2016.11.03

О.Баасанхүү: Би 2013 оноос Эрдэнэтийн асуудлаар байр сууриа хүчтэй илэрхийлсэн, миний хажууд Ц.Нямдорж байгаагүй

Өнөөдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж буй хоёр дахь асуудал бол "Авлигатай тэмцэх, хариуцлага, шударга ёсыг бэхжүүлэх Үндэсний хөтөлбөр батлах тухай" УИХ-ын тогтоолын төсөл юм. Уг тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байх үеэр УИХ-ын гишүүн О.Баасанхүү Эрдэнэтийн асуудлыг яаралтай шийдвэрлэхийг эрх баригчдаас шаардаж байлаа. 

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

"Нэгдүгээрт, 20 жил Хууль зүй, дотоод хэргийн сайдаар ажиллаж үзээгүй болохоор Монголд “мафи” тогтолцоо үнэхээр бий болсон, үгүйг сайн мэдэхгүй байна. Эрдэнэт үйлдвэрийн удирдлагууд идэж уудаг, шахааны бизнес дүүрэн байдаг гэсэн мэдээллийн дагуу Улсын Ерөнхий прокурорын газраас лавлагаа авахад энэ асуудлаар нэг ч хэрэг шалгаж байгаагүй гэж байна. Шүүхээр гэм буруутай нь тогтоогдоогүй бол гэмт хэрэгтэн гэж хэлж болохгүй байна.

Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг батлуулахаас өмнө Эрдэнэт үйлдвэрийн асуудлыг өргөн бүрэлдэхүүнээр шалгахыг шаардаж байна. Эрдэнэтийн 51 хувьд шахаа орсон уу гэдгийг тогтоох хэрэгтэй.

Эрдэнэт үйлдвэрийн даргаар ажиллаж байсан 5 дарга байдгийн 4 нь амьд байна. Хэн даргын үед юу болж байсныг тогтоох хэрэгтэй байна.

Хоёрдугаарт, төрийн албаны мэргэшсэн, тогтвортой байдлын тухайд, Барилгын салбарын сайдад нэг эмэгтэй яригдаж байх үеэр АТГ-аас ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзсэн. Эрүүл мэндийн сайдад нэр дэвшсэн хүн ашиг, сонирхлын зөрчилгүй гээд бичиг авсан байдаг. АТГ-аас бичиг авах нь чухал юм уу, эд хөрөнгөө зарсан эх сурвалжийг тогтоох нь чухал юм уу? Би гэхэд машинаа зарах гэхээр зардаггүй. Гэтэл өөр нэг хүн тийм том объектийг сарын дотор зараад АТГ-аас ашиг, сонирхлын зөрчилгүй гээд бичиг авчихдаг.

УИХ-д үнэмлэхүй олонх болсон та бүхэн ганцхан хүн рүү дайрах хэрэггүй. Эрдэнэтийн асуудлаар төсөл хүртэл боловсруулаад өгчихөөд байна. 2013 оноос миний бие Эрдэнэтийн асуудлаар байр сууриа хүчтэй илэрхийлж, тухайн үеийн Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг мэтгэлцээнд хүртэл дуудсан. Тэр үед УИХ-ын гишүүн Ц.Нямдорж миний хажууд байгаагүй. УИХ-ын гишүүн О.Содбилэг, Д.Дамба-Очир нарыг Эрдэнэтийн асуудлаар дуугарч байхыг би лав мэдэхгүй юм. Тиймээс МАН Эрдэнэтийн асуудлыг шийдэж чадахгүй юм бол шийдэж чадах хүмүүс УИХ-д байна шүү дээ.

Өчигдөр Эрдэнэтэд очихдоо хүртэл хэлсэн өмч хөрөнгийг нь битгий алга болгоорой, 300 айлын орон сууцнаас ядаж 100-г нь Эрдэнэтийн иргэд авна, орон нутгийн өмчид шилжүүлээрэй гэж хэлсэн. Би Эрдэнэтийн асуудлыг яаралтай шийдэхийг шаардаж, шахаж байна."