвал УИХ хүлээж авахгүй. 12 сардаа төсвөө яаж ийж байгаад батлах хэрэгтэй. Тэгэхгүй бол 2025 онд үргэлжлээд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээ буюу 680 мянган төгрөгөөр 220 мянган төрийн албан хаагч цалин авах нь байна.Мөн ипотекийг нь яаж өгөх юм гээд маш олон асуудлууд байна. Үдээс өмнө дэмжээгүй саналаа дахиад хэлэлцэж болно. Бид нарт гарц байгаа. Засгийн газрын санал дээр үндэслэн их хурал хэлэлцэнэ гээд Засгийн газар руу тодорхой үүрэг өгчихсөн байна шүү дээ. Хэрэв танаж, хасах, хэмнэхээсээ айгаад шийдвэр гаргаж чадахгүй байгаа бол Засгийн газар саналаа бэлдээд оруулж ирээд их хурал дээр байнгын хороогоор дамжаад хэлэлцээд, батлаад явчихъя л даа. 

 

 Хугацаа зааж байгаа тохиолдолд одоо хүчин төгөлдөр мөрдөж байгаа дэгээр явахгүй эсхүл түргэвчилсэн горимоор ч гэдэг юм уу олон процессоор дамжихгүй нэг удаагийн дэгийн зохицуулалт ч юм уу үүнийг гаргаж ирж хийе гэсэн чиглэл байнгын хороонд гаргаж болох уу? Тэгэхгүй бол дэгийн зохицуулалтгүй болгочихоор таг гацчихаад байна.