Төр дангаар бус бүх нийтийн хамтын хүчин чармайлтаар авлигатай тэмцэнэ
Монгол Улс анхлан 2016 онд “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийг баталж байсан. Харин энэ удаа 11 зорилгыг дэвшүүлэн дахин "Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр"-ийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 40 гишүүний 95 хувь нь дэмжиж, баталлаа.
“Шударга ёс, тэгш боломж” гэдэг үг уриа тунхгийн шинж чанартай байхаа больж, иргэний нийгмийн байгууллага, сэтгүүл зүй, нийгмийн сүлжээ авлигын эсрэг бодитойгоор тэмцэн, үр дүнтэй хяналтыг бэхжүүлэхээр ажилладаг болсон. Үүнийг нь “Авлигатай тэмцэх 3 хэмжээст шинэ хандлага” гэж дэлхий даяар нэрлэдэг аж. Авлигатай тэмцэх нь зөвхөн төр засгийн хийх ажил биш, бүх нийтийн үйл хэрэг гэдэг. Тийм ч учраас авлигатай тэмцэх үйл ажиллагаанд иргэд, иргэний нийгмийн байгууллага, хэвлэл мэдээллийн бодит оролцоо, үр дүнтэй хяналтыг бэхжүүлэхэд онцгой анхаарах ёстой. Дэлхий даяараа өөрчлөгдөн шинэчлэгдэж, авлигын эсрэг том соёл аажмаар бүрэлдэж байна. Нийгмийн сүлжээ, технологийн дэвшил ч шинэ боломжуудыг олгож байна.
“Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл батлагдсанаар авлигатай тэмцэх эрх зүйн тогтолцооны салшгүй хэсэг болох “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр” үргэлжлэн хэрэгжих нөхцөл бүрдлээ. Мөн Монгол Улсын Үндсэн хуульд заасан төрийн үйл ажиллагааны үндсэн зарчмуудыг хамгаалах, “Алсын хараа 2050” урт хугацааны хөгжлийн бодлогын эхний үе шатны зорилтыг үр дүнтэй хэрэгжүүлэх суурь бүрдүүлэх, Үндэсний шударга ёсны тогтолцоог бэхжүүлэх, төлөвшүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааг хэрэгжүүлэх томоохон боломж бүрдэж байгаа юм.
Г.Занданшатар УИХ-ын дарга
УИХ-аас баталж буй бүх хууль, тогтоолд авлигатай тэмцэх үзэл санааг багтааж буй.
Тогтоол батлагдсантай холбогдуулан УИХ-ын дарга Г.Занданшатар хэлэхдээ,
“Олон нийтийн итгэлийг хүлээсэн авлигаас ангид, ёс зүйт нийтийн албыг бэхжүүлэх зорилгыг ойрын хугацаанд хэрэгжүүлнэ. Иргэний нийгмийн байгууллагууд, сэтгүүл зүй, мэргэжлийн хяналт, төрийн хяналтын байгууллагууд хяналтын хэвтээ тогтолцоонд шилжиж байгааг “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр”-өөр баталгаажуулж байна.
Энэ чуулганыг авлигатай тэмцэх хууль, эрх зүйн орчныг сайжруулсан чуулган болно гэсэн зорилтоо бид өнөөдөр нэг алхмаар үргэлжлүүлж, олон нийтийн шүүмж, хөндлөнгийн судалгааны байгууллагуудын үр дүнд нийцүүлэн төрийн үйл ажиллагааг нээлттэй, ил тод байх нөхцөлийг хангаж энэ өөрчлөлт шинэчлэлтүүдийг хийн уг хөтөлбөрийг баталлаа” гэв.
Улсын Их Хурлын тогтоол батлагдсантай холбогдуулан УИХ-ын гишүүдийн онцлох байр сууриас онцолбол:
Л.Мөнхбаатар УИХ-ын Дэд дарга
“Авлигатай тэмцэх үйл ажиллагаа нь өргөн хүрээтэй ойлголт юм. Зөвхөн авлигын гэмт хэрэгтэй тэмцэх, мөрдөх тухай асуудал огт биш. Соён гэгээрүүлэх, авлигатай тэмцэх, улс төрийн хүсэл зориг, манлайлал, төрийн бүх шатны байгууллагуудын үүрэг оролцоо, нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагуудын оролцоо гэхчлэн маш олон зүйлүүдээс хамаарна. Цаашид “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх тодорхой субъектийг төрийн бүх шатны байгууллагад байх ёстой хэмээн бодож байна. Ингэснээр авлигаас урьдчилан сэргийлэх, авлигыг үл тэвчих уур амьсгалыг бий болгох, энэ чиглэлээр соён гэгээрүүлэх ажил нь түлхүү явахад дөхөм болно."
Д.Өнөрболор УИХ-ын гишүүн
"Монгол Улсын хөгжил урагшлах эсэх нь авлигыг цэгцэлж чадах уу эс цэгцэлж чадах уу гэдэгтэй шууд хамааралтай. Асуудал үүсэх төдийд гал унтраах байдлаар аргалсаар авлигын намагтаа шигдсэн хэвээр байна. Эл асуудлыг төрийн байгууллага, албан хаагчдын эрх үүргийн чадамжаас хайх ёстой гэдгийг судалгаанаас харж болно. Тухайлбал 2022 оны хэрэгжилтийн тайлангаас харахад хамгийн шударга, авлигыг илрүүлэх ёстой хяналтын байгууллагууд нь хамгийн шударга бус гэсэн үнэлгээг удаа дараа авсан байна. Тиймээс Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр батлагдсанаар нийгмийн бүх түвшинд энэ асуудал цэгцэрч, соён гэгээрлийн ажил тодорхой хэмжээнд хийгдэх боломжтой боллоо."
