2023.06.28
Т.Энхтүвшин: АТХ-ийн хөрөнгө мөнгө, хүний нөөцийн асуудлыг жил бүрийн төсөвт нь суулгах боломжтой юу?
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.06.28/ нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд Засгийн газраас 2023 оны 06 сарын 16-ны өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн "Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр" батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна.
Хэлэлцсэн асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлэв.
УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин:
Бүх нийтээрээ л авлигатай тэмцэх ёстой. Авлигатай тэмцэх газрын судалгааг харахаар жилийн жилд л улс төрийн болон эрх бүхий албан тушаалтан авлигад оролцсон тоо хэмжээ нэмэгдсэн байдаг. 2021 онд 96,2 тэрбум төгрөгийг нөхөн төлүүлсэн бол, 2022 онд 2,4 их наяд төгрөг төлүүлсэн байна. Тэгэхээр жилээс жилд авлигын хэрэг нэмэгдэж байна хэмээн харж байна.
Бид тунхгийн чанартай маш олон хөтөлбөр гаргаж байсан. "Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр"-ийг баталж байгаа юм чинь хүний нөөцийн асуудал, тэр дундаа төсвийн асуудлыг давхар шийдээд явах хэрэгтэй. Жил бүрийн төсөвт авлигатай тэмцэх ажилд хэчнээн төгрөг хэрэгтэй байгаа юм, түүнийг нь суулгаж өгөх мөн хэдий хэр хүн хүчний нөөц хэрэгтэй байгааг бэлдэж өгдөг байж хөтөлбөр үр дүнтэй хэрэгжинэ.
Сүүлийн жилүүдэд “нууцын гэрээ” нэрийн дор бүхнийг нуудаг болсон. Одоо бол бүхнийг ил болгох хэрэгтэй. Батлан хамгаалахтай холбоотой асуудлыг нууцын зэрэглэлд нь үлдээгээд, бусад нууцын зэрэглэлд байгаа зүйлийг ил болгож гэмээ нь авлигатай тэмцэнэ. "Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр" батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг миний бие дэмжиж байна. Хөрөнгө мөнгө, хүний нөөцтэй холбоотой асуудлыг нь жил жүрийн төсөвт суулгаад явах боломж бий юу?
Түүний асуултад, УИХ-ын гишүүн, ХЗБХ-ны дарга Б.Энхбаяр хариуллаа.