Л.Энх-Амгалан: Гол гол индексүүдээ баримталж авлигатай тэмцэх хэрэгтэй
УИХ-ын өнөөдрийн хуралдаанаар хэлэлцсэн эхний асуудал бол "Авлигатай тэмцэх, хариуцлага, шударга ёсыг бэхжүүлэх үндэсний хөтөтлбөр батлах тухай" УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан авлигатай тэмцэх ажлын үр дүнг гол гол индексүүдээр хэмжих хэрэгтэй гэдгийг онцлон тэмдэглэлээ.
УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан:
"Өмнөх УИХ-д энэ асуудлаар эхний хэлэлцүүлэг хийж байсан. Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр дотор хувийн хэвшил дэх авлига гэсэн том хэсэг орсон. Энэ асуудлыг хэлэлцэх эсэх асуудлаар өөрийн байр суурийг илэрхийлж байсан. Хувийн хэвшил дэх авлига гэж юу хэлээд байгааг ойлгоогүй. Хувийн хэвшлийн компаниуд тайлан гаргах, мониторинг хийх гэсэн заалтууд тусгасан байсан. Үүнийг нилээд боловсронгуй болгох хэрэгтэй гэж ойлгосон. Төрийн авлигатай тэмцэх ёстой болохоос биш хувийн хэвшлүүдтэй тэмцэнэ гэдэг нь логикийн хувьд ч утгагүй ойлголт. Өмнөх туршлагаас харахад, хувийн компанийн захирал хэрэгт холбогдож байсан тохиолдол бий. Хувийн хэвшлийн компаниудад АТГ-ын хууль бус шалгалтууд ордог, шалган мөрддөг тохиолдол гарч байсан.
Авлигатай тэмцэх үндэсний стратегийн үр дүнг хэмжих үзүүлэлтүүд нь тодорхой бус санагдсан. Авлигын индекс жил бүр гардаг. Эдгээр индексийг баримталж ажиллахад тодорхой үр дүнд хүрнэ гэж бодож байна. Тухайлбал, Монгол Улсаас 2014-2016 оны хооронд 1,4 тэрбум ам.долларын хууль бус санхүүгийн урсгал гарсан байна. ДНБ-ий 10 хувьтай тэнцэх хэмжээний мөнгө гэсэн үг. Жилд дунджаар 148 сая ам.долларын хууль бус санхүүгийн урсгал гарч байгаа нь том тоо. Энэ асуудлыг яах вэ?
Хууль ёсыг дээдлэх индекс, мөнгө угаах индекс, шударга байдлын индекс гэх зэргээр гол гол үр дүнг хэмжиж болохуйц индексүүдэд жил бүр үнэлгээ хийж, дараа дараагийн удаа тавих зорилтоо тодорхой болгож, голлон баримтлах нь зүйтэй гэж үзэж байна. Үүнийг Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөртөө багтаасан уу?"
УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд:
"Оруулж ирсэн төслөөс нилээн олон зүйл заалт хасагдсан. Хувийн хэвшлээс заавал тайлан мэдээ авдаг, хувийн хэвшлийн авлигатай холбогдуулан АТГ-ынхан үүрэг хүлээсэн байх гэдгийг өөрчилж, хувийн хэвшлээс авлигатай тэмцэх үйл ажиллагаа явуулах санал санаачилгыг дэмжиж ажиллана гэсэн агуулгатай 5 зүйл орсон. Хувийн хэвшилтэй холбоотой үүрэгжүүлж ажиллах хоёр зүйл бий. Нэгд, шударга бус өрсөлдөөн хоёрт, ашигт малтмалын салбарт үйл ажиллагаа явуулж буй хувийн хэвшилтэй холбоотой асуудал тэр дундаа олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлыг хангах чиглэлээр тодорхой ажлуудыг хөтөлбөрт тусгаж хэрэгжүүлэх ёстой гэдэгт гол анхаарлаа хандуулсан. Ажлын хэсгээс гаргасан саналын дагуу хувийн хэвшил АТГ-д тайлан гаргаж өгөх үүргийг хассан.
Оффшор бүсээс орж, гарч буй хөрөнгө мөнгөний талаар энэхүү баримт бичигт тусгах ёстой гэж бодож байна. Хууль зүйн орчныг сайжруулах, ил тод байдлыг хангах чиглэлд тодорхой хяналт тавина гэж хөтөлбөрт тодорхой заасан.
Авлигатай тэмцэх үйл ажиллагааны хүрээнд гарч буй үр дүнг хэмжихийн тухайд, энэ хөтөлбөр 3, 3 жилээр 2 үе шаттай нийт 6 жил хэрэгжинэ. 6 жилийн дараа хөтөлбөрийн үр дүнг танилцуулна. Хөтөлбөрийн хүрээнд, төрийн байгууллагын гаргаж буй шийдвэр нь олон нийтийн оролцоог хангасан, ил тод, нээлттэй байдаг. ХМХ, ТББ-ууд, олон нийтийн хяналт тавих тогтолцоог бүрдүүлж, энэ нь өөрөө авлигаас урьдчилан сэргийлэх, албан тушаалтнууд эрх хэмжээгээ урвуулан ашиглах, хэтрүүлэхгүй байх боломж нөхцлийг бүрдүүлнэ гэж харж байна."
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр:
"Авлигын эсрэг үйл ажилллагааг тэмцэхийн тухайд, олон улсын шалгуурыг мөрдлөг болно гэж тогтоолын төсөлд тусгасан. Транспэрэнси Интернэшнл, НҮБ-аас авлигын эсрэг үйл ажиллагааг үнэлдэг шалгуур байдаг. Эдгээр шалгуураар хөтөлбөрийн хэрэгжилтийг үнэлнэ. Хөтөлбөр хэрэгжсэнээр Монголын авлигын индекс буурсан байх ёстой. Өнөөдөр Монгол Улсад мөрдөж буй авлигатай тэмцэх хууль тогтоомж, эрх зүйн орчны хүрээнд тодорхой ахиц байгаа боловч тэдгээрийн уялдаа холбоо хангагдсан байх, төрийн байгууллагуудын хамтын ажиллагаа сайжирсан байх зэрэг тодорхой шалгуурыг уг хөтөлбөрт тусгасан.
Энэ хөтөлбөрийн хэрэгжилт нь харьцангуй богино хугацаанд үргэлжилнэ. Үнэлэхүйц, хэмжигдэхүйц байдлаар томъёологдсон. Өмнөх хөтөлбөрөөс ялгаатай нь жил бүр Засгийн газраас уг хөтөлбөрийг хэрэгжүүлэх нарийвчилсан хөтөлбөр, төлөвлөгөөг гаргах юм.
Мөнгө угаахтай холбоотой асуудлаар, Монгол Улс энэ чиглэлийн гэрээ конвенцид нэгдэн орсон, түүнтэй холбоотойгоор хууль эрх зүйн орчноо харьцангуй сайжруулж чадсан. Хуулийг илүү сайжруулах чиглэлд ажиллах зүйл бий."