Авлигатай тэмцэх, хариуцлага, шударга ёсыг бэхжүүлэх үндэсний хөтөлбөрийг өргөн барилаа
Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболдод Авлигатай тэмцэх, хариуцлага, шударга ёсыг бэхжүүлэх үндэсний хөтөлбөр батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр өргөн барилаа.
Монгол Улсад авлигын түвшинг бууруулах, төвлөрлийг сааруулах, төрийн үйлчилгээний хүнд суртлыг багасгах, нээлттэй, ил тод байдлыг хангах, хариуцлагыг дээшлүүлэх, шударга ёсны үнэлэмжийг сайжруулах чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний үр дүн гарч байгаа. Гэсэн хэдий ч авлигын асуудлыг улс төржүүлэхийг урьтал болгодог, авлига, албан тушаалын гэмт хэрэг, зөрчлийн тоо буурахгүй, ашиг сонирхлын зөрчил, авлигад өртөх өндөр эрсдэлтэй салбаруудад бодитой өөрчлөлт хийгдэхгүй, төрийн үйлчилгээний хүнд суртал чирэгдэл багасаагүй, хүртээмж муу, төсөв, санхүү, худалдан авах ажиллагааны нээлттэй байдал боломжит түвшинд сайжраагүй, мэдээлэгчийг хамгаалах тогтолцоо хангалттай бүрдээгүй зэргээс үүдэн авлига түгээмэл оршсоор, нийгмийн тулгамдсан асуудал хэвээр байгаа хэмээн үзэж Авлигатай тэмцэх, хариуцлага, шударга ёсыг бэхжүүлэх үндэсний хөтөлбөрийг боловсруулсан байна.
Энэхүү хөтөлбөр батлагдсанаар авлигатай тэмцэх эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох, төрийн үйл ажиллагаанд шударга, зарчимч байдлыг хэвшүүлэх, нийтийн албаны зөв зохистой тогтолцоог өнөөгийн шаардлагад нийцүүлэн бүрдүүлэх, иргэд, олон нийтийн ёс зүй, ухамсар, сэтгэлгээг өөрчилж, зөв хандлагыг бий болгон төлөвшүүлэх, авлигын эрсдлийг бууруулах, эрсдлээс хамгаалах, хариуцлагыг сайжруулах талаарх төрийн бодлогыг тодорхойлж, энэ чиглэлээр хийж буй тэмцлийн үйл ажиллагаа үр дүнд хүрнэ хэмээн үзжээ гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс гаргасан мэдээлэлд дурджээ.