О.Цогтгэрэл УИХ-ын гишүүн, АН-ын бүлгийн дарга
“Уг хөтөлбөрийг хэрэгжүүлэх нь зөв. Гэхдээ эцсийн дүндээ бидэнд үр дүн хэрэгтэй. Үүний тулд үндсэн шалтгаан руу, бодит байдал дээрээ ахиц хэрэгтэй. Олон улсын индексээр Монгол Улс сүүлийн 6,7 жилийн хугацаанд авлигын үнэлгээгээр хоёр оронтой тоонд боломжийн орж байсан бол одоо ухарсаар гурван оронтой тоонд орчихсон. Авлига төртэй холбоотой. Төр нь төрийн албан хаагчтай холбоотой. Монголын төр, төрөөр дамждаг мөнгө жилээс жилд өсөж буй. Ингэснээр төсөв нь 40 орчим хувь, төрийн өмчит компаниа оролцуулбал хэд болж байгааг тооцож чадахгүй байдалд хүрээд байна. Төрөөр, төрийн албаар дамждаг мөнгө ихэссэн. Төрийн албан хаагчийн тоо сүүлийн гурван жилд 20, 30 мянгаар нэмэгдчихсэн. Үндсэн шалтгаан төр нь томроод байхад мянга хөтөлбөр батлаад үр дүнд хүрэхгүй. Хэрвээ авлигыг шарилж, өвс гэвэл үндсийг нь устгахгүй, ургасныг нь хайчлаад ямар ч нэмэр байхгүй гэдгийг анхаарах ёстой.”
Бодит тоо гэвэл:
2015 онд Монгол Улс Авлигын төсөөллийн индексээр 100 оноо авахаас 39 оноогоор дэлхийн 168 улсаас 72-т эрэмбэлэгдэж байсан бол 2016 онд Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр батлагдан, хэрэгжсэн 7 жилийн хугацаанд буюу 2022 оны үзүүлэлтээр оноо огцом буурч, төрийн албанд авлига өссөн 10 орны тоонд орж, 100 оноо авахаас 33 оноотой дэлхийн 180 орноос 116-д эрэмбэлэгдсэн байна.
Түүнчлэн улс төрд нөлөө бүхий этгээд, төрийн албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашиглах зохисгүй нөхцөл байдлыг таслан зогсоох, авлигатай тэмцэх тэмцлийг үр дүнтэй хэрэгжүүлэх, улмаар иргэдийн төрд итгэх итгэлийг нэмэгдүүлэхийн тулд урт ба дунд хугацааны зорилтот хөтөлбөрийг бодлого, төлөвлөгөөтэй хэрэгжүүлэх юм.
Хөтөлбөрийг 2023-2030 онд хэрэгжүүлнэ.
- Улс төрийн хүрээнд авлигатай тэмцэх хүсэл зориг, хүчин чармайлт, манлайлал, ил тод байдлыг төгөлдөршүүлэх
- Олон нийтийн итгэлийг хүлээсэн авлигаас ангид нийтийн албыг бэхжүүлэх
- Авлигатай тэмцэх үйл ажилллагаанд иргэд, иргэний нийгмийн байгууллага, хэвлэл мэдээллийн бодит оролцоо, үр дүнтэй хяналтыг бэхжүүлэх
- Хувийн хэвшилд авлигыг үл тэвчих соёлыг төлөвшүүлэх
- Авлигатай тэмцэх чиг үүрэг бүхий байгууллагуудын хараат бус, бие даасан байдлыг хангаж, аливаа нөлөөллийн эрсдэлийг бууруулах
- Төрийн аудит болон Авлигатай тэмцэх газрын хамтын ажиллагааг бэхжүүлэх нь олон улсын сайн туршлага бөгөөд төсвийн хөрөнгийг шамшигдуулах байдлыг таслан зогсооход хувь нэмэртэй байна.
- Авлигын гэмт хэргийн шинжийг хийдэлгүй тодорхойлох, хэрэг хянан шийдвэрлэхтэй холбоотой эрх зүйн орчныг боловсронгуй болгох
- Төсөв, санхүү, аудитын хяналтыг сайжруулан, худалдан авах ажиллагаанд авлигын эрсдлийг бууруулах
- Төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн засаглалыг олон улсын жишигт нийцүүлэн, ил тод, үр ашигтай, хариуцлагатай хяналтын тогтолцоог бүрдүүлэх
- Соён гэгээрүүлэх үйл ажиллагааг олон нийтийн оролцоонд тулгуурлан цогц байдлаар зохион байгуулах
- Гамшгаас хамгаалах, онц байдлын үеийн үйл ажиллагаа болон үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын үйл ажиллагаанд авлигаас урьдчилан сэргийлэх тогтолцоо бүрдүүлэх гэсэн 10 зорилгын хүрээнд төлөвлөгөөтэй хэрэгжих аж